Театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өнгөрсөн долоо хоногт боллоо. 18 дахь удаагийн “Гэгээн муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Т.Халиунсортой ярилцсанаа хүргэе. Тэрбээр эл шагналыг гурав дахь удаагаа хүртсэн, драмын урлагийн тод өнгө билээ.
-“Гэгээн муза” бол драмын урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлч бүрийн мөрөөдлийн шагнал шүү дээ. Харин та үүнийг гурван удаа хүртлээ. Шагнал авах үеийн мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-“Гэгээн муза” яах аргагүй Монголын төдийгүй олон улсын театрын урлагт амьдралаа зориулан хүчин зүтгэж буй хэн бүхний хүсэн хүлээдэг наадам. Уран бүтээлчид өөрсдийн шандсыг сорьж, хаана яваагаа мэдэрч, өрсөлдөгчдөөсөө суралцан, өөрийгөө нээн, олон нийтэд таниулах боломжтойгоороо онцлогтой. Энэхүү наадамд би гурав дахь удаагаа оролцлоо. Хамгийн анх “Гэгээн муза-15” наадамд зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээр оролцож, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Удаах жил нь мөн л зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын “Мангасуудын хаан” жүжгээр оролцож, шилдэг эмэгтэй гол дүрд шалгарсан юм. Харин өнөө жил “Миний найз араатан” жүжгээрээ “Гэгээн муза” хүртлээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж шүү. Оюутан байхдаа оролцож үзэхийг хүсдэг байсан наадмаасаа гурван удаа шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэнэ гэдэг жүжигчин хүний хувьд том амжилт гэж боддог. Үүнийгээ дагаад хариуцлага ч нэмэгдэж байна. Дараа дараагийнхаа уран бүтээлүүдэд зөвхөн хүүхдийн жанраар бус, жүжгийн өөр төрлүүдэд ч өөрийгөө сорих зорилго тавилаа.
-“Миний найз араатан” жүжгийн Зээрэнхүүгийн дүрээр эл шагналыг хүртсэн шүү дээ. Уг жүжгээр дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа тань юу байв?
-Зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын “Миний найз араатан” жүжиг нь байгаль, дэлхий болон хүн хоорондын хүйн холбоог голчлон харуулдаг. Мөн хүмүүсийн төдийлөн мэддэггүй амьтдын ертөнцийг хүүхдүүдэд таниулахыг хичээснээрээ онцлогтой. Амьтад ч гэсэн зүрх сэтгэлтэй, гэр бүлтэй, хүмүүс бидэнтэй л адилхан амьд ертөнц учраас тэднийг хайрлаж байж эх дэлхий оршин тогтнодог гэдэг санааг илэрхийлэхийг зорилоо. Түүнчлэн эл жүжгээр дамжуулан зөвхөн хүүхдүүдэд бус, томчуудад ч амьтай бүхнийг агнах бус, хайрлаж, энэрч байгаарай гэдэг санааг дэвшүүлэн, нөлөөлөхийг хүссэн юм. Тэр хэрээр үзэгчдэд ч үр өгөөжтэй байсан болов уу.
-Энэ дүрд ажиллахад сорилттой, хүндрэлтэй санагдсан зүйлс байсан уу?
-Дорнод аймагт зээр хэмээх амьтан олон байсан ч хүмүүсийн буруутай үйлдлээс болоод ховордож буй амьтдын тоонд багтсан. Тиймээс энэхүү жүжгээр дамжуулан зээрийг агнах бус, хайрлаж хамгаалах хэрэгтэйг олон нийтэд ойлгуулах нь маш чухал байлаа. Уг жүжигт мөрдөгч болох чин хүсэлтэй, аливаад сониучаар ханддаг Зээрэнхүүгийн тухай өгүүлдэг. Тиймээс эл дүрийг бүтээхэд юуны түрүүнд зээр хэмээх амьтныг сайтар судлах шаардлагатай болсон. Зээрийн амьдралын хэвшлийг судалж, холбогдох хүмүүсээс асууж, лавлаж байж энэ дүрийг илүү бодитоор дүрслэн харуулж чадна шүү дээ. Мөн өөрийнхөө хүүг ч сайтар ажигласан. Ер нь хүүгээсээ олон зүйлийг анзаарч, тухайн дүрд шигтгэсэн. Зээр бол маш хурц, огцом хөдөлгөөнтэй үсэрч харайж явдаг амьтан. Тухайн үед би давхар биетэй байсан учраас энэ нь бага зэрэг хүндрэлтэй байлаа. Тиймээс “Гэгээн муза” наадмын шалгаруулалтын үеэр ядарч, туйлдах, гэмтэж бэртэх үе олон гарсан. Гэхдээ надад итгэл хүлээлгэсэн хүмүүсийн урмыг хугалахгүйн тулд өөрийгөө зоригжуулж чадлаараа хичээлээ.
-“Гэгээн муза-18” наадамд танай театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байх аа?
-Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт хөрвөх чадвартай олон уран бүтээлч ажилладаг. Бид “Гэгээн муза-18” хэмээх томоохон наадмын ард гарчихлаа. Үүнд манай театрын бүх уран бүтээлч оролцсон. Ямар нэгэн тоглолт, драмын, хүүхдийн, дуулалт жүжиг, кино, клип байсан ч бид театраараа бүрэн хамрагддаг. Энэ онд Дорнод аймгийн олон сум 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тиймээс бид сумуудын 100 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлаа хангаж байна.
-Танай гэр бүлд багш мэргэжилтэй хүн олон байдаг гэж сонссон. Харин та яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов?
-Аав минь Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд багшилдаг. Ээж минь бага ангийн багш мэргэжилтэй. Өвөө болон эгч ч багш. Тэгэхээр манайд багш мэргэжилтэй хүн олон бий гэсэн үг. Хамгийн анх ээж намайг Хүүхдийн ордны драмын дугуйланд хөтөлж, аваачаад “Миний охин өөрийгөө сориод үз, шинээр нээ” гээд оруулсан. Тэр үеэс л би жүжигчний мэргэжил, мэдрэмжид дурласан байх. Тэгээд л би жүжигчин болно гээд шийдчихсэн юм. Гэвч багш хэмээх мэргэжлээс зугтаж чадаагүй. Дорнод аймгийн “A and O” продакшны драмын дугуйланд дунд анги хариуцсан багшаар өдгөө ажиллаж байна. Жүжигчний мэргэжлийн мөн чанарыг хойч үеийнхэндээ таниулахын тулд өөрийн мэддэг чаддаг бүхнээ сургахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа. Манай драмын дугуйлангийн хүүхдүүд үнэхээр хөөрхөн. Хайрлахгүй байхын аргагүй тийм л хичээнгүй хүүхдүүд. Тэдэнтэйгээ цуг хөгжиж, дурсгалтай, дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, зааж, сургах нь надад үнэхээр сайхан санагддаг юм. Тиймдээ ч энэ мэргэжлээс зугтахыг хүсдэггүй. Цаашдаа ч хүүхдүүдтэйгээ хамтдаа байна. Багш бол жүжигчнээс дутахааргүй сайхан мэргэжил шүү дээ. Мэргэжил бүхэн сайхан гэдэг нь магад энэ юм болов уу.
-Та Улаанбаатарын унаган хүүхэд. Ямар хувь тохиолоор Дорнод аймгийн Хөгжимт драмын театртай амьдралаа холбох болов. Сургуулиа төгсөөд УДЭТ-т ажиллах бодол байгаагүй гэж үү?
-Би Улаанбаатар хотод төрж, өсөн, их сургуулиа ч тэнд дүүргэсэн. Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдгийн адилаар нөхрөө дагаад л энд ирчихсэн юм. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан намайг ирэхэд үнэхээр уриалгахан, хайр дүүрэн өлгийдөн авсанд одоо ч талархдаг. Манай театрынхан үнэхээр гал цогтой, нэгнээ хайрлаж, түшдэг, гэр бүл шиг дотно хүмүүс. Тиймээс Дорнод аймгийн Хөгжимт драмын театртай амьдралаа холбосондоо харамсдаггүй. Ер нь төвийн болон орон нутгийн театрт ажиллах нь ялгаагүй шүү дээ. Үнэхээр жүжигчний мэргэжилд хайртай, мэдрэмжээр нь хөглөгддөг, соёл, урлагийг хөгжүүлж, олон нийтэд түгээхийг хүсдэг л бол хаана ч ажилласан ялгаагүй гэж боддог. Мөн залуучуудад хандаж хэлэхэд, үнэхээр соёл, урлагийг хөгжүүлье гэж бодож буй бол орон нутгийн театрт ч уран бүтээлчдээ дэмждэг удирдлага, гал цогтой баг, хамт олон байдгийг бодолцож үзээрэй. Зөвхөн төвийг бараадаж, тэндээ бөөгнөрөхөөс илүүтэй хийж, бүтээх чин хүсэл, эрмэлзэлтэй бол орон нутгийн театрт ажиллаж үзэх хэрэгтэй. Тэнд таныг хайр дүүрэн өлгийдөн авах, дэмжээд явах хүн олон бий. Бүгд л төвийн театраа бараадаад л тэндээ бөөгнөрөөд байвал орон нутгийг хэн хөгжүүлэх юм бэ. Орон нутгийн соёл, урлагийн боловсролыг хэн түүчээлж, яаж түгээх юм бэ гэдгийг бодох л хэрэгтэй байх. Манай театрт дандаа залуучууд ажилладаг. Нэгнээ маш сайн дэмждэг хамт олон. Тиймээс Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын удирдлагууд, уран бүтээлчид, арын албаныхандаа маш их хайртай. Тэднийг хэзээ ч мартаж, орхиж явж зүрхлэхгүй байх. Урлаг бол нэг хүний бус, хамтын хөдөлмөр шүү дээ. Би энэ хүмүүсийн л ачаар өнөөдрийн энэ цомыг авч, ийм амжилттай явна.
-Орон нутгийн театр үзэгчгүй гэх хүн олон байдаг. Гэхдээ танай театрыг харахад эсрэгээрээ юм шиг санагддаг.
-Орон нутгийн театр үзэгчгүй гэдэг нь маш өрөөсгөл ойлголт. Магадгүй тухайн театрын онцлогоос шалтгаалах байх. Манай театрынхан бол нэг жүжгээс нөгөөд үргэлж ахиц, дэвшил гаргахыг зорин ажилладаг. Тууштай хөдөлмөрлөдөг. Тиймээс Дорнод аймгийнхан ч хэдийн үзээд, үйлчлүүлээд сурчихсан. Бид зөвхөн томчуудад зориулсан тоглолт хийхээс илүүтэй бага насныханд зориулсан бүтээл ч туурвидаг. Хүүхдүүд бол бидний ирээдүй. Тэр ч утгаараа ирээдүйн соёлтой, урлаг ойлгодог үзэгчдийг бэлтгэхийн тулд үргэлж зорьж ажилладаг болохоор манай театр үзэгчдээр тасардаггүй.
-Таны бүтээсэн дүрүүд дундаас өөрт хамгийн ойр, эсвэл хамгийн хол дүр нь юу бол?
-Ажиллахад хамгийн ойр нь “Ярьдаг мод” хүүхдийн жүжгийн Золбоогийн дүр. Тухайн үед миний хүү болон бүтээж буй Золбоогийн дүр хоёулаа дөрвөн настай байсан. Тиймээс дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүй, яриа, хөдөлгөөний онцлогийг дэргэдээсээ харж судлах боломжтой учраас энэ нь надад илүү ойр санагдсан байх. Харин ажиллахад хамгийн хэцүү нь “Лир ван У.Шекспир зохиолоо үнэхээр далд утгатай бичдэг. Салбадай хэмээх дүрийн учир зүйн зангилааг олоход жаахан төвөгтэй байв. Ер нь жүжигчин хүнд ажиллагаа ихээр шаардсан дүр л амттай байдаг. Тасралтгүй судалж, бодно. Үр дүнд нь гол зангилааг нь л олчихвол тэгээд л жаргалтай шүү дээ. Ядарч, зүдэрснээ шууд л мартана. Тэгэхээр намайг хамгийн ихээр шаналгасан дүр л эргээд бодоход үнэхээр амттай, сайхан байдаг юм билээ. Ер нь жүжигчин хүнд дүр болгон л шинэ ертөнц байдаг. Тиймээс тухайн дүрээ бодож, шаналах нь хамгийн амттай, аз жаргалтай үе шүү дээ. Тэр ч утгаараа дүр бүтээхдээ хэзээ ч ялархаж, ядарч, зовлоо гэдэггүй. Энэ л жүжигчний мэргэжлийг сонгосон гол шалтгаан минь юм.
-Танд одоо тэрэнд л тоглох сон гэж хүсдэг дүр бий юү?
-Одоогоор мөрөөддөг дүр алга. Найруулагчийн надад итгээд өгсөн дүр бүхэн чухал. Мөн зохиол маш чухал. Тиймээс тухайн зохиолын эмзэглэл болоод найруулагчийн надад оноосон дүрийг хамгийн сайнаараа гаргах гэж хичээдэг. Би Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва багшийн шавь. Багш бидэнд “Дүр хэзээ ч жижигддэггүй, бас багаддаггүй” гэж хэлдэг байсан. Тиймээс өдийг хүртэл найруулагчийн оноосон дүрийг бага гэж гололгүй, том гэж биеэ тоолгүй өөрийнхөө хэмжээнд чадлаараа судалж, түүний бодолд нийцүүлэхийн тулд хичээнгүйлэн ажилладаг юм. Мөн багш минь “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай” гэж хэлдэг байлаа. Багшийнхаа сургаалын дагуу өөрт ногдсон дүрийг том, жижиг гэж гололгүй, амжилттай ч бай, үгүй ч бай нэгэн хэвийн, өөрөөрөө байхыг эрхэмлэдэг хүмүүсийн нэг дээ.
-Театрынхаа ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?
-Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж буй уран бүтээлчийн хувьд цаашдын ирээдүйг нь гэрэл гэгээтэйгээр төсөөлдөг. Бид өөрсдийн гэсэн зорилготой, эрхэмлэн мөрдөх үнэт зүйлстэй, нэгдэж чадсан хамт олон. Манай театрынхан бол Монголын театрын өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсад таниулахуйц тал бүрийн чадвартай хамт олон гэж боддог. Тиймээс ирээдүйн олон улсад гарсан орон нутгийн театрын манлайлал байхын тулд одоогоос хичээнгүйлэн ажиллаж байна. Ер нь бид нэгдээд хамтдаа зүтгэвэл ямар ч ажлын ард төвөггүй гарч чадна гэж боддог.
У.Цэцэг