Итали улсад энэ сарын 4-22 хүртэл зохион байгуулах “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадмыг сурвалжлах хэвлэлийн мэдээллийн багийг МҮОХ-оос ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Тус хорооноос сонгон шалгаруулалт зарлахад “Өнөөдөр” сонин, гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага, News.mn сайтын спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Champmedia”-ийн Д.Нямбилэг нар шалгарч, мөн NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар, зураглаач Н.Амарчулууны хамт явах юм. Цагаан олимпын наадмын тэмцээн, уралдааныг халуун цэгээс нь дамжуулан, үзэгчдэд шуурхай хүргэх энэ чухал ажлыг АПУ ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Макс” групп, “Гор газ” ХХК, “Эвсэг” кашмерын хамт олон дэмжиж байгаа билээ.