Хар тамхины аюул Монгол оронд түгшүүр төрүүлж, хүүхэд, залуус донтох нь жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг статистик тоо баримт ч батална. Тухайлбал, 2014 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 62 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэж байж. Тэгвэл түүнээс хойш жил бүр өссөөр 2023 онд 238, 2024 оны байдлаар 254 болж нэмэгдсэн аж. Зөрчлийн тухай хуулийн дагуу 2024 онд 265 зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 34.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Үүнээс үзэхэд, мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчил жил бүр өсөж, аюулын харанга дэлдсээр байгаа юм. Энэ төрлийн хэрэгт 13 настай охиноос авхуулаад 30-40 насныхан түлхүү холбогдсон байдаг. Тодруулбал, 2025 оны эхний хагас жилийн байдлаар мансууруулах бодистой холбоотой 112 хэрэг бүртгэгдэж, 97 иргэнийг яллагдагчаар татан шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуучууд эзэлж буй нь эрхгүй анхаарал татна.
2010 оноос өмнөх хугацаанд манайхан ихэвч лэн олсны төрлийн ургамал хэрэглэн мансуурдаг байсан бол үүнээс хойш гадаадаас оруулж ирдэг элдэв нэр төрлийн сэтгэцэд нөлөөт бодис, эмэнд донтох болсон. Энэ бүхнээс үүдээд НҮБын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргадаг тайланд Монгол Улсыг 2010 оноос өмнө “дамжин өнгөрүүлэгч” гэж дүгнэж байсан бол 2014 оноос “хэрэглэгч” гэж бүртгэж эхэлсэн юм. Тэгвэл сүүлийн жилүү дийн нөхцөл байдлаас дүгнэхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргыг сураад, дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч статус руу шилжих эрсдэл нүүрлээд байна. Ийм байхад манай улсад өнөөдөр мөрдөж буй эрх зүйн ор чин цаг үеэсээ хоцрогдчихсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ 2002 оны арваннэгдүгээр сарын 28-нд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилт тун хангалтгүй, хоцрогдсон гэж болно. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн зун ажлын хэсэг байгуулан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй. Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам цахим хуудсандаа байршуулан олон нийтийн саналыг авах ажил зохион байгуулж эхэлжээ.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВАН АШИГЛАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БИЙ ЮҮ
Төслийг боловсруулахдаа өдгөө мөрдөж буй хуулийн зохицуулалт цаг үеэсээ хоцорсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой бүх үйлдэл, эс үйлдэхүйг хамарч хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа гэж дүгнэн, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд шинэчлэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж буй юм.
Өдгөө мөрдөж буй хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор хуульчилсан байдаг. Тэгвэл шинээр боловсруулсан төсөлд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис (цаашид “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” гэх)” гэж тус бодисыг хэрэглэснээр хүний төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, эсхүл дарангуйлах нөлөө үзүүлж, хөдөлгөөн, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, тухайн бодисоос хамааралт байдал үүсгэх үйлчилгээтэй, хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу Монгол Улсад төрийн хяналтад байлгах нийлэгжүүлсэн болон байгалийн гаралтай бодис, эдгээрийг агуулсан эм, эмийн түүхий эд, бүх төрлийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйл, материал, ургамлыг ойлгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, илүү өргөн хүрээг хамруулсан гэсэн үг. Үүнээс гадна “мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал”, “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис”, “мансууруулах, сэтгэцэд нөлөөт шинэ төрлийн бодис” гэж нарийвчлан зааж өгч буй нь олсны төрлийн ургамлыг буруугаар тайлбарлаж, сурталчилдаг инфлүүнсэр нэртэй хууль зөрчигчдийн үйлдлийг таслан зогсооход ч үр дүнтэй байх биз ээ.
Шинээр боловсруулсан төслийн 12 дугаар зүйлд Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлагыг тусгахдаа 12.1т нь “Энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид “зөвшөөрөл” гэх)ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд олгоно” гэжээ. Тэгвэл Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох бусад хуульд зааснаас гадна “согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний хамааралтай ажилтангүй байх”, уг бодис алдагдах, халдлага, хулгайгаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байх, энэ төрлийн хэрэг, зөрчилд хариуцлага хүлээж байсан хүнээр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох заалт тусгасан аж.
Энэ төсөлд эрсдэлтэй гэмээр заалт ч бий. Тодруулбал, төслийн 11.1.7-д “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар түүх” зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр тусгажээ. Одоо хүчин төгөлдөр үйл чилж буй хуулийн 8.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, судалгаа шинжилгээний зорилгоор бэлтгэж болох заалттай. Гэтэл эм чилгээний зорилго нэрээр залууст сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл худалдан борлуулдаг эмч нар гарч ирж, зарим нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж байгаа.
Түүгээр ч зогсохгүй мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал түүж бэлтгэн боловсруулж, гаргасан “бараа”-гаа борлуулах гэж явсан хүнд холбогдох хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй. Тусгай зөвшөөрөл, жор гэгчийг хууль бусаар энэ мэтээр буруугаар ашиглаж болох эрсдэл бийг хууль тогтоогчид эрх биш анхаарах биз ээ.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЧАНГАТГАХААР ТӨСӨЛД ТУСГАВ
Энэ хуулийг дагалдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж буй юм билээ. Тэдний дунд нэн тэргүүнд Эрүүгийн хуульд олон нэмэлт заалт оруулах юм. Тухайлбал, эл хуульд 16.12 дугаар зүйл буюу “Хүүхдийг мансуурах байдалд татан оруулах” гэсэн хамгийн багадаа хоёр, түүнээс дээш 20 хүртэлх жилийн хорих ялтай зүйл заалт оруулахаар тусгажээ. Мөн Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, худалдах, түгээх, экспортлох, импортлох зорилгоор захиалсан, олж авсан, худалдан авсан, дамжуулсан, зуучилсан, уг бодисыг хууль бусаар эргэлтэд оруулахад туслах, эргэлтэд оруулах болон хэрэглэхэд орон байр, тээврийн хэрэгслээр хангасан бол эрүүгийн хариуцлага хү лээлгэх нь. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх үйл чилгээтэй ургамлыг тарималжуулах, хууль бусаар түүсэн бол 1-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх төсөл боловсруулаад байна. Уг нь өдгөө мөрдөж буй Эрүүгийн хуулийн 20.10-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан бол” хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Үүний дагуу Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дорнодшим агро” ХХК-ийнхан улаан буудай, рапс, ногоон тэжээл, овьёос зэргийг тариалсан талбайнхаа нэг хэсэгт мансууруулах үйлчилгээтэй ургамал суулган тариалсныг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй. Эрүүгийн хуулийн 20.27-д оруулахаар бэлтгэж буй “Ман сууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг тарималжуулах, түүх” гэсэн заалт нь илүү нарийвчилсан гэж хэлж болохоор аж.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн 29.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага Монгол Улсын эмийн бүртгэлд орсон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмнэлгийн нөхцөлд, хөнгөвчлөх эмчилгээнд, эсхүл яаралтай тусламж, үйлчилгээнд эмчийн бичсэн эмчилгээний заалтын дагуу өвчтөнд хэрэглэх бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчийн олгосон жорын дагуу эмчилгээнд олгож үйлчилнэ” гэж тусгасан бол удаах заалтдаа “Энэ хуулийн 29.1-д зааснаас бусад тохиолдолд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмээр үйлчлэхийг хориглоно” гэжээ. Эдгээр заалтыг сайтар хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Учир нь ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа нь эрх мэдлээ ашиглан мансууруулах, сэтгэцэд нөлөөт тарилгын шингэнийг их хэмжээгээр өөртөө авч ашигласан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ч шүүх хэргийг нь хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихаад буй. Өөрөөр хэлбэл, жоргүйгээр авчихсан гэдэг. Ийм тохиолдол гарсан учраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 20.25 дугаар зүйлд “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бүрэн эрх, чиг үүрэг, ажил үүрэг, албаны байдлыг урвуулан ашиглаж завшсан бол” гэсэн заалт оруулж буй бололтой.
Ганц Эрүүгийн хуулиар тогтохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн, Зөрчил шалгах шийдвэрлэх, Гэрч, хохирогчийг хамгаалах, Зөвшөөрлийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн, Мал, амьтны нэмэлт тэжээлийн, Зар сурталчилгааны тухай зэрэг цөөнгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулсан байна.