Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд 26 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. Өмнөх таван удаагийн сонгуулийн жишгээс харахад энэ бол нэлээд өндөр тоо. 1992 оноос хойших парламентын сонгуулиудад дунджаар 10-15 хүн бие даан нэрээ дэвшүүлдэг ч сонгогдсон нь гарын таван хуруунд багтахаар цөөн. 1992 оны УИХын сонгуульд эрдэмтэн, зохиолч Г.Зуунай бие даан нэрээ дэвшүүлэн сонгогдож байжээ. 1996- 2000 оны парламентад бие даагч сонгогдоогүй байна. Харин 2000 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн бие даагчдаас Л.Гүндалай парламентын гишүүнээр сонгогджээ. 2004 онд Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар бие даан нэрээ дэвшүүлж, УИХ-д сонгогдож чадсан нь бие даагчдын хувьд хамгийн том амжилт байв. 2008 оны сонгуулиар ганц бие даагч УИХ-д суусан нь З.Алтай. Эндээс УИХ-ын босго бие даагчдад өндөр байдаг нь харагдаж байна.
Парламентын засаглалын гол зарчим нь сонгуульд ялалт байгуулж олонх болсон нам Засгийн газраа эмхлэн бүрдүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлдэгт байдаг. Гэтэл бие даан нэрээ дэвшүүлж сонгогдсон гишүүнд тийм боломж байхгүй. УИХ-ын тухай хуулиар бол парламентад найм болон түүнээс дээш тооны суудал авсан нам бүлэг байгуулах боломжтой. Намын бүлгийг УИХ-ын бүтцийн байгууллага гэж үздэг. Өөрөөр хэлбэл наймаас дээш тооны суудал авсан нам л УИХ-д бүлэг байгуулж, түүгээрээ дамжуулан парламентаас батлан гаргах хууль, тогтоомж, бодлого шийдвэрт өөрсдийн байр суурь, үзэл баримтлалыг тусгуулах боломж бүрдэнэ. Тэгэхээр бие дааж нэр дэвшээд УИХ-д сонгогдлоо гэхэд тухайн гишүүнд хийх ажил бараг байхгүй.
Намын бүлгүүд хэлэлцэж байгаа аливаа асуудлаар улс төрийн шийдвэрээ урьдчилж гаргаад түүнийгээ Байнгын хороо, Чуулганы нэгдсэн хуралдаан дээр батлаад л явчихна. Бие даагч хэчнээн эсэргүүцээд нэмэргүй. Мөн ямар нэгэн шинэ санаа гаргаад олонхийн бүлэг түүнийг нь дэмжихгүй л бол хаданд хашгирсантай адил болоод өнгөрнө. Тиймээс бие даагч З.Алтай өнгөрсөн дөрвөн жил чуулганы танхимд эрх баригчдыг шүүмжилж, өөрийн мэдлийн телевизээрээ “Дуусдаггүй яриа” өрнүүлэхээс өөр ажил хийгээгүй. Бие даагч УИХ-д сонгогдоод бодлого боловсруулах хэмжээнд ажиллаж чаддаггүйг мэдрээд З.Алтай гишүүн энэ удаа ИЗНН-аас нэрээ дэвшүүлсэн биз ээ.
Өмнөх сонгуулиудын туршлагаас харахад бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн олонх нь УИХ-д сонгогдохын тулд биш, тухайн тойрогт өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчийн саналыг хуваах зорилгоор ийм алхам хийсэн байдаг. Тиймээс бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүс мөнгө аваад нэрээ татлаа гэдэг хардлага цөөнгүй гарч байв. Бие даагч УИХ-д сонгогдлоо гэхэд мөн л дээрхээс дутуугүй наймаа, тохироо хийдэг. Мэдээж энэ нь нэр дэвшигчдийн хоорондох наймаанаас хамаагүй том. 2000 онд бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Л.Гүндалай тун удалгүй АН-ын гишүүн болсон. Тухайн үед МАХН парламентад 72 суудал авч, АН-аас ганцхан Ж.Наранцацралт агсан л УИХ-д сонгогдоод байсан юм. Тиймээс АН бие даагч Л.Гүндалайг чамгүй үнээр намдаа элсүүлсэн биз ээ.
Энэ өрөө төлж Ард түмний нам байгуулж нэг хэсэг дэвсэн Л.Гүндалайг дөрвөн жилийн өмнө шоронд илгээгдэхийн даваан дээр намдаа буцаан авсан гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. 2004 оны УИХ-ын сонгуульд АН-ынхан Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нарыгаа нэр дэвшүүлэлгүй гадуурхсан. Үүнд нь шаралхсан гурав бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдож байв. Тухайн үед гурван бие даагчийг сүр дуулиантайгаар намаасаа хөөж байсан. Гэвч УИХ-ын гишүүн болонгуут нь АН-даа буцаан элсүүлсэн. Бие даагчдын түүх нэг иймэрхүү. Тэд улс төрийн болоод мөнгөний наймаа, тохирооны төлөө л бие даан нэрээ дэвшүүлдэг гэхэд дэгс болохгүй. Үүнийг дээр өгүүлсэн бие даагчдын түүх батална.
Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг үг бий. Түүн шиг УИХ-ын танхимд суугаа бие даагч бодлого боловсруулж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж огт чаддаггүй. Тэгэхээр бие даагчид өгсөн санал усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болдог гэсэн үг. Шинэчлэн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог нэвтрүүлж, тойрогт нэр дэвшсэн хүнээс гадна намд санал өгөх боломжийг нээж өгсөн нь парламентад бие даагч, ганцаарчилсан тоглолт хийгчид биш, улс төрийн нам бодлогоо боловсруулан, хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байх нь зөв гэдгийг баталгаажуулсан хэрэг билээ. Тэгэхээр цаашид ганцаарчилсан тоглолт, улс төрийн шоу үзүүлбэр давтагдахгүй биз ээ. Парламентад улс төрийн салбадай нар хэрэггүй гэдгийг олон нийт ойлгох болжээ.
С.УУГАНБААТАР