“Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэж АН сонгуулийн уриагаа дэвшүүллээ. Нохой шиг сонгогчид хандан хэлсэн үг гэж ойлгогдохоос гадна хөгжлийн төлөө, амьдралын төлөө чадах ядахаараа тэмцэж, зүтгэж ирсэн улс орон ард түмнээ үгүйсгэсэн үзэл нэвт үнэртэж байгааг хэлэхээс аргагүй. Бор гэртээ богд, хар гэртээ хаан гэж эртний монгол омогшил бий. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж өмчилдөг монгол түмний амьдралыг үзэх философи өрнөдийнхнөөс өөр, умардынхнаас ч бас өөр. Аз жаргал, амьдралыг брэнд хувцас, бийлэгжүү хөрөнгөөр хэмждэггүй ард түмэн бол монголчууд. Тэглээ гээд тэнхээ сайт хүлэг, тэвчээр сорих нүүдэл, ур сайт эдлэл, удам сайтай хөвгүүдээ шүтэж ирсэн нь сайхан.
Зах зээлийн нийгэмд хөл тавьснаас хойш монголчууд олон хүнд үеийг туулсан. Картын бараа, ганзагын наймаа, ТҮЦ-ний эрин үе, цэнхэр, ягаан тасалбар гээд тоочвол бусад улс орны зуун жил туулсан шилжилтийн үеийг 20 жилд багтаахаар зүтгэсэн бодит түүх бий. Гэвч унаж босон, уруудаж өгссөн энэ бүх хугацаанд хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж байна гэсэн итгэл үнэмшил нь монгол түмний урам зориг байсаар ирсэн билээ. Улсын төсөв хэдэн арван саяас хэдэн зуун саяар яригдаж, улмаар тэрбум тэрбумаар хэмжигдэх болтол туулсан зам маань иргэн бүрийн хувьд зах зээлийн шуурган дунд тэнцвэрээ олох тэнхээ байлаа. Гэтэл АН ард түмнийхээ амьдралын тө- лөөх тэмцэлд аймшигтай том цохилт өгл өө. Хүн шиг амьдарч байна гэж итгэж, хүүх дүүддээ боловсрол олгох гэж зүтгэж, өчигдрөөс өнөөдөр илүү, өнөөдрөөс маргааш бүр илүү байна гэсэн хүсэл зорилгоор ямар ч хүнд үеийг ядарлаа гэж ялархалгүй туулж ирсэн иргэддээ “Нохой шиг амьдрахаа боль” гэснээс өөрцгүй үг хэллээ.
2000 онд дансандаа төгрөггүй, иргэдийнхээ цалинг ч тавих чадваргүй, өр зээлдээ баригдсан Засгийг МАН-д хүлээлгэн өгч байсан АН иргэдийнхээ итгэл зүтгэлийг ийнхүү үгүйсгэн басамжилсан гэхэд итгэхэд хэцүү. Тухайн үед АН Ж.Наранцацралт, М.Энх сайханы Засгийн газруудыг хуйвалдаанаар огцруулан, дөрвөн жилийн хуга цаанд дөрвөн ч удаа төрөө татаж унаган, нийгмийг хямралд хүргэж байсан гашуун түүхийг мартах аргагүй. Адаг сүүлд нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр зургаан сар ажиллаж төрөөр тоглосон байдаг. Энэ хугацаанд улсын өмчийн гол гол үйлдвэрийн газруудын хувьчлал явагдаж, өнөөгийн АН-ын тэрбумтнууд төрсөн билээ. Мэдээж, тэдгээр тэрбумтнуудын нүдээр харахад эгэл жирийн ард түмэн нохой шиг санагдахаас аргагүй. Гэвч энэ хугацаанд чухам нохой гахайгаараа дуудуулж байгаа эгэл түмэн , эгэл жирийн ээж аавуудын нуруун дээр улс орон тогтсоор ирэв.
Ганзагын наймаанд мордон гахай үүрч, хар зах дээр хөл гараа хайрагдтал зогсож байж амьдралаа босгосон ард түмэн эдүгээ АН-д хэдэн гөлгөө тойруулж, идүүрээ бараадан нойрмоглосон, хонох газар, үүр ноо хойгүй нохой шиг харагддаг болсон бололтой. Арга ч үгүй биз. АПУ-г хямдхан бөгөөд хялбархан өөрийн болгосон Г.Батхүү, Геодези газарзүйн гэх 12 давхар байшинг өөртөө хувьчилсан З.Энхболд, хэдэн арван сая төгрөгөөр хурдан морь авч уралдуулдаг “Мон-Уран”-ы Х.Наранхүү нарт мөлхөөд ч болсон урагшилж, өлсөөд ч болсон хөгжиж байгаа жирийн иргэн нохой шиг үзэгдэх нь мэдээж. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш АН-ынхан юу хийсэн юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. “Залуустаа зай тавьж өгье” хэмээсэн Жамбын Батмөнхийн итгэл найдварыг тэд хэрхэн хариулав? Төр болж тоглодог, засаг болж мөрийцдөг хэдэн дураараа бацаан өнөөдөр 50 нас хол гарч үс, зүс бууралтсаныг эс тооцвол АН-ын партизанууд ухаан сууснаа юугаар нотлов? Эрхлээд хэвтчихдэг, дөрвөн мөчөө саваад амттан нэхээд тас саваад уначихдаг айлын эрх хүүхдийн эрхийг эдэлсээр ирсэн АН-ынхан МАН хэмээх том ахын түшиг байгаа тулдаа л их улс төрд дуудах нэртэй дуулгах сонинтой явна.
1990 оноос ардчилсан нийгмийг сонгосон Төв Азид нутагтай Монгол Улсыг ихэмсэг Европ, хямсгар Америк нүд буландаж угтсан нь үнэн юм. Хөлд ороод, хөсөгт тэнцээд босоод ирвэл тоож, дэлхийн зах зээлийн ширүүн тэмцэл дунд өвдөг сөгдсөн бол тусламж дэмжлэг нэрээр хувааж эзэмших их гүрнүүдийн бодлого монголчуудыг хү- лээж байсан билээ. Гэвч энэ хугацаанд АН-ын авчирсан ардчилсан хувьсгалыг МАН жолоодон чиглүүлж, утга учиртай, үнэ цэнэтэй болгосон гэдэгтэй маргах аргагүй, Монголыг үнэлэх дэлхийн үнэлэмж өсөж, монголчууд ч бас эдийн засгийн өсөлтөөрөө олон улсад тоогдох болсон нь МАН-ын тулхтай зүтгэлтэй салшгүй холбоотой.
Хэрэв АН-д өнөөдөр ард түмэн нь нохой шиг, улс орон нь юу ч биш юм шиг харагдаж буй бол өнгөрсөн хугацаанд олон түмэнтэйгээ нохой шиг хамт зүтгэсэн нь МАН, улс орноо улс орон гэж итгэж, үнэлж, тоож, өргөж чадсан нь мөн л МАН болж таарч байна. Тиймээс ч “Эх орондоо сайхан амьдаръя” гэж уриалж чадлаа. Итгэл үнэмшил дүүрэн энэ үгийг хэлж чадлаа. “Нийгэмд шударга ёс, нийтэд тэгш боломж” хэмээн хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлж чадлаа. Гэтэл АН өнөөх л арчаагүй арцалдаан, дэмий мөчөөрхлөө улс орон даяар цацаж, “Хүн шиг амьдаръя” хэмээн ядуу ч гэсэн Монголыг тодорхойлж, ядарсан ч гэсэн улсаа түшиж ирсэн “нохдод” сануулав.
Нохой шиг үнэнч зүтгэснийх нь төлөө МАН-ыг доромжилж, иргэдээ басамжлаад байна уу, эсвэл “Одоо л та нар хүн шиг амьдарч болно” гэж егөөдөөд байна уу? Хүн шиг амьдрах, улс шиг хөгжих эрхийг АН одоо л дөнгөж ард түмэндээ өгөхөөр шийдэв үү? Тийм бол хэтэрхий оройтжээ. Одоогоос нэгэн зууны өмнө, Манжийн дарлалд 200 жил боолчлогдон, хүсэл зоригийн хувьд нохой мэт болчихоод байсан ард түмнээ зоригжуулахын тулд эрслэн боссон хөвгүүд нь энэ үгийг хэлж байсан түүхтэй. 1912-1921 онд “Хүн шиг амьдаръя” хэмээн С.Данзан сануулж, “Улс шиг хөгжье” гэж Л.Бодоо ухуулж байв. Тэдэнд ард түмэн нь хэзээ ямагт хүн шиг амьдралын төлөө зүтгэдэг хүн байсан юм. Тиймээс ч цагийн юмыг цагт нь эхлүүлж чаддаг байв. Харин одоо АН “Хүн шиг амьдаръя” гэж хэлж байгаа бол хэтэрхий оройтсон, басхүү басамжилсан, хоцрогдсон үг энэ ажээ.
Ц.ЦЭНГЭЛ