Аймгийн ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байхдаа мандаж явсан үе Дулмаад бий. Зах зээлд шилжсэн тэр цагаас хойш нэг л өдөр ахуйн үйлчилгээ үүдээ барьж, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Хурааж хуримтлуулсан хэдэн төгрөг нь олон сарын ая даасангүй. Гэнэтийн байдалд самгардсан тэрбээр хэд хоног толгойгоо ганзагалж сууснаа бусдын адил ганзагын наймаанд мордов. Эрээнээс авчирсан бараагаа халуунд халж хүйтэнд хөрөн байж зах дээр зарж эргэлтийн хэдэн төгрөгтэй болов. Амьдралын төлөө гэрт орж эм, гадаа гарч эр болон зүтгэсээр нэг л мэдэхэд таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд шатаж ч, хөлжиж ч үзэв.
Дулмаа хэдэн хүүхдийнхээ төлөө нойр хоолоо умартан зүтгэсний хүчинд өнөөдөр хүний царай харахааргүй боломжийн амьдралтай болжээ. Одоо л нэг амсхийж, насандаа сууя гэтэл тэтгэвэр тогтоолгох болзолт жилээс таван жил сох дутчихав. Гахай үүрч ганзагын наймаанд явсан өнөөх таван жилд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж өнөө маргаашаа л болгож явсан түүний толгойд улсад ажиллаагүй үеийн хээ нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх тухай бодол ямар орж байсан биш дээ. Уг нь төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлмээр байдаг. Гэтэл ажилласан жил нь хүрэхгүй болохоор хувь тэнцүүлсэн, эсвэл халамжийн тэтгэвэр л авахаас өөр гарц түүнд одоогоор алга.
...Нэгдэл тарснаас хойш хувийн аж ахуйтан болсон Бат, эхнэр Должин хоёр хүрээ газар зүглэж, эрдэм номын мөр хөөсөн хүүхдүүдийнхээ зөвлөснөөр сүүлийн 12 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа улсад тушаажээ. Гэвч энэ нь бас л учир дутагдалтай гэнэ. Тэднийг тавхан жил ажиллаж байхад нь нэгдэл тарчихсан болохоор улсад ажилласан жил нь хүрэхгүй байгаа аж. Нөхөр нь энэ жил тэтгэврийн насанд хүрчээ. Эхнэр нь ирэх жил 55 насны босго алхана. Харин тэд ид жаргадаг насан дээрээ бүрэн тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрэв.
...Дорж төрсөн нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаад ажлаасаа халагдсан нэгэн. Тиймээс “Та ажлаас гарсныхаа дараа яагаад гурван жил ажилгүй суусан юм бэ. Энэ хугацааны шимтгэлээ сайн дураар төлчихөж болоогүй юм уу” гэсэн асуулттай тэрбээр учирчээ. Ажилгүй байсан үеийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх амьдралын боломж ч түүнд байгаагүй нь мэдээж. Саяхан тэр төрийн албанд оров. Уг нь энэ гурван жилийн шимтгэлийг тухай бүр нь бөглүүлсэн бол цалин дээр нь ажилласан жилийн нэмэгдэл ороод төрийн албан хаагч хүнд аштай юу.
...Цэцгээ нэгэн хувийн компанид хоёр жил ажиллажээ. Нутаг сэлгэж ажиллах шаардлага гарсан тул ажил олгогчоос нийгмийн даатгалын дэвтрээ автал санаанд оромгүй үр дагавар гарав. Түүний ажилласан хугацааны шимтгэлийг компани нь ганц ч удаа төлөөгүй байж. Цалингаас нь сар бүр суутгадаг атлаа нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлбэл зохих төлбөрийг огт шилжүүлэлгүй хууль зөрчдөг байсан нь илрэв. Харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа очиж, шимтгэл төлөгдөөгүй хоёр жилийн төлбөрийг нөхөж хийх хүсэлт тавитал сайн дурын даатгалыг тухайн сардаа тушаах ёстой бөгөөд цаг хугацааг ухрааж үйлчилдэггүй болохыг тайлбарлажээ. Ингээд нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргүүлж авчралтай нь биш, Цэцгээгийн хохь болох нь тэр.
...Өнөөдөр Дулмаа, Бат шиг бүрэн тэтгэврээ ч тогтоолгож чадаагүй яваа олон хүн бий. Дорж шиг ажилгүй байсан үедээ амьдралын боломжгүй байдал, хуулийн мэдлэггүйн харгайгаар нийгмийн даат галын дэвтрийнх нь бөглөлт хэдэн жил завсардсан хүн бишгүй. Цэцгээ шиг хулхидуулж хохирогсод ч цөөнгүй. Энэ бол Монгол Ардын Намын “Ард түмнээ сонсъё” аяны үеэр иргэдийн өмнө тулгамдсан, шийдвэл зохих ёстой гэж үзсэн олон саналын нэг байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Ардын Намынхан эх орны өнцөг булан бүрт хүрч, ард түмнийхээ санаа бодлыг сонсох аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 283 сум, 152 хороонд очиж, эх орноо бүтэн тойрохдоо 100 гаруй мянган километр зам туулж, сая гаруй хүний санал бодлыг сонсчээ.
Ард түмнийхээ санаа бодлыг алсаас бус, дэргэд нь очиж сонссон уг аяныг ард олон хэзээ нутагт нь морилохыг сураг ажиг тавин хүлээдэг байсан гэдэг. Ийм ч учраас тус намын удирдлагууд 2434 аж ахуйн нэгж, 7068 айл өрхөөр зочлохдоо давхардсан тоогоор 74797 санал, хүсэлт цуглуулж, түүнийхээ 20 хувийг нь газар дээр нь шийдсэн байна. Харин үлдсэн хэсэг нь намын боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т бүрэн агуулгаараа шингэжээ. Ард түмний санаа бодлоос урган гарсан энэ хөтөлбөрийг ард түмэнтэйгээ хамт боловсруулсан гэж хэлж болно. Тиймээс ч хөтөлбөрт дээрх иргэдэд тулгарч байгаа олон асуудлыг багцлан, шийдвэрлэх арга замыг тусгасан байна. Үүний нэг илрэл нь Монгол Ардын Нам 2012 оны сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө “2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна” гэсэн заалт оруулсан явдал юм.
Ингэснээр Дулмаа, Цэцгээ, Бат, Должин, Доржид өнөөдөр хамгийн их үгүйлэгдэж байгаа асуудлыг шийдэх гарц болж байна. Өөрөөр хэлбэл, энэ ажил нийгмийн даатгалын шимтгэлээ алаг цоог бөглүүлсэн олон хүний магнайг тэнийлгэх биз ээ. 2000 он хүртэлх хугацаа бол мянга мянган хүний зах зээлийн шуурганд өгсөж уруудаж явсан завсрын үе юм. Завсрын үеийн энэ “жавар”-ыг бүлээцүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж олговол олон хүн тэтгэврийн бараа харж, цөөнгүй иргэн завсардсан үегүй болно. Монгол Ардын Намын дэвшүүлж буй “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” уриа иргэддээ энэмэтчилэн таатай боломж олгож байна. Боломжийг ашиглах боломж ирлээ. Үнэхээр л амьдралаас төрсөн санаа амьдардаг юм байна.
Б.СҮРЭН