Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцэж буй юм. Дугаар шилжих мөчид хэргийн оролцогчид давж заалдах гомдлоо танилцуулж дуусаагүй байсан агаад өнөөдөр үргэлжилж болзошгүй талаар мэдээлсэн юм.
Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны есдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ 42 шүүгдэгчээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгасан. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, шүүгдэгч Н.Батбаяр, Т.Мөнхтулга болон “Ганхүдэр орд” ХХК-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Тус банканд болон ТУЗ-д ажиллаж байсан Б.Даажамба, Б.Баярмагнай, Ц.Билгүүн, Н.Сүхболд нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 7-11.5 сая төгрөгөөр торгох ял оноосон. “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, “Мондулаан трейд” ХХК-ийн Ш.Бүтэд, “Газимпорт” ХХКийн П.Мягмардорж, “Сэлэнгийн герефорд”-ын Г.Батдорж, “Алтай групп”-ийн Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, Б.Батбаатар, Ч.Өлзий нарын төрийн албанд ажиллах эрхийг 2-3 жил хасан, нэг жил зургаан сараас хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэсэн юм. НВЦ ХХК-ийн Ц.Баатарбилэгийн зорчих эрхийг дөрвөн жил хасахаар болсон. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж буй Г.Байгалмаад 10 сая төгрөгөөр торгох, зургаан сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оноосон. “Бэрэн групп” ХХК-ийн Б.Мөнхтөрд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, таван жил хорих ял шийтгэлээ. Мөн НВЦ ХХК-ийг 250 сая, “Инжир”-т 245 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1-2 жилээр хассан юм. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх хүмүүс болон хохирогч Хөгжлийн банкныхан шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэлэлцэж байна.