“Хоол иднэ ээ, хордоод үхчихнэ, гадуур алхахаар утаанд угаартчихна…” Онигоо ч гэмээр юм уу, эмгэнэл ч гэхүү ийм яриа хэдэн жилийн өмнөөс л залуусын дунд гарсан юм. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас, тэр дундаа урд хөршөөс импортолдог.
Харамсалтай нь хил гааль дээр шинжилгээний лаборатори хангалтгүйгээс оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүн бүрийн чанар, стандартыг хянах боломжгүй. Ингээд л баталгаагүй хүнсээр хооллож, түүнээс үүдэх элдэв өвчин эмгэгт дарлуулах болсон.
Нийслэлийн агаарын бохирдол хэрээс хэтэрч, одоо энэ хотод эрүүл уушгитай хүн үлдээгүй гэхэд болно. Захаасаа аваад л үхэл заналхийлэх орчинд амьдарч буй иргэн эмнэлгийн тусламж бараадахыг хүсэх нь мэдээж. Гэхдээ хүслээс хэтэрч чадахгүй хүн өнөөдөр олон байна.
Ажил хийгээд эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг. Өвдөж зовоод очоод үзүүлэх гэхээр гар харсан эмч, ажилтнууд угтана. Эсвэл танил тал хайна. Хаа газар очсон таньдаг хүнтэй бол ажил ногоон гэрлээр бүтнэ. Мэдээж танилын гарыг хэдэн төгрөгөөр цайлгахгүй бол дахиад юм гуйх хэцүү болно шүү дээ. Танилтай хүн талын чинээ гэдэг үг өнөөгийн Монголын бүх салбарт 100 хувь үйлчилж байна. Танилгүй бол ядаж хэтэвчиндээ мөнгөтэй байх ёстой. Гарыг нь цайлгаад хэдэн төгрөг өгчихвөл эмч, сувилагч нарын зан ааш уясаад үйлчилгээ сайжраад ирдгийг мэдэхгүй хүн цөөхөн биз. Уг нь эмч нар иргэний эрүүл мэнд, амь насны төлөө чин үнэнчээр ажиллах тангарагтай. Бас уг ажлыг хийснийхээ төлөө төрөөс цалин авч байгаа. Мөн хүүхдээ гайгүй гэж ярьдаг сургуульд оруулахын тулд захын эцэг, эх доод тал нь сая төгрөгийг “хандив” нэртэй хахууль төлөх болдог.
Эрх баригчдын сонгогчдод тал олох гэсэн мөнгөн амлалтуудад жирийн иргэд чирэгдэж, ядарч байна. Төрийн албан хаагчдын цалин нэмлээ гэдэг уг нь таатай мэдээ. Гэвч хувийн хэвшлийнхэн, бусад хүрээнийхэн хөлд нь чирэгдээд эхэлнэ. Учир нь сэргэлэн наймаачид цалин, тэтгэвэр нэмэх сургаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж орхидог. Үүнд нь хяналт тавиад, “Та нар битгий давар” гээд хэлчих чадалтай байгууллага, төр байхгүй. Монгол ардчилсан улс мөн үү, мөн. Гэхдээ өнгөн дээрээ. Хүний эрхийг зөрчих, боомилох зөрчил байсаар байгаа учраас тэр. Эрх чөлөөтэй улс уу. Мэдээж тийм, хэсэг бүлэг хүний хувьд эрх чөлөө нь хэтэрчихсэн ч гэхэд болно. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй хэмээн тунхагладаг ч баячууд, олигархиуд, өндөр албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй.
Уул уурхайн үүцээ Монгол Улс задалж, дэлхийн анхаарлын төвд ирээд байна. Үүцээ задлахын хэрээр улсын төсвийн орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлт энэ онд бараг 20 хувь хүрнэ хэмээн бид баясаж байгаа. Гэтэл эдийн засгийн энэ өсөлт өрх гэрийн хаалгаар шагайсан нь үгүй. Харин ч баян, хоосны ялгаа нэмэгдэж, эгэл иргэд цалингаас цалингийн хооронд хоосон хонох шахам хоногийн тоо өсөх янзтай. Улс орны баялаг ард түмний мэдэлд гээд тунхаглаад байдаг ч иргэддээ наалдаж өгсөнгүй. “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй”. Үндсэн хуульд ингээд заачихсан ч бодит байдал дээр бүх зүйл эсрэгээр эргэчихжээ. 22 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж явсан залуус ийм ирээдүйг хүсээгүй нь мэдээж. Байдал яагаад ийм болчихов оо, төсөөлсөн шиг нь улс орон хөгжөөгүй, ардчиллын зам гажсан нь хэний буруу юм бэ гэсэн асуулт гарна.
Өнгөрсөн таван удаагийн нэгээс бусад сонгуульд МАН ялж байсан. Эрх барьж байсан энэ намаас бурууг эрэх үү. Эсвэл хамтрах үедээ хамтарч, сөрөх үедээ сөрж, бас нэг удаа эрх барьж явсан АН-аас асуух уу. Юутай ч буруу хайхаас илүү төсөөлснөөс гажиж орхисон энэ нийгмийг, улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчлөх үүргийг АН өөртөө хүлээж байгаа юм. Тэд энэ удаагийн сонгуульд “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” уриа дэвшүүлэн өрсөлдөж байна. 22 жилийн өмнө хувьсгал хийхдээ мөрөөдсөн шиг, Үндсэн хуульдаа тусгасан эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулах бодит нөхцөлийг тэд ирэх дөрвөн жилд бүрдүүлэхээ, тэр боломжийг эхлүүлэхээ амлав. Бас ийм ч утгаар энэ удаагийн УИХ-ын сонгуулийг тэд “Ялагдах эрхгүй” хэмээн тодорхойлж буй. Гажсан хөгжлийг ирэх дөрвөн жилд л зөв зам руу нь чиглүүлэхгүй бол оройтно гэдгийг тэд ухамсарласан аж. Үүндээ бэлэнчлэх сэтгэлгээг дэмждэг “хорон” аргыг халах замаар хүрэх юм байна.
Улс оронд тулгамдсан асуудлыг яаж шийдэх гарцыг тэд бүтэн жилийн турш хэлэлцүүлэг явуулж ард түмнээсээ асуусан учраас хөрсөн дээр буух биз ээ. Хоолыг нь халбагадаж өгөх биш, түүнийг олох аргыг заахаар АН мөрийн хөтөлбөртөө тусгажээ. “Хүний төлөө гэх сэтгэл дутсан төрийн тогтолцоонд реформ хийх хөтөлбөр боловсруулсан. Монгол хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдардаг, тэр хөдөлмөрөө үнэлүүлж чаддаг тогтолцоог бий болгоно” хэмээн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байна лээ. Ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлэх нь тэдний эн тэргүүний зорилт. Эдийн засаг уул уурхай гэсэн ганцхан эх үүсвэртэй байх ёсгүй. Тиймээс үйлдвэржилт, хөдөө аж ахуйн салбарыг ч цогцоор хэрхэн хөгжүүлэхээ төлөвлөжээ. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих үү, одоогийнх шиг байдлыг үргэлжлүүлэх үү. Ард түмний мэргэн сонголт шийдэг.
С.УУЛ