Хүүхэд хамгааллын тухай хуулиар хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар болсон билээ. Шинээр ажиллах нийгмийн ажилтныг чиглүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтыг өчигдөр эхлүүллээ. Сургалтад сум, хороонд ажиллах 833 мэргэжилтэн хамрагдсан байна. Нийгмийн ажилтан бэлтгэдэг, магадлан итгэмжлэгдсэн 13 их, дээд сургуулийн багш, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан харьяа газар, хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтэн зэрэг 40 орчим хүн оролцож, туршлагаа хуваалцжээ. Гурван өдөр үргэлжлэх уг сургалтаар нийгмийн ажлын удиртгал, гэр бүлтэй ажиллах арга зүй, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих урьдчилан сэргийлэх үйлчилгээ, кэйс менежмент, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага гэсэн таван багц хичээлийг заавал үзэж судлах юм байна.
Энэ долоо хоногт нийгмийн ажилтнуудыг ажилд нь томилох бөгөөд албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, 21 аймаг, есөн дүүргийн харьяа газар, хэлтэст хүргүүлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард сум, хороонд нийгмийн ажилтнаар орох хүсэлтээ илэрхийлэн 1291 хүн бүртгүүлсэн байна. Тэдний 1021 нь бакалавр, 101 нь магистр, хоёр нь докторын зэрэгтэй аж. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай нь 46.8 хувийг эзэлж буй гэнэ. Тэдгээр иргэнээс шалгуурт нийцсэн 833 хүнийг сонгосон юм байна.
Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтыг бүсчлэн зохион байгуулах гэнэ. Тухайлбал Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймагт энэ сарын 3-5-нд сумын, Улаанбаатар хотод 15-21-нд хорооны нийгмийн ажилтныг чиглүүлэх сургалт болох аж.
Ч.Туяа