ЭМЯ дэргэдээ Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төв байгуулжээ. Улсын хэмжээнд халдварт болон халдварт бус өвчний чиглэлээр олон эх үүсвэрээс тандалт хийх, нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг өргөн хүрээнд хурдан шуурхай илрүүлж, шийдвэр гаргагчид, оролцогч талуудыг нэг урсгалаар мэдээллээр хангах, хариу арга хэмжээг төлөвлөн, удирдахад энэхүү төвийнхөн голлох үүрэг гүйцэтгэх гэнэ. Салбарын яам, ДЭМБ-тай хамтран тус төвийг байгуулж, шаардлагатай санхүүжилтийг Дэлхийн банкны санаачилгаар нээсэн Цар тахлын сангаас шийдвэрлэсэн байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бэлэн байх, хариу арга хэмжээ авах, салбар хоорондын зохицуулалтыг хангах зэрэг Олон улсын эрүүл мэндийн дүрмээр хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхэд төвийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Ажиллах зарчим нь халдварт өвчин дэгдсэн үед бус, тайван цагт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гарахаас сэргийлэх, мэдээ, мэдээлэл солилцох, тандалт, судалгаа хийх үүрэгтэй байх юм” гэлээ.
М.Гэгээ