Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн гараа “Автохим мастер кросс”-оос шинэ аварга тодров. Долоо дахь удаагийн уралдаанд 66 тамирчин хурд сорьсноос Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Лидер” клубийн тамирчин, 93 дугаартай З.Анхбат түрүүлж, “Аваргууд”-аас найм дугаартай Г.Сүхболд мөнгө, Баянхонгор аймгийн “Повер”-ынхноос 65 дугаартай Б.Түвшинтөр хүрэл медаль хүртлээ. З.Анхбат өмнө нь “Мастер кросс”-оос тус бүр дөрвөн мөнгө, хүрэл медаль гардаж, мөн дөрвөн удаа IV, нэг удаа V байрт шалгарсан амжилттай. Тэрбээр цээжний таван байрт уралддаг аваргуудыг нэхэж, ардаа орхин кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарсан юм. Түүнтэй өрсөлдсөн оролцогчдоос 135 дугаартай Ж.Болдбаяр (“Повер”) дөрөв, 39 дугаартай Я.Наранхүү (“Зэв” клуб) тавдугаар байр эзэлжээ.Тэгвэл 40 дугаартай Ц.Батбаатарын нэрэмжит шилдэг залуу тамирчны шагналыг “Батжин транс”-ын дөрөв дугаартай Б.Уламбат хүртэж, шилдэг механикаар “Лидер”-ийн Х.Бат-Эрдэнэ шалгарсан байна.