Аймаг, нийслэлийн гудамж талбайгаар дүүрэн сонгуулийн сурталчилгааны самбар, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэр дэвшигчдийн зураг байна. Хэд алхаад л нэг хүнтэй байн байн “тааралдаад” байх нь үнэндээ түвэгтэй ч юм шиг. Самбараар “зодсон” сурталчилгаа нь хэн нэгнийг сонгоно гэхээсээ илүү тээр шаах сэтгэгдэл төрүүлээд буйг эрхэм нэр дэвшигчид, түүний PR-ийн багийнхан нэг л ойлгохгүй байна. Уг нь сурталчилгааны үеэр нэг нэр дэвшигч хэдий хэмжээний самбар ашиглах тухай тоо, хязгаарыг тогтоосон журмыг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд СЕХ баталсан байгаа. Үүний дагуу албан ёсны зөвшөөрөлтэй самбарын тоо дүүрэгт 460, суманд 200 хүртэл байх ёстой. Мөн самбарын хэмжээ жижиг бол нэг тал нь таван ам метр, дунд нь 30 ам метр, том нь 120 ам метрээс илүүгүй байх ёстой хэмээн зааж өгчээ. Гэхдээ энэ тогтоолыг тоож үйл ажил лагаандаа мөрдөж байгаа нэр дэвшигч үнэндээ алга. Зөвхөн УИХ-ын сонгуульд л гэхэд 540 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учир СЕХ-ны хэдэн гишүүн битгий хэл дүүргийн ИТХ ч хяналтаа алдчихсан бололтой.
Нийслэлийн дүүргүүд өрсөлдөгч олонтой байгаа. Хүн ам олонтой, гурван мандаттай Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 28 хүн өрсөлдөж буй юм. Сонгинохайрханд 27, Баянголд 18, Сүхбаатарт 17, Хан-Уулд 16, Чингэлтэйд 19 хүн нэр дэвшиж буй бол хамгийн цөөн өрсөлдөгчтэй тойрог нь Баян-Өлгий аймаг байна. Тэнд долоон хүн нэр дэвшжээ. Сонгуулийн хуулийн дагуу самбар, ухуулах хуудас, уриалга, зурагт хуудасны хэмжээг нэр дэвшигчдэд тэгш хуваарилах учиртай. Тиймээс СЕХ-ноос гаргасан самбарын хязгаарыг нэр дэвшигчдэд хуваагаад үзье. Баянзүрх дүүрэгт нэг нэр дэвшигчид 16 самбар ногдож байна. Гэвч энэ тэгш эрх хангагдахгүй байгааг захын сонгогч гудамжин дахь самбарыг хараад мэдчихэж болно. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж буй 19 хүн бүгд самбар ашиглан сурталчилгаа хийж чадаж байна уу гэдгийг л сонирхъё. Тус тойрогт МАН-аас Д.Очирбат, Д.Зоригт, АН-аас Б.Батбаатар, Г.Баярсайхан нар өрсөлдөж байгаа.
Том намуудын дөрвөн нэр дэвшигчийн дунд хүртэл ялгаварлал бий болчихжээ. Б.Батбаатарын зурагтай самбар тэнд харагдахгүй. Харин нөгөө гурав нь самбараар “зодож” байна. Д.Очирбат, Д.Зоригт, Г.Баярсайхан нарын зураг энэ дүүргийн нутаг дэвсгэрт алхам тутамд тааралдана. Том намын нэр дэвшигчдэд санхүүгийн асуудал тулгардаггүй биз. Гэтэл яагаад зарим нь “самбар мэн” болоод бусад нэр дэвшигч нь тэр “индэр”-т харагдахгүй байна вэ. Эхлээд самбарын түрээсийг сонирхлоо. Хоёр урсгалтай замын дундуур голдуу байрладаг том самбарын түрээс хоногийн 1-2 сая төгрөг байдаг аж.
Зам дагуух гэрлэн дохио болон газар байрлуулсан жижиг нь хоногийн 30-40 мянган төгрөгийн төлбөртэй юм байна. Тус дүүрэгт нэр дэвшиж буй нэг хүнд 24 самбар ногдоно. Гэтэл нэр дурдсан эрхмүүд хэдэн зуугаар нь сурталчилгааны самбараа байрлуулсан байх юм. Өнөөх хууль, тогтоол тэдэнд огт хамаагүй бололтой. Хэвлэл, телевизээр нэвтрүүлэх сурталчилгаа ны цагийг ч бас хязгаарласан ч самбарын жишгээр хэтрүүлж буйг судалгаагаар тогтоосон байна лээ. Самбар руу хошуурсан сурталчилгаа нь түүний үнийг хөөрөгдөж, бүр мөнгөтэй нэр дэвшигч илүү хөлс төлөөд нөгөөгийнхөө гэрээт талбайг булаах явдал ч гарсан юм билээ. Том намуудын дунд байдал ийм байхад гуравдагчид самбарын тухай зүүдлэх ч хэрэггүй болж байна. ИХН өчигдөр мэдээлэл хийхдээ энэ тухай гомдол мэдүүлжээ. Хан-Уул дүүрэгт АН-ын хоёрын хөтлөлцсөн зураг хаа сайгүй. Гэхдээ МАН-аас нэр дэвшигч Ц.Батбаяр энэ хавьдаа самбар “эзэгнэгчээр” тэргүүлж байгаа юм.
Уг нь Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийг зөрчвөл нэр дэвшигчээс эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах учиртай. Байдал хяналтаас гараад байна гээд орхих учиргүй. СЕХ хяналтын үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Уг нь тэд сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, оролцох эрхийг хэд хэдэн төрийн бус байгууллагад олгож, Хяналтын зөвлөл ч байгуулсан. Тэд нар нь ажлаа хийж байгаа үгүйг ч шалгах ёстой. Уг нь самбар их өлгөснөөр нь биш, хэн илүү зөв бодолтой, зөв үйлдэлтэй, бас хэр их ажил хийж бүтээснийг, бүтээхийг нь иргэд хардаг. Түүнээс биш иргэд самбар сонгох гээгүй байлтай.
С.ТУУЛ