Бүгд Найрамдах Болгар Улс хиймэл оюун ухааны олимпиадыг олон улсад анх удаа зохион байгуулж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдрөөс эхлэн таван өдөр үргэлжлэх тэмцээнд Монголоос гурван сурагч өрсөлдөж буй юм. Тодруулбал, улсын математикийн олимпиадын хүрэл медальт Э.Тэнүүн, мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт Н.Батсүх, хүрэл медальт Т.Энгүүн нар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмонгийн удирдлагад оролцож байгаа.
Хиймэл оюун ухааны чиглэлийн шилдэг сурагчдыг дэлхийн хэмжээнд таниулах, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой уг олимпиадыг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн арга зүйд тулгуурлан явуулах аж. Мөн эрдэм шинжилгээ, практик гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам