Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг Монгол Улсад 16 дахь жилдээ зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид чуулж, экосистемийн доройтол болон түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддоржийн танилцуулснаар сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн зэрлэг амьтны тоо толгой дунджаар 73 хувиар буурсан нь байгаль орчны доройтлын ноцтой дохио аж. Үүнд цэнгэг усны экосистем хамгийн ихээр өртөж, 85 хувиар буурсан гэнэ. Харин хуурай газрынх 69, далай орчмынх 56 хувиар буурчээ. Үндсэндээ хүн төрөлхтөн байгалийн нөөцийг нөхөн сэргэх чадвараас нь даруй 30 хувиар давуулан ашиглаж байгаа бөгөөд энэ байдлаар цааш үргэлжилбэл 2035 он гэхэд бидэнд хоёр дахь дэлхий шаардлагатай болох эрсдэлтэй аж. Тиймээс WWF-гаас 2030 он гэхэд 12.5 сая га талбайн биологийн олон янз байдлыг нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлээр 36 мянга гаруй хүний амьжиргааг дэмжиж, 99.3 сая га нутагт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөг бууруулах “3М” зарчмыг дэвшүүлж буй гэнэ.

Байгаль орчны энэхүү доройтол зэрлэг амьтны газар зүйн тархалтад ч ихээхэн нөлөөлж буйг МУИСийн Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайхан энэ үеэр онцлов. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн амьтад дасан зохицохоос илүүтэй оршин тогтнохын төлөө тэмцэж, амьдрах орчноо даган өндөршил болон байршлаа солих хандлагатай болжээ. Тухайлбал, устаж болзошгүй ангилалд багтсан ирвэс, хүдэр, булга, цаа бугын нутаг дэвсгэр хумигдаж, идэш тэжээл хомсдон, хууль бус агнуур болон уул уурхайн нөлөөгөөр ихээхэн эрсдэлд орсон байна. Тархац нутаг ийнхүү өөрчлөгдөх нь халдварт өвчний шинэ голомт үүсгэх, экосистемийн тэнцвэр алдагдах зэрэг шууд болон шууд бус олон сөрөг үр дагавартай аж. Тиймээс цаашид хамгаалалтын бүс нутгийн сүлжээг харилцан уялдаатай хөгжүүлэх, уур амьсгалд дасан зохицсон менежментийг нэвтрүүлж байгаль хамгааллыг хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгох шаардлагатай гэнэ.

Э.Сүйлэн