Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад өнгөрсөн сарын 27-28- нд Челтенхэмийн урлагийн наадмыг зохион байгуулсан юм. Британийн төдийгүй олон улсын ханын цуглардаг эл наадамд манай улсаас уран бүтээлч У.Бямбажаргал анх удаа оролцов. Олон улсын уран бүтээлчдээс онцгойрч эл наадамд оролцохоор шалгарсан түүнтэй бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Челтенхэм хотод бүтээлээ туурвисанд баяр хүргэе. Та ямар бүтээлээрээ Челтенхэмийн урлагийн наадамд оролцсон бэ?
-Челтенхэм урлагийн наадамд Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин аж ахуй, өв соёл болон Улаанбаатар хотынхоо шинэлэг төрхийг өөрийн зургаар дамжуулан илэрхийлэхийг зорилоо.
-Зургаа бусад уран бүтээлчийнхээс өвөрмөц байлгахын тулд юунд илүү анхаарсан бол?
-Бусад зураачаас ялгарч, өвөрмөц байхын тулд илүү нарийн зураглал ихтэй байхаар төлөвлөсөн. Зургийн гол хэсэгт Монгол Улсын Засгийн газрын ордон, Чингис хааны болон Д.Сүхбаатарын хөшөөг дүрсэлсэн. Түүнчлэн доод хэсэгт нь Монголын нүүдэлчдийн соёлыг тэмээн жин, хурдан морины уралдаан зэргээр илэрхийллээ. Зургийн баруун дээд хэсэгт мөнх цаст сүрлэг уул, модыг зурсан бол зүүн дээд хэсэгт Улаанбаатар хотын маань чимэг өндөр шилэн барилга болон суурин газрыг илэрхийлэн зурсан.
-Уг бүтээлээрээ ямар санааг олон нийтэд хүргэхийг зорив?
-Монголчуудыг одоо хүртэл зөвхөн нүүдлийн соёлоороо амьдарч байгаа гэх ойлголттой хүмүүстэй Англид амьдрах хугацаандаа олон таарсан. Тиймээс уг бүтээлээрээ Монголын өв соёл, үзэсгэлэнт байгалиас гадна хот, суурин соёл иргэншлийг бас харуулахыг зорьсон.
-Таны бүтээлийг олон улсын уран бүтээлчид хэрхэн дүгнэв?
-Бусад улсын уран бүтээлч “Их сонирхолтой, өвөрмөц санагдаж байна” гэж хэлж байлаа. Хажуугаар өнгөрч буй хүмүүс ч сонирхож, зурах явцыг ажиж, “Энэ ямар улс вэ” хэмээн асууж байсан. Мөн Монгол Улсаар аялж энэ бүхнийг нүдээр үзэхийг хүссэнээ илэрхийлж байсан нь талархууштай.
-Энэ удаагийн наадамд хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?
-Энэхүү наадмын шалгаруулалтад 500 гаруй хүн оролцсоноос 170 уран бүтээлч нь Челтенхэмийн гудамж, талбайд зурахаар шалгарсан. Ихэнх уран бүтээлч нар авьяаслаг бөгөөд зарим уран бүтээл үнэхээр гайхширам сайн байлаа.
-Монголд ийм наадам зохион байгуулбал хотын өнгө төрхийг сэргээж, жуулчдын анхаарлыг ч ихэд татах байх.
-Урлагийн наадмын ачаар Челтенхэм хот маш үзэсгэлэнтэй болсон. Зураачдын гайхалтай бүтээлүүд хотын өнцөг булан бүрд бий болон нь нүд хужирлам сайхан. Хэрэв Монголд ийм наадам зохион байгуулбал хотын өнгө төрх сэргэж, жуулчдын анхаарлыг татах нь гарцаагүй.
-Таны бүтээлүүдийг харахад ихэнхдээ Монголынхоо уудам газар нутгийг дүрсэлсэн байдаг шүү дээ. Өв соёлоо дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс эх орноо дүрсэлдэг үү?
-Сингапур болон Англи улсад уран бүтээлээ туурвиж байгаа зураачийн хувьд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархаж, үүнийгээ ч зургаараа дамжуулан илэрхийлэхийг хүсдэг. Бусад улсын уран зураг сонирхогчид Монголын нүүдэлчдийн соёл, тал нутаг зэргийг харах дуртай.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн