“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрснээр сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа “Apple”-ээс давлаа. Ийнхүү үнэлгээ өсөхөд тус корпорац хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулсан нь голлон нөлөөлсөн бол “Apple”-ийн хувьцааны ханш эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна.
Тус компанийн зах зээлийн үнэлгээ энэ сарын 7-ны байдлаар ойролцоогоор 3.88 их наяд ам.долларт хүрсэн бол өрсөлдөгч талынх нь 3.84 их наядаар хэмжигдэх болжээ. Өөрөөр хэлбэл, “Google”-ийн үнэт цаасны ханш ганцхан өдрийн дотор хоёр хувиар өссөн бол “Apple”-ийнх сүүлийн тав хоногт дөрвөн хувиар буурсан аж. Шинжээчид энэ өөрчлөлтийг “Google” хиймэл оюун ухааны салбарт эрчимтэй хөрөнгө оруулж буйтай холбон тайлбарласан бол “Apple”-ийг эл өрсөлдөөнд хоцорч буйг онцолжээ.
“Google” өнгөрсөн онд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн амжилттай компаниудын нэг болсон байна. Тухайлбал, “Gemi-ni 3” хэмээх хиймэл оюуны шинэ загвараа гаргасан юм.
Үүлэн технологийн бизнес гэдэг нь компаниуд өөрийн гэсэн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахын оронд интернэтээр дамжуулан сервер, программ хангамж, өгөгдөл хадгалах нөөцийг ашиглахыг хэлнэ. Энэ нь компаниудад уян хатан ажиллах, зөвхөн ашигласан нөөцдөө төлбөр төлөх, хэрэгцээндээ тохируулан тэлэх боломж олгодгоороо онцлогтой. Тэгвэл “Google” компани 2025 оны эхний есөн сард л гэхэд үүлэн тооцооллын чиглэлээр нэг тэрбум гаруй ам.долларын гэрээ байгуулсан нь өмнөх хоёр жилийн нийлбэр дүнгээс давсан үзүүлэлт болжээ.
Харин “Apple” компани 2022 оны сүүлчээр ChatGPT гарснаас хойш өрнөсөн AI-ийн өрсөлдөөнд төдийлөн идэвхтэй оролцохгүй хэвээр байна. Тухайлбал, тус корпорац хиймэл оюунд суурилсан “Siri” туслахын шинэ хувилбарыг 2025 онд танилцуулахаар төлөвлөсөн ч хугацааг нь нэг жилээр хойшлуулсан юм.
Э.СОНДОР