Ус бол говь нутгийн экосистемийн хамгийн үнэ цэнтэй нөөц билээ. Тиймээс ч Өмнийн говьд хэрэгжүүлж буй “Оюу толгой” үйлдвэрийн усны хэрэглээ, менежментийн асуудал үргэлж олны анхааралд байдаг гэхэд хилсдэхгүй. Иймд тус үйлдвэр усны нөөцийг хэрхэн хамгаалж, цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа талаар сурвалжилснаа хүргэе.
“Оюу толгой” компани үйлдвэрлэлийн хэрэгцээндээ малчдын ашигладаг булаг шанд, гүехэн худгийн усыг бус, харин уурхайн цогцолбороос 35-80 км зайд, газрын гадаргаас 150-400 метрийн гүнд орших Гүний хоолойн ордоос ус татдаг юм байна. Энэхүү уст давхарга нь малчид болон зэрлэг амьтдын ундаалдаг эх үүсвэрээс бүрэн тусгаарлагдсан тогтоцтой болохыг дотоод, гадаадын судалгаагаар хэдийн тогтоожээ. Уурхайнхан ч “Олон жилийн хайгуул, нарийвчилсан судалгааны үр дүнд сонгогдсон, малчдын ундны усныхаас тусдаа эх үүсвэр бүхий орд” гэдгийг тодотгосон юм.
Тус компанийн Хүрээлэн буй орчны багийн ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар “Бид 2003-2004 онд уурхайн орчимд 100 км-ийн радиуст хайгуул хийж, усны гурван томоохон орд илрүүлсэн. Үүнээс нөөц арвин, байгаль орчинд үзүүлэх нөлөө хамгийн бага, мөн уурхайн байршилд ойр гэдгээр нь Гүний хоолойн ордыг сонгосон юм. Ийм төрлийн ордыг ашиглах явцад ч судалгаа, мониторинг тасралтгүй хийдэг.
2015 онд батлагдсан ашиглалтын нөөц нь секундэд 918 литр боловч өнөөдөр бид үүний ердөө 50 орчим хувь буюу 500 литр ус л ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, батлагдсан нөөцийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зарчмыг хатуу баримталдаг гэсэн үг. Нийт ашиглаж буй усны 90 гаруй хувийг баяжуулах үйлдвэр хэрэглэдэг бөгөөд үүнийг худгийн тоолуур, усны түвшний байнгын хяналтын системээр нарийн хянаж байдаг” гэсэн юм.
ИЖИЛ ТӨРЛИЙН УУРХАЙНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД 3-4 ДАХИН БАГА УС ХЭРЭГЛЭДЭГ

“Оюу толгой” компани усны нөөцийг хэмнэх, дахин ашиглах тогтвортой бодлого баримталж, сүүлийн 10 гаруй жилийн турш ус дахин ашиглалтын түвшнийг 80-аас дээш хувьд хадгалж иржээ. Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар энэ үзүүлэлт 86.7 хувьд хүрсэн байна. Ингэхдээ баяжуулах үйлдвэр, хөргөлтийн систем болон ахуйн шүүрлийн усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглаж байгаа нь дэлхийн уул уурхайн салбарын дунджаас өндөр үзүүлэлт гэнэ. Мөн нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулах нөхөн сэлбэлтийн усны хэмжээ 0.4 шоо метр байгаа нь олон улсын дунджаас гурав дахин бага үзүүлэлт аж.
Ташрамд, 2025 онд тус үйлдвэрлэлд нийт 121 сая шоо метр ус эргэлдсэнээс 14 сая шоо метрийг нь газрын доорх эх үүсвэрээс шинээр нөхөн сэлбэж, үлдсэн 107 сая шоо метр усыг дотооддоо дахин ашиглажээ. “Оюутолгой”-д ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад 3-4 дахин бага ус ашигладаг гэнэ. Тэд ус дахин ашиглалтыг 90 хувьд хүргэх зорилт тавьж, технологийн болон менежментийн нэмэлт шийдлүүдийг эрэлхийлж байна.
Тус компани 2011 оноос эхлэн Засгийн газрын зөвшөөрлийн дагуу газрын доорх усыг ашиглаж эхэлсэн бөгөөд өдгөө Усны нөөцийн зөвлөлөөс 2015 онд олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй аж. Өнөөдрийн байдлаар эл компани зөвшөөрөгдсөн дээд хэмжээний 56.5 хувийг ашиглаж байгаа нь байгалийн нөөцийг зохистой бөгөөд хэмнэлттэй зарцуулж буйн илэрхийлэл юм.
Ус ашиглалтаас гадна орчны хяналт, мониторингийг тэнд тогтмолжуулжээ. Тухайлбал, малчдын гар худгийн түвшнийг хянах, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг ажиглах, Ундайн голын экосистемийн судалгаа зэрэг байгаль орчны хамгааллын ажлуудыг тасралтгүй гүйцэтгэсээр ирсэн байна. Мөн ус ашиглах үйл явцад таван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлтийг олон нийтэд нээлттэй тайлагнадагаараа онцлогтой.
Төлбөрийн тухайд холбогдох хууль тогтоомжийн дагуу шинэчлэгдсэн тарифаар төлж ирсэн бөгөөд 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

ГЕОМЕМБРАНЫ ТУСЛАМЖТАЙ УУРШИЛТЫГ НЬ БАГАСГАЖ, БОХИРДЛООС ХАМГААЛДАГ
Ус хангамжийн багийн ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав “Оюу толгой” компанийн ус хангамжийн системмаш нарийн зохион байгуулалт, өндөр хяналтын дор ажилладаг. Худгийн байгууламж бүр цагт 15 шоо метр ус татах хүчин чадалтай ганц гүний худгаас бүрдэх бөгөөд дотроо цахилгаан самбар, агааржуулалтын систем болон даралт тогтворжуулагч савтай. Энэхүү сав нь гүний усыг төв шугам руу шахах үед даралтыг тогтмол барих, буцах даралтаас системийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Татсан усыг тус бүр нь 200 мянган шоо метр, нийт 400 мянган шоо метрийн багтаамжтай хоёр том усан санд нөөцөлдөг. Эдгээр сан нь 150 метр өргөн, 250 метр урт, 12 метрийн гүнтэй бөгөөд доторлогоонд нь геомембран ашигладаг. Ингэснээр усны ууршилт, алдагдлыг багасгахын зэрэгцээ гаднын бохирдлоос найдвартай хамгаална. Хэвийн нөхцөлд энэ нь уурхайн долоо хоногийн хэрэгцээг хангах нөөц боловч одоогоор нэг сан засвартай байгаа тул 3.5 хоногийн нөөцтэй ажиллаж байна. Нөөцийн сангууд нь гэнэтийн саатал гарсан үед үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах, хэрэглээ огцом нэмэгдэх үед зохицуулалт хийх стратегийн ач холбогдолтой” гэсэн юм.
ХОНОГТ ДУНДЖААР 40 МЯНГАН ШОО МЕТР УС ДАХИН АШИГЛАДАГ
“Оюу толгой” компани Гүний хоолойн ордоос татсан усаа эхлээд нөөцлүүр сангуудад хуримтлуулж, тэндээсээ үйлдвэрлэлд нийлүүлдэг. Баяжуулах үйлдвэрт ашигласан усны дийлэнх хувийг өтгөрүүлэгч технологийн тусламжтайгаар ялган авч, эргүүлэн ашигладаг аж. Ингэснээр нийт усны 85 орчим хувийг дахин ашиглах боломж бүрдэж буй бөгөөд улирлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ үзүүлэлт 86-88 хувьд хүрдэг аж. Үйлдвэрлэлийн явцад гарч буй хаягдал нь тусгай хоолойгоор дамжин хоёр том өтгөрүүлэгч рүү хуваарилагддаг. Энд технологийн эргэлтийн усны дийлэнх буюу ойролцоогоор 85 хувийг ялган авч, тус бүр нь 35 мянган шоо метрийн багтаамжтай усан сангуудад хуримтлуулан, эргүүлэн үйлдвэр лүү шахдаг байна. Үүний зэрэгцээ түүхий ус нөөцлөх байгууламжаас шаардлагатай нөхөн сэлбэлтийг хийснээр технологийн усны нийт хэрэгцээг бүрэн хангадаг аж. Өтгөрүүлэгчээс тунаж үлдсэн 60 орчим хувийн нягттай хаягдлыг хаягдлын далан руу шилжүүлдэг. Далан дээр тунасан усыг ч мөн орхигдуулалгүй эргүүлэн татдаг бөгөөд ингэснээр хоногт дунджаар 40 мянган шоо метр усыг дахин ашиглаж байна.
Говийн гүний ус эрдэсжилт өндөртэй тул шууд ундны зориулалтаар ашиглах боломжгүй. Тиймээс “Оюу толгой” компани урвуу осмосын технологи нэвтрүүлж, стандартын шаардлага хангасан цэвэр усыг 18.9 литрийн савлагаатайгаар ажилчдын хэрэгцээнд нийлүүлдэг гэнэ. Уурхайн талбай дахь Ус цэвэршүүлэх, савлах үйлдвэр нь ажилчдын ахуйн болон ундны усны хэрэгцээг хангах үндсэн нэгж юм. Тус үйлдвэр хоногт 1200-2000 шоо метр ус цэвэршүүлж, гурван том кемпийг тасралтгүй хангадаг бөгөөд төвлөрсөн шугам болон зөөврийн хэлбэрээр түгээлтээ хийдэг байна. Цэвэршүүлэх үйл явцад өмнө дурдсан урвуу осмосын технологийг ашигладаг бөгөөд энэхүү системээр дамжсан нийт усны 70 хувийг бүрэн цэвэршүүлж, үлдсэн 30 хувь нь шүүлтийн явцад ялгардаг аж.
Уурхайн талбарт нэг ээлжинд тогтмол 6500- 6800 хүн ажиллаж, амьдардаг тул хоногт 1200- 1600 шоо метр ахуйн бохир ус үүсдэг. Гэсэн ч орчин үеийн цэвэршүүлэх байгууламжийн тусламжтайгаар бохир усны 99 хувийг цэвэршүүлж, дахин ашиглаж байгаа нь усны нөөцийг хамгаалах, үр ашигтай зарцуулах бодлогын бодит биелэл болж байна. Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн О.Баасандорж “Манай үйлдвэр хоногт дунджаар 120 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Энэ нь анхдагч бутлуур, нунтаглалтын хэсэг болон уламжлалт хөвүүлэн баяжуулах технологид суурилсан уул уурхайн томоохон үйлдвэрлэл юм. Ил болон далд уурхайгаас ирсэн хүдрийг энд хүлээн авч, баяжуулах бүх үйл явцыг шат дараатайгаар гүйцэтгэдэг. Баяжуулах технологийн үйл явцад ус гол үүрэг гүйцэтгэдэг. Нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.41 шоо метр шинэ ус ашигладаг. Харин технологийн эргэлтийн усыг оролцуулж тооцвол нэг тонн хүдэр тутамд нийт 3.3 шоо метр ус зарцуулж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь бүх усыг шинээр авдаг гэсэн үг биш бөгөөд нийт хэрэгцээний дийлэнх хувийг дотооддоо эргүүлэн ашиглах замаар шийдэж байна” гэлээ.

“БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО БОЛ НЭГ Ч ШОО МЕТР УСЫГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАХГҮЙ БАЙХ”
“Оюу толгой” компанийн Хүрээлэн буй орчны багийн ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар “Манай компанийн хувьд усны менежмент бол зүгээр нэг техникийн шийдэл биш, бодлогын түвшинд хэрэгжүүлдэг, өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм. Бид говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй учраас усыг дээд зэргээр хэмнэж, эргүүлэн ашиглах зарчмыг тууштай баримталдаг. Бидний гол зорилго бол нэг шоо метр усыг үр ашиггүй зарцуулахгүй байх явдал. Түүнчлэн усны төлбөр тооцоог цаг тухайд нь төлж, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгах замаар усны нөөцийг хамгаалах бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна” хэмээв.
Орон нутгийн малчдын дунд үүсдэг усны нөлөөллийн талаарх эргэлзээг арилгах зорилгоор “Оюу толгой” компани Хамтын оролцоотой хяналт шинжилгээний хөтөлбөрийг 86 малчин өрхтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд малчид өөрсдөө худгийнхаа усны түвшинг тогтмол хэмжиж, цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан ажиглалт хийдэг болжээ. Олон жилийн судалгааны үр дүнгээс харахад малчдын ашигладаг гүехэн худгуудын усны түвшний хэлбэлзэл нь уурхайн үйл ажиллагаанаас бус, харин тухайн жилийн хур тунадас, уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай болох нь тогтоогдсон байна.
Тус компанийн Байгаль орчны хэлтэс 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Эхний баг нь ус, агаар, хог хаягдлын менежментийг хариуцдаг бол хоёр дахь нь биологийн олон янз байдлын судалгаа, нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг гэнэ. Харин гурав дахь баг урт хугацааны тогтвортой хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтыг биелүүлэх томоохон ажил гэнэ. Үүнээс гадна тус компани говийн бүсийг гадаргын усаар хангах урт хугацааны стратегийн шийдлүүдийг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийн тодотголыг санхүүжүүлэхэд оролцож, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлд төр засагтай хамтран ажиллаж байна. Үндсэндээ тус байгууллагын малчдын оролцоотой хяналт шинжилгээ, тогтмол аудит, ил тод тайлагнал нь усны хэрэглээний талаарх олон нийтийн эргэлзээг тайлж, итгэлцлийг бэхжүүлэх гүүр болж буй аж. Усны нөөцийг зүй зохистой ашиглах, төлбөр тооцоог цаг тухайд нь төлөхөөс гадна гадаргын усны урт хугацааны төслүүдэд идэвхтэй оролцож байгаа нь “Оюу толгой” компанийн хариуцлагатай уул уурхайн бодлогын гол онцлог юм.
Түүнчлэн “Оюу толгой”-н уурхай нь Zero discharge буюу байгальд ус хаяхгүй байх зарчмыг баримтлан ажилладаг аж. Өөрөөр хэлбэл, усыг бохирдуулан байгальд хаядаггүй, зориулалтын далангийн байгууламжид хуримтлуулан дахин ашигладаг юм байна. 2026 оны эхний байдлаар үйлдвэрлэлийн усыг дунджаар 87 хувьтай дахин ашиглажээ. 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжид үндэслэн төлбөр тооцох журам батлагдсан. Энэхүү журмын хүрээнд стандартад нийцүүлэн зайлуулж байгаа тохиолдолд ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд нөхөн төлбөр төлнө хэмээн заасан байдаг аж.
Өөрөөр хэлбэл, тус компани нь 2009 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний татвар тогтворжуулах заалтыг үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр иржээ. Гэсэн ч тус компани сайн дурын үндсэн дээр хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хүргүүлээд буй гэнэ.
Э.Сүйлэн