МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, дэд профессор, доктор Б.Батдэлгэртэй ярилцлаа. Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорт агуулагдах органик нэгдлүүдийн судалгааг тэрбээр хийсэн юм.
-Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорт агуулагдаж буй органик нэгдлүүдийн судалгааг хэзээ эхлүүлсэн бэ. Судалгааныхаа зорилгыг хэрхэн тодорхойлж байв?
-МУИС-ийн Физик электроникийн сургуулийг хэрэглээний физик-экологи мэргэжлээр 2008 онд төгсөж байлаа. Тэр үед бакалаврын дипломын ажлаа доктор Д.Даваадорж, А.Энхбат зэрэг эрдэмтэн багшаараа удирдуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн хаягдал болох цагаан тоосны тархалтыг судалж байв. МУИС-ийн Газар зүй, геологийн сургуульд “Хүрээлэн буй орчин судлал” хөтөлбөрөөр 2010-2012 онд суралцаж төгссөн. Магистрын ажлаа доктор Ч.Сономдагва багшаараа удирдуулж, Улаанбаатар хотын агаарын чанарын өөрчлөлтийг судалсан. 2019 онд Япон Улсын Каназавагийн их сургуульд докторын зэрэг хамгаалахдаа Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорт агуулагдах олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн судалгааг хийж байлаа. Өнгөрсөн хугацаанд судалгааны арга зүйгээ улам нарийсган хөгжүүлэхэд анхаарсан. Судалгааны гол зорилго нь нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2.5 дахь органик нэгдлүүд болон хүнд металлын агууламж, эх үүсвэрийг тодорхойлж, тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх юм.
-Тоосонцрыг судлахдаа ямар арга ашигласан бэ?
-Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрыг судлах олон арга бий. Миний хувьд Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрыг тусгай багажаар соруулж, шүүлтүүр цаасанд буулган, түүнийгээ Каназавагийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн лабораторид шинжилж, судалсан. Ингэхдээ агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийн түвшнийг тодорхойлохоос гадна түүнд ямар органик нэгдлүүд агуулагдаж байгааг тодруулахыг зорьсон. Улаанбаатарын агаарт агуулагдаж байгаа PМ 2.5, PM 10 тоосонцрыг голлон хэмжиж, судалж байна. Үүнээс ч бага диаметртэй тоосонцор бий. Дэлхийн бусад улс орны судлаачид PM 2.5 тоосонцрыг түлхүү судалж байна. Учир нь тоосонцрын ширхгийн диаметр нарийн байх тусам хамрын салст гэх мэт амьсгалын эрхтнүүдэд шүүгдэхгүйгээр цааш нэвтэрч хүний биед “нэвчдэг”. Улмаар уушгинд хүрч, тодорхой хугацаанд хуримтлагдаад хавдрын болон хавдрын бус өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Нарийн ширхэгт тоосонцрыг хүмүүс тоос гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь дотроо маш олон төрлийн органик, органик бус нэгдлийг агуулдаг. Манай судалгааны багийнхан нарийн ширхэгт тоосонцор болон түүнд агуулагдаж байгаа органик нэгдлүүдийн судалгааныхаа үр дүнгээр олон улсын өндөр зэрэглэл бүхий шинжлэх ухааны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж байгаа.
-Улаанбаатарт тоос, тоосонцор их гэж ярьдаг ч түүний агууламжийг нарийвчлан судалсан нь тун ховор юм билээ. Таны судалгаа магадгүй анхдагч байх. Судалгааныхаа шинжлэх ухааны ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?
-Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг бусад улс оронд аль эрт судлаад эхэлчихсэн. Манай улсын хувьд агаарын бохирдол нь сүүлийн 10, 20 жилийн өмнөөс үүссэн асуудал учраас харьцангуй сүүлд судалж байна. МУИС-ийн Агаар болон хүрээлэн буй орчны мониторингийн лабораторийн судлаачид нарийн ширхэгт тоосонцорт агуулагдаж буй олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн судалгааг 2016 оноос эхлүүлсэн. Одоогоор Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорт агуулагдах олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн агууламж, эх үүсвэр, шинж чанар, хүний эрүүл мэндэд учруулах эрсдэлийг нарийвчлан тодорхойлоод байна. Агаарын бохирдлыг төрлөөр нь хийн буюу нүүрстөрөгчийн дан, давхар исэл, хүхрийн давхар исэл, аэрозол буюу хөө тортог, тоос, тоосонцор гэж ангилж болно. Миний хувьд судалгааны дээж цуглуулах нөхцөл, ашиглах боломжтой багаж, Монголоос Япон руу зөөвөрлөх зэрэг олон шалтгааны улмаас тоосонцорт агуулагдах олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийг судалсан. ДЭМБ болон олон улсын эрүүл мэндийн бусад байгууллагаас агаар бохирдуулагч нэгдлүүдийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хавдар үүсгэх эрсдэлээр нь эрэмбэлсэн байдаг. Тус эрэмбийн нэгдүгээр бүлэг буюу хавдар үүсгэдэг бохирдуулагчийн ангилалд нарийн ширхэгт тоосонцор, олон цагаригт үнэрт нүүрс устөрөгч ордог. Харин хоёрдугаар бүлэг буюу хавдар үүсгэх магадлалтай бохирдуулагчдын ангилалд олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн бусад нэгдэл багтдаг. Судалгааны маань гол ач холбогдол нь агаар дахь нарийн ширхэгт тоосонцорт агуулагдах олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн 15 нэгдлийг нарийвчлан судалж, шинж чанар, эх үүсвэрийг тодорхойлж, насанд хүрсэн хүн болон хүүхдийн эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж байгааг тооцоолсон явдал юм.
-Улаанбаатар хотын аль хэсгээс дээж цуглуулсан бэ?
-Хэд хэдэн хэсгээс дээж цуглуулсан. Тухайлбал, хотын төв буюу МУИС орчмоос, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дахь Долоон буудал, Сонгинохайрханаас I хороолол, Баянзүрхээс “Да хүрээ”, “Цайз” зах, Хан-Уулаас Зайсан толгой, орон нутгаас Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас дээж авсан юм. Галлагааны болон галлагааны бус үеийг харьцуулах зорилгоор 2017 оны нэг, гурав, есдүгээр сард дээж цуглуулсан.
-Судалгаа хийснээр ямар үр дүн гарсан бол?
-Олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн нийлбэр агууламж дээж цуглуулсан цэгүүдэд гадаад орчинд өвлийн улиралд нэг шоо метрт 131-773, хавар 22.2-530.6, намар 1.4-54.6 нанограмм байсан. Дотоод орчны агаарт дээрх нэгдлүүдийн агууламж гадаад орчныхоос харьцангуй бага байв. Судалгааны цэгүүдийн байршлаар нь авч үзвэл гэр хорооллын бүс хамгийн их, Зайсан орчим хамгийн бага бохирдолтой. Харин Тэрэлжид гадаад орчинд дээрх нэгдлүүд маш бага агууламжтай байв. Гэвч гэрийн дотоод орчны агаарын бохирдол маш их байлаа. Энэ нь монгол гэрт амьдардаг малчин айл мод болон аргал, хөрзөн түлж байгаатай холбоотой юм. Нарийн ширхэгт тоосонцорт агуулагдаж буй органик нэгдлийн эх үүсвэр нь органик гаралтай бүтээгдэхүүний шаталтаас үүсдэг. Жишээлбэл, мод, нүүрс, аргал, хөрзөн, нефтийн бүтээгдэхүүн, бензин зэргийг шатаах, мах шарах, ногоо хуурах явцад ялгардаг. Мод, нүүрс, аргал, хөрзөн шатаж буй үед хоол хийх, цай чанах зэргээр зуухны тагийг нээж, тогоо тавих, гал нэмж өрдөх явцад монгол гэрийн дотоод орчинд дээрх нэгдлүүд өндөр агууламжтайгаар тархдаг. Олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийг молекул жингээр нь бага, дунд, их гэж ангилдаг. Хүнд молекул жинтэй, 5-6 цагаригтай нэгдлүүдийн хавдар үүсгэх эрсдэл өндөр. Судалгааныхаа үр дүнг галлагааны болон галлагааны бус үед Хятадын Бээжин, Солонгосын Сөүл, Японы Токио болон Каназава хотод хийсэн бусад ижил төстэй судалгааны үр дүнтэй харьцуулж үзсэн. Өвөл буюу галлагааны улиралд Улаанбаатар хотын агаар дахь олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн хамгийн их агууламж Бээжингээс 5.5, Сөүлээс 20, Токиогоос 533 дахин их байсан. Дээрх нэгдлүүд нь бие биетэйгээ болон температур гэх мэт бусад хүчин зүйлтэй ямар хамааралтай байгааг судлахад молекул жин ихтэй буюу олон цагаригтай нэгдлүүдийн агууламж агаарын температуртай маш нягт хамааралтай байсан. Хүйтрэх тусам агаарт агуулагдах хэмжээ нь нэмэгддэг. Харин дулаарахаар агаарт агуулагдах хэмжээ нь буурдаг. Агаар тогтонги байх тусам гадаад орчинд илүү их хэмжээгээр агуулагддаг гэсэн үг. Дараагийн нэг үр дүн нь олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн нэгдлүүдийн эх үүсвэрийг нь тодорхойлсон үзүүлэлт. Өмнө хэлсэнчлэн, бензин, дизель түлш шатаах болон мах, хүнсний ногоо хуурах зэргээс органик нэгдэл үүсдэг. Олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн зарим нэгдлийн хоорондын хамаарал, харьцаагаар эх үүсвэрийг нь тодорхойлж болдог. Дээж авсан цэгүүдэд тулгуурлан дээрх нэгдлүүд гэр хороололд нүүрс шатааснаас үүссэнийг тогтоосон. Тэгвэл МУИС-ийн орчимд бензин шаталтаас үүссэн байна. “Цайз” “Да хүрээ” орчимд нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний шаталтаас холилдмол нэгдлүүд ялгарчээ. I хороолол орчимд нүүрс, бензиний шаталтаас үүссэн байсан.
-Дээрх нэгдлүүд хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хэрхэн тогтоосон бэ?
-15 нэгдлийн найм нь хүний биед гений өөрчлөлт болон хавдрын өвчлөлийн эрсдэл үүсгэх эрсдэлтэй. Судалгаанаас үзэхэд малын хөрзөн түлж байгаа айлын гэрийн дотоод орчин хамгийн их эрсдэлтэй. Мөн гэр хорооллын бүсийн гадаад орчин хүний эрүүл мэндэд хамгийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс малын хөрзөн түлэхээс татгалзах хэрэгтэй, мөн гэр хороололд насаараа амьдарч байгаа хүмүүс хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй гэсэн үг.
-Тэгэхээр дотоод орчин дахь бохирдол нь ч эрсдэл дагуулж байгаа бололтой.
-Дотоод орчин дахь бохирдуулагч нэгдлийн агууламж хэдий бага ч хүний эрүүл мэндэд учруулах эрсдэл нь өндөр. Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн амьсгалын замын хорт хавдраар өвчлөх эрсдэл дулааны улиралд гэр хороололд хотын төвийнхтэй харьцуулахад 1.5 дахин их байсан.
-Судалгаандаа үндэслэн ямар дүгнэлт гаргав?
-Өвөл, хаврын улиралд фенантрен зэрэг өвөрмөц олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн агууламж гэр хороололд их. Харин суурьшлын бүсэд зуны сүүлчээр пирений агууламж давамгайлсан байна. Хотын төвд тээврийн хэрэгслийн утаа ч олон цагаригт үнэрт нүүрс устөрөгчийн гол эх үүсвэр болж байна. Гол үр дүн нь хот, суурингаас алслагдсан хөдөө нутагт амьдарч буй малчин айлын гэрийн дотоод орчны агаарт эрсдэл их байгааг илрүүлсэн нь юм. Энэ нь айлууд чанар муутай нүүрс, хөрзөн түлэх, хоол хийх уламжлалт ёс заншилтай нь хамааралтай. Уг судалгаа нь өвлийн улиралд агаарын бохирдолд удаан хугацаагаар өртөх нь хорт хавдраар өвчлөх эрсдэл эрс нэмэгддэгийг харуулсан. Улаанбаатар хотын болон хөдөөний малчин өрхийн түлшний чанарыг нэн яаралтай сайжруулах шаардлагатайг ч харуулж байна.
-Агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Айлуудын түлшний чанарыг сайжруулахад бидний хийж чадах зүйл юу байж болох вэ?
-Гадаад орчны агаарын бохирдолд нүүрсийг л буруутгаад байдаг. Гэтэл хувь хүний зүгээс хийж чадах энгийн зүйл олон бий. Агаарын бохирдлыг даван туулсан өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас үлгэрлэл авах нь зүйтэй. Тухайлбал, дотоод орчны агаар дахь бохирдуулагчдын агууламж гадаад орчныхоос бага хэдий ч хор хөнөөл нь өндөр. Тиймээс юуны түрүүнд хоол хийхдээ мах, ногоо шарахаа болих хэрэгтэй гэж зөвлөе. Ургамлын тосыг халааж, ногоо шарах явцад үүсэж байгаа бохирдол хавдраар өвчлөхөд хүргэдэг олон цагаригт үнэрт нүүрс устөрөгч юм. Мах шарахад, нүүрс болон мод шатаах, аргал уугиулахад гоё үнэр гардаг даа. Гэсэн ч тэрхүү үнэр нь таалаад байх зүйл биш. Хоёрдугаарт, айл бүр хиншүү сорогч гэртээ байрлуулж ашиглах хэрэгтэй. Монголчууд сүүлийн жилүүдэд л хиншүү сорогчийг ашиглаж сурч байгаа. Ингэхдээ чанартайг нь л ашиглах нь чухал. Гуравдугаарт, гэрийнхээ агаар сэлгэлтийг гадаад орчны бохирдол, утаажилт, тоосжилттой уялдуулж хийх хэрэгтэй. Agaar.mn цахим хуудсан дахь мэдээллийг алхам тутамдаа ашиглах нь чухал. Цонх байнга онгорхой, эсвэл хаалттай байх нь утааны улиралд тохиромжгүй. Цонхондоо тоосонцроос хамгаалах тор суурилуул. Гэхдээ ялаа, шумуул оруулахгүй гэсэн зорилгоор бус, тоосонцор шүүдэг нарийн ширхэгтэй тор ашигла. Дараагийн арга нь агаарын бохирдолтой хотод амьдарч байгаа учраас гэрээс гарахдаа амны хаалт байнга зүүх хэрэгтэй. Төр засгаас гуйх биш, хувь хүн бүр эдгээрийг дадал болгоод хэвшүүлчих хэрэгтэй. Гадаадын орнуудад хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйн тулд түлш орлуулах цөөнгүй технологи нэвтрүүлжээ. Жишээ нь, Япон Улс агаарын бохирдолтой тэмцэхээр 2006 оноос нүүрс шатаахыг хориглосон. Үүний оронд халдаг гудас, бүтээлэг гэх мэтийн янз бүрийн л технологи бүтээжээ. Хуулиараа хориглохоор дасан зохицож амьдрахын тулд хүн бүр шинэ санаа, шийдэл бодож олдог. Иймд төр засгийн зүгээс тодорхой хязгаарлалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд хийх хэрэгтэй. Шинэ технологи нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж, түүнийг ашиглаж буй иргэдийг дэмжиж урамшуулдаг системүүдийг цогцоор нь шийдэх боломжтой.
А.Тэмүүлэн