Сонгууль бүхэн хачирхалтай явдлаар дүүрэн байдаг. Анхаарах зүйлгүй бол ямар юмных нь улс төрийн өрсөлдөөн байх билээ. Улстөрчид сонгуулийн уур амьсгалыг яаж ийгээд эрс тэс болгохоо мэддэг бол, сонгогчид тэдний “цаг агаарыг” шимтэн сонждог сурталчилгааны хугацаа өнөөдөр албан ёсоор эхлэв. Энэ удаагийн сонгуулийн гараа Монгол оронд урьд хожид үзэгдээгүй өвөрмөц сонин тавилаар өрнөж байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай нэн шинэхэн хуулиас үүдэлтэй. Бүрэн эрх нь улирч буй УИХ уг хуулийг байгуулагдсан цагаасаа эхлэн дөрвөн жил нухсан. Гэвч шинэ хуулиа сонгогч олон нийтэд болон нэр дэвшигчдэд сурталчлан таниулах хугацаа үлдээлгүй, шахан тулгамдуулж баталсан нь сонгуулийн өмнөх энэ өдрүүдийн өнгийг тодорхойлж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуга цаа өчигдрөөр тасалбар бо лох хүртэлх хэд хоногт монгол чууд маш сонирхолтой үйл явдлуудыг зэрэгцэн “бүртгэж” авав. Сонгогчдод барих улстөрчдийн “бэлэг” санал хураах өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид бид гэнэтийн явдлуудад бэлэн байх хэрэгтэй боллоо.

“ГУРАВДУГААР ХҮН” ВИЗ АВАХ УУ
Уул уурхайн баялаг үүцтэй Монгол дэлхийн санхүү, бизнесийн акулуудын анхаарлыг соронздох болоод байлаа. Харин одоо “нүцгэн хоригдлуудын нүдэн дээр тамлагддаг” Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр олон улсад хэвлэлийн од болж байгаа нь энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хамгийн хачирхам нэгэн “өнгө” болж байна. Н.Энхбаяр “Улс төрийн хилс хэргээр хоригдож байхдаа нүцгэн хоригдлуудын нүдэн дээр тамлагдсан” гэж Их Британийн Financial Times сонинд ярилцлага өгснөөр дэлхийн уншигчид манай Парламентын сонгуулийн үйл явцыг хурц нүдээр ажих боллоо. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “галзуу ганц” лидер Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас лавласны дараа шийдвэрлэхээр СЕХ хойшлуулсан. Бүртгэлийг зогсоох хуулийн хугацаа тасалбар болох урьд шөнийн 00 цагаас урьтан Н.Энхбаярт СЕХ батламж олгох эсэхийг хэвлэлийнхэн өчигдөржин аналаа.
Нэр дэвшигчийг бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа өчигдөр дууссан боловч нам, эвсэл санал авах өдрөөс 20 хоногийн өмнө нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, өөр хүний нэрийг болон нөхөн нэр дэвшүүлэх хуулийн боломж байгаа юм. Тиймээс Н.Энхбаярын асуудал энэ сарын 8 буюу баасан гаригийг дуустал нээлттэй үлдэнэ. Хэрэв Сонгуулийн хуульд заасан эл боломж МАХН-ын дарга Н.Энхбаярын зүг эргэвэл МАНын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуягийн хамт УИХ-ын гишүүнээр сонгогдох нь баараггүй “гуравдугаар хүн” тодрох нь тэр. Н.Энхбаяр эвслийн жагсаалтын магнайд эрэмбэлэгдсэний хувьд СЕХ-ны ийм шийдвэр түүнд сонгуулийн дараа бүрэлдэх шинэ Парламентын мандат болон очиж байгаа хэрэг юм. Тэгвэл Н.Энхбаяр сонгуульд яллаа л гэсэн үг.
БҮСГҮЙЧҮҮДГҮЙГЭЭР БҮТЭХГҮЙ ЭЭ
Эрчүүд хүүхнүүдгүйгээр хаачих вэ дээ. Сонгуульд ч өрсөлдөж чадахгүй гэдгээ мэдэж авцгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд өр¬сөл¬дөх нам, эвслийн нэр дэв-шигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Гэтэл шинэ хуульд ийм заалт орсныг огт мэдээгүй бүхэл бүтэн улс төрийн намууд нэгээр зогсохгүй байна. Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Социал демократ нам СЕХ-нд нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр очсон хойноо л энэ тухай олж сонссон байх юм. Эдгээр намын нэр дэвшигчдийн жагсаалт дахь эмэгтэйчүүдийн квот хуульд заасан хэмжээндээ хүрэлгүй гэдрэг буцацгаав. Тэдэнд алдаагаа залруулах нэг хоногийн ч болов хугацаа байсан нь яамай даа. Жендерийн мэдрэмжгүй гурван нам дээр бас нэгэн намыг онцлох хэрэгтэй. Энэ бол Иргэний хөдөлгөөний нам. Эмэгтэйчүүдийг “хэтэрхий” дэмжсэнийх нь төлөө “Анод”-ын Н.Даваад талархах ёстой ч байж магадгүй л юм. ИХ намаас УИХ-ын сонгуульд 46 хүн өрсөлдөх бөгөөд тэдний ердөө гуравхан нь л эрэгтэй. Нэр дэвшигчдийнхээ 90 гаруй хувийг дан бүсгүйчүүдээр бүрдүүлснээс нь болж эрчүүд тус намыг “жендерийн асуудалтай” хэмээн гомдоллож мэдэх. Юутай ч ИХ намын сонголт энэ удаагийн сонгуулийн “цаг агаарын” зөөлөн өнгө болж байна.
АКАДЕМИЧ ЭРХЭЭ ХАСУУЛАВ
СЕХ нэр дэвшихээр хандсан нэг бус хүнийг бүртгэхээс татгалзан, буцаагаад буй. Тэдэн дотроос Монголын нэрт хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй явдал олон нийтийн анхаарлыг гойд татав. Хуулийг суурь системээр нь нэвт хардаг хариуцлагатай хүн СЕХ-той заалдах эрхгүйгээр эрхээ хасуулах гэж бас байдаг л юм байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дэвшсэн С.Нарангэрэл “...нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно”, “...төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн хуулийн заалтын шаардлагыг хангаагүй учир бүртгэхээс татгалзсан болохоо СЕХ тайлбарласан. Энэ нь С.Нарангэрэлийг академич, хуульчийнх нь хувьд биширч явдаг олон хүнд гайхам явдал болж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэрийн хуудас болдог энэ эрхэм багш хуулиа мэдэхгүй байна гэдэг тун сонин юм шүү. Магадгүй, түүний хувьд хууль “зөрчсөн” анхны тохиолдол, заргаа авалгүй “ялагдсан” эхний бүдрэлт нь энэ болсон байж ч магадгүй. “МУИС-ийн багш нар оюутны сургалтын төлбөрөөс цалинждаг бөгөөд манай сургуулийн нийт зардлын ердөө дөрвөн хувийг төр даадгийг ус, цахилгаан, дулаандаа зориулдаг юм билээ. Тиймээс МУИС-ийн багш нарыг төрөөс цалинждаг албан хаагч гэж үзэх боломжгүй” хэмээн С.Нарангэрэл тайлбарлаж байгаа юм. Харин МАНын гишүүн мөртлөө МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслээс дэвшсэн тухайд иргэдийн сонгогдох эрхийн талаар өгүүлснээс өөрийг тодорхой хэлсэнгүй.
БИЕ ДААГЧИД БАЛРАВ
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшихээр СЕХ-нд хандаад бүртгүүлж чадалгүй буцсан н.Урангоо гэдэг эмэгтэй ярьж байна. Сонгуулийн хууль бие даагчдад халгаатай болжээ, сонгогдох эрхийг нь боомилсон хуудуутай үйл ажиллагааг СЕХ явуулж байна гэнэ. 805 хүний гарын үсэг цуглуулсан боловч, тэдгээр хүмүүсийнхээ иргэний үнэмлэхийн дугаарыг тэмдэглэж аваагүй хоцорсондоо иргэн Урангоо бие даан сонгуульд өрсөлдөх эрхээ эдэлж чадаагүй юм байна.
УИХ-ын бие даагч гишүүн З.Алтай Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр анхааруулж байсан даа, “Надаас хойш бие даан нэр дэвшигч УИХ-ын сонгуульд ялахгүй нь байна шүү” гэж. Тэр үед З.Алтай гишүүн аргагүй ганцаардаж, бие даагчдад болон улс төрд танигдаагүй шинэ хүмүүст хаалттай Сонгуулийн хуулийг эерүүлж дөнгөөгүй юм. УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан өрсөлдөх 31 иргэн батламжаа гардсан нь 2008 оныхоос 10-аар олширсон байна. Тэд тун хатуу давааны бэлд ирсэн бололтой. Давж чадах нь хэд бол?