Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийв. МАН-ын зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр МУИС-ийг физикч-математикч мэргэжлээр дүүргэсэн, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд инженер-эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан аж. Мөн Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Тиймээс нэр дэвшигчийг оролцогчид дэмжиж байв.
Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдвол арилжааны банкнуудын зээлийн хүүг хэрхэн бууруулах, бодлогын хүүг яаж өөрчлөх, тэтгэврийн зээлийн асуудал зэргээр асуусан. Төв банк өнөөдрийн байдлаар найман их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай яваа аж. Нэр дэвшигч “Бодлогын алдаанаас үүдэлтэй хөөсрөл их байна. Эдийн засгийн бодит өсөлтөөс давсан, тэлсэн төсөв, мөнгөний бодлогыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Гал тавьчхаад араас нь хөөцөлддөг. Тиймээс ч Төв банк нэлээдгүй алдагдал хүлээсэн, чөтгөрийн тойрогт ороод буй. Одоогийн байдлаар бодлогын хүүг өндөрт хадгалах зайлшгүй шаардлага бий. Ингэж байж инфляц, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангана. Гэвч нөгөө талд энэ нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд бодит дарамт учруулж буй. Үүнийг хүчээр бууруулах боломжгүй, ийм алхам эдийн засагт сөрөг эрсдэл дагуулах магадлалтай. Тиймээс богино хугацаанд бодлогын хүүг огцом бууруулах бодит боломж харагдахгүй байна” гэв. Мөн элдэв амлалт өгөхгүй ч тодорхой арга хэмжээг шуурхай авч ажиллана, гол нь үр дүн гартал хагас жил хэрэгтэй гэлээ. Гадаадын банк оруулж ирэх тухайд зорилгыг нь анхаарна, мөн дотоодын арилжааны банкнуудын засаглал, чадавх, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр зэрэг ажиллана гэв. Ер нь асуудал бүрээр авч үзнэ, “косметик засвар” биш, мэс засал хийнэ хэмээсэн юм.
Гишүүн Ө.Шижир нэр дэвшигчид “Монголбанкны гол үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хамгаалах. Гэвч улс төрчдийн нөлөөнөөс болж энэ зорилго хэрэгждэггүй. Төвбанкнаас мөнгөний бодлогоо өргөн барьдаг, улс төрчид миний ч тойрогт санхүүжилт чухал гэсээр төсвийг тэлүүлдэг. Ийм нөхцөлд мөнгөний бодлого эрс өөрчлөгддөг. Тиймээс цаашид бодлогоо хамгаалдаг байгаарай. Төсөв тэлэх юм бол инфляцыг зургаан хувьд барих боломжгүй гэдгийг анхнаас нь ойлгуулж, шууд хэлж байх хэрэгтэй” хэмээн захисан. УИХ улсын төсвийн төсөлд илүү анхаараад хамт өргөн барьдаг мөнгөний бодлогыг тоодоггүй, ач холбогдлыг нь дутуу үнэлдгийг нэр дэвшигч хүлээн зөвшөөрч, чухлыг нь улс төрчдөд, яамдын ажилтнуудад ойлгуулах талаар ажиллана гэлээ.