Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулж, 4 сая гаруй ам.доллароос үнэ хаялцуулахаар болжээ. 1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнө Альберт Эйнштейн өөрийн судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичиж байв. Эрдэмтэд захидалдаа "асар хүчтэй бөмбөг" бүтээх зорилгоор цөмийн судалгааг идэвхтэй явуулж байгаа нацист Германаас өмнө цөмийн бөмбөг бүтээхийн тулд Америкийн ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгт хөрөнгө оруулахыг уриалжээ. Тус захидлыг Сзилард бичиж, харин Эйнштейн тэр үед алдартай, нөлөө бүхий хүн байсан тул гарын үсгээ зуржээ.
Асуудлын ноцтой байдлыг ухаарсан Рузвельт Ураны хороог байгуулж, хожим нь цөмийн физикч Роберт Оппенхаймераар удирдуулсан "Манхэттэн төсөл" хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Зургаан жилийн дараа АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудын дээр хоёр атомын бөмбөг хаяж, зэвсэгт мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигласан анхны бөгөөд цорын ганц орон болсон. Дуудлага худалдаанд санал болгох уг захидал нь Нью-Йоркийн Хайд-Парк дахь Ерөнхийлөгчийн номын сан, музейд хадгалагдаж буй эх захидлынх нь товч хувилбар аж. Энэ хувилбарыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен 2002 онд Малкольм Форбсоос 2.1 сая ам.доллароор худалдаж авч байжээ.
Эх сурвалж: Albert-Einstein-letter