Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж, ХӨСҮТ-ийн хяналтад, хэвтүүлэн эмчилж буй талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсныг ЭМЯ, ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээллээ. Тухайн хүүхэд тус дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд ойрын хавьтлуудыг нь тусгаарлалтаас гаргасан байна. Харин Баянгол дүүргээс өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн хүүхэд арванхоёрдугаар сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй бөгөөд шинжилгээг нь хийсээр байгаа гэнэ. Онош баталгаажуулах шинжилгээг хийхэд 48-56 цаг зарцуулдаг. Хэрэв хариу нь эерэг гарвал тухайн аппарат богино хугацаанд автоматаар дохио өгдөг тул олон цагаар шинжлэх тусам аюул багатай гэж үздэг байна. ХӨСҮТ-д хүргэгдсэн дээрх хоёр хүүхдийн биеийн байдал тогтвортой, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийлгэж байгааг албаныхан хэлсэн. Халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Ташрамд дурдахад, менингит нь ихэвчлэн дуслын замаар халдварладаг учраас тухайн өвчтөнтэй хамгийн ойр харилцдаг гэр бүлийнхэн, ангийнхан, хамт олон нь халдвар авах эрсдэл илүү өндөр. Ханиад, томуу шиг хурдацтай тархдаггүй, өвчтөнтэй нэг гэрт амьдардаггүй, нэг ангид суралцдаггүй бол эрсдэл бага гэдгийг эмч нар хэлсэн. Менингококкийн нян нь 30-35 хэмд үрждэг тул ам, хоолойн орчныг байнга өөрчилж, саримс, нимбэг, давсны уусмалаар зайлан, халуун, бүлээн шингэн тогтмол уухыг иргэдэд зөвлөв.
О.Оргилох