Нийслэл, дүүргийн ЗДТГ-ынхан хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, зам чөлөөлснөө “гайхуулан” мэдээлж буй энэ өдрүүдэд ажлын байр, амьжиргааны эх үүсвэрээ алдсан хүмүүс ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлаж байна. ТҮЦ эрхлэгчид хотын удирдлагуудын шийдвэрийг албадлагын шинжтэй, хүний эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэн хүний эрхийн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй тул энэ сарын 1-нээс гадаа нь өлсгөлөн зарласан юм. Өчигдөр тэд зургаа дахь өдрөө үдлээ.
ХЭҮК-ынхон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэл, дүүргийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудтай энэ асуудлаар уулзаж, санал солилцоход “Холбогдох хууль, журмын хүрээнд ажиллаж байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй буюу хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг л буулгаж, заримыг нь үлдээсэн. Ажлын байранд зуучлах, худалдааны төвд лангуу түрээслэх саналуудыг ТҮЦ эрхлэгчдэд тавьсан ч хүлээж аваагүй” гэсэн хариу өгчээ. ХЭҮК-оос худалдаа эрхлэгч иргэн бүртэй зөвшилцөн шийдэх, бусдын эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх, хүний эрхийг хүндэтгэх зөвлөмжийг нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ.