Ажлын өдөр бүрийн 12-13 цагийн үед бидний цайны цаг тохиодог. Өдөр л сайн идэж чадвал бүтэн өдрийн ажил урагштай санагдах нь бий. Солонгост бол ямар ч чухал ажлыг хойш нь тавиад хоолондоо гардаг. Юу ч болж байсан тогтсон цагтаа хооллох нь тэдний хувьд хууль л гэсэн үг. Бас яг цагтаа орж ирнэ.
Харин монголчууд бид хоолоо хүлээж суусаар цайны цагаасаа нэлээд гарздах нь бий. Хаана идэх вэ, юу идэх вэ, хэдэд идэх вэ гэдэг асуултуудыг хувийн зохион байгуулалтад тооцоод, тодорхой “зорилго” руугаа товлосон цагтаа очлоо гэж бодоход л доод тал нь 20 минутыг хүлээлтэд зарна.
Захиалгаа өгснөөс хойш заавал хүлээх ёстой юм чинь... За тэгээд, удаж удаж дутуу халаасан хоол идээд л ажил руугаа гарч байгаа юм. Дутуу халсан, амт муутай, порц багатай хоолыг хэн захиална, тэр хохирогч болно. Сонголт гэдэг үгийн халхавч дор үйлчлүүлэгчид ийнхүү хохирох нь олонтаа. Уг нь гудамжаар алхаж явахад өч төчнөөн л цайны газар, гуанз, түргэн хоол, ресторан, пааб эрээлжилдэг юм.
Харин ажлынхаа ойр хавьд байгаа бүх л хоолыг амталж үзсэн боловч сэтгэлд нийцэх газар тун хомс. Үйлчилгээ муутай, бохир, амтгүй хоолтой, хэт үнэтэй гэдэг дөрөвхөн шалтгаан л биднийг өдрийн хоолны тухай бөөн гомдолд хөтөлж орхино. Ямар сайндаа л “Өдрийн хоолонд стандарт тогтоочихвол зүгээр” гэж бодож байхав дээ. Бидний өдрийн хоол өдөр бүрийн гурилтай шөл гэдэг шиг нэгэн хэвийн. Хаана ч орсон нүдэнд дасал болсон будаа, ногооны салат, бас хэдэн төрлийн мах. Гуляш, нарийн махан хуурга, котлет, тефтель зэрэг хоолыг махаар нь л танина.
Монголчуудад тохируулсан гэх эдгээр европ хоол дэндүү хуучин санагдаад удаж байгаа шүү дээ. Ажлын зургаан өдөрт “найзалдаг” өдрийн хоол гэдэг чухал зүйл. Тиймээс өдрийн хоолны порцонд хэд хэдэн стандарт тогтоохыг хүсч байна. Захиалсан хэмжээгээрээ идэхийн тулд, бас сэтгэл хангалуун байхын тулд. Яагаад зөвхөн телевизээр гарч буй тогооч нар хоолныхоо илчлэг, тослог болоод тэжээллэг чанарыг “зарладаг” юм бэ. Бид ч гэсэн идэх гэж байгаа хоолныхоо тухай мэдээлэл авахыг хүсч байна шүү дээ. Гоё хоолны зурагтай рекламнуудаас залхлаа.
Ө.ЖАРГАЛМАА