Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Тус форум нь Монгол Улсад байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, ёc зүйтэй, хариуцлагатай бизнесийн орчныг төлөвшүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын бодлого, туршлага, шийдлүүдийг хуваалцах чухал талбар болдог.
Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан форумын нээлтэд сайдынхаа илгээлтийг уншиж танилцуулав. Үүнд бизнесийн ёс зүй, комплаенсын тогтолцоо нь зөвхөн ёс зүйн асуудал бус, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн баталгаа болохыг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Засгийн газраас бизнесийн салбарт төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийнхийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг дурдав. Мөн төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг цахимжуулах “E-Business 2.0” платформ хөгжүүлж, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль боловсруулж буйг Л.Балчинлувсан нэмж тодотголоо.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Манайх 2010 оноос хойш бизнесийн хариуцлагатай, шударга орчныг төлөвшүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж ирсэн. Үүний нэг нь 2021 онд байгуулсан Бизнесийн ёс зүйн төв бөгөөд үүгээр дамжуулан комплаенсын соёлыг түгээн дэлгэрүүлж буй. Цаашлаад бизнесийн байгууллагуудын нийгмийн хариуцлага, ёс зүйтэй, тогтвортой үйл ажиллагаа нь санхүүжилт, хөрөнгө оруулалтын чухал шалгуур болж байна. Тиймээс гишүүдийнхээ бизне¬сийн ёс зүйг төлөвшүүлэх, комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд тууштай ажиллана” гэв.
О.Ундрах