Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.
-Та шилжилтийн хүнд үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Тэр үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлагаа эхлэх үү?
-Улс төрийн давалгаа, бужигнаан тай үе байсан. Энэ байдлыг мэдэрсэн Улс төрийн товчоо солигдож, 1990 оны 3 дугаар сарын 21- нд СнЗ-ийн даргын хариуцлагатай, нэр хүндтэй албанд намайг, АИХ-ын даргаар П.Очирбатыг томилсон юм. Манай Засгийн газарт шинэ нийгмийнхээ анхны гарааг зөв хийх хариуцлагатай үүрэг оногдсон. Социализмаас капитализмд шилжих их замын эхний хэдэн овоо шороог бид хүрзэдсэн. Улс төрийн нөхцөл байдал хүнд байсан хэдий ч манай Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийн онцлог бол зах зээлийн эдийн засагт төрийн зохицуулттай шилжих явдал байсан юм. Үүнийг ардчиллын залуус их эсэргүүцэж байсан. Гэхдээ энэ нь өмнөх нийгмийнх шиг төрөөс бүхнийг шийддэг төвлөрсөн төлөвлөгөөт биш эхний үед төрөөс зарим зохицуулалтыг хийж өгөх, нийгмийн өөрчлөлтийг аажмаар хийх тухай асуудал байсан юм. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулах ямар ч боломжгүй, улс орны амьдрал далайд явж байгаа сэлүүргүй завь адил л болчихсон байсан. Бүгд социализмийн дараа коммунизм байгуулна гэсэн онолоор явж байсан улс. Капитализмд орох юм гэж зүүдлээ ч үгүй явж. Капитализмын онолыг мэддэг хүн бараг байгаагүй, барууны онолыг шууд л хуулаад авчихсан юм шүү дээ. Японы эрдэмтэн Хироно “Та бүхэн зөв зам сонгожээ. Одоо ухрах зам байхгүй. Харин энэ замаар огцом хурдаар бус өөрсдийн уламжлал, онцлогт шигтгэж аажуу хөдлөх хэрэгтэй” гэж зөвлөж байсан юм. Манай Засгийн газар ч ийм бодлогыг барьж байлаа. 1992 онд Д.Бямбасүрэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь Засгийн газар өмнөх бодлогыг алдагдуулж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Заксын зөвлөснөөр эдийн засгийн “цочир эмчилгээ” явуулж, улс орны эдийн засгийг уналтад оруулсан. Улс орон тэр үед жинхэнэ утгаараа “сэлүүргүй завь” адил болсон.
-МАХН буюу одоогийн МАН-ыг Ардчиллын 20 гаруй жилийн ихэнхид нь засаг барьсан гэж олон нийт ойлгодог. Гэтэл түүхэндээ хоёр удаа л Засгийн эрхийг барьж, бусад үед нь дандаа эвсэж, 1996- 2000 онд сөрөг хүчин болсон байдаг. П.Жасрайн Засгийн газар маш хүнд үед улс орныг өндийлгөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?
-1991-1992 онд эдийн засаг элгээрээ хэвтсэн. Ард түмэн 1992, 2000 онд МАН-д итгэлээ өгч сонгож үнэмлэхүй олонхи болгож байсан түүх байдаг юм. Аргаа барж ядраад л түшиг, тулхтай гэж МАН-д итгэсэн хэрэг шүү дээ. Тэр итгэлийг л алдаж болохгүй. П.Жасрайн Засгийн газар эдийн засаг зах зээлд шилжих арга хэмжээг авч, Монголын төрх үнэртсэн хөгжлийн бодлого явуулж эхэлсэн. Зөв гольдрилд нь оруулж, хөл дээрээ босох суурийг нь тавьж өгсөн юм. Гэтэл 1996-2000 онд юу болов. Ард түмнийг дахиад л элгээр нь хэвтүүлсэн. Улсын төсөв гүйчихсэн. Аймаг орон нутагт цалингаа 3-6 сараар тавьж чадахгүй байдалд хүрчихсэн байсан юм шүү дээ. Банкуудыг яаж дампуурууллаа. 2000 онд биднийг сонгуульд нэр дэвшээд явж байхад ард иргэд “бидний цалин тэтгэврийг л хугацаанд нь тавьж өгдөг болгож өгөөч, өөр юу ч хүсэхгүй” гэж хэлж байсан. Үнэхээр аргаа барсан хэрэг шүү дээ. Ингээд МАН 2000 оны сонгуулиар 71 суудал авсан, 1992 он давтагдсан.
-Чухал он жилүүдэд АН-ын залуус үнэхээр муу ажилласан гэж л хэлэх гээд байна уу?
-АН бол улс төрийн том хүчин. Намыг муулна гэж юу байх вэ. Намыг удирдаж байгаа хүмүүст л гол нь байна. Энэ утгаар нь авч үзэх юм бол Ардчилсан намын удирдлагад улс орноо гэсэн бүрэн сэтгэл дутагддаг. Ард түмэн яагаад 1992, 2000 онд МАХН буюу МАН-д эргэсэн юм, МАХН-д хайртайдаа биш. Улс төрд дүгнэлт хийх гол асуудал энэ.
-Иргэдийн ихэнхи нь цэнхэр, ягаан тасалбарын үр шимийг хүртээгүй, хүртэх нь байтугай энэ цаасны учир начрыг ч ололгүй тавиад туучихсан хүмүүс олон бий. Зах зээлийн ойлголттой, овсгоотой цөөхөн хэдэн хүмүүс хөрөнгөтэй болсон нь нууц биш. Нэг ёсондоо гарааны тэгш бус байдал эндээс эхтэй болов уу. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өмч хувьчлал буруу явагдсан. Хувьчлалын олон хэлбэрийг ашиглаж болно гэж Үндсэн хуулиндаа заасан байдаг ч ашиглаж чадаагүй. Ялангуяа ХАА-д өмч хувьчлал гэрээ түрээсийн байдлаар ч юмуу өвөрмөц байдлаар явж болох байсан. Өмч хувьчлалаар газар, мал хувьд очсон. Олон зууны турш малаа маллаад ирсэн ард түмэн малаа хувьдаа аваад хохироогүй. Сүүлийн жаранд шинэ тутам хөгжиж байсан газар тариалан хувьд очоод уналтад орсон. 1990 оноос газар тариалангийн салбар элгээрээ хэвтэж, чанаргүй хүнс ногоо бид гаднаас хэдэн жил зөөж хэрэглэв. Газар тариалан саяхнаас л эргэн сэргэх хандлагатай болж байна. Барууны онолыг сохроор дагасныхаа горыг бид хангалттай амссан. Сэтгэлзүйн ямар ч бэлтгэлгүй ороод хохирсон хэрэг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тариаланч Нацагдорж “Тариаг талбайд ургуулахын өмнө тариаланч хүний тархинд нь ургуулах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг юм. Энэ бол маш том утгатай үг юм шүү.
-Танай нам МАН гэсэн уугуул нэрээ сэргээж авсан. Гэвч цаана нь МАХН гэсэн нэрийг ашиглаж улс төр хийж байгаа хүмүүс бий. Нам хоёр хуваагдсан гэсэн ойлголтыг тэд төрүүлж буй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-1921 онд анх авч байсан Монгол Ардын Нам гэсэн ууган нэрээ л сэргээсэн. Нам хоёр хуваагдаагүй. Үүнд эргэлзээ байхгүй. МАХН гэсэн нэрийг манай намаас гарсан, бусад нам эвслээс хөөгдсөн зарим нэг хүмүүс ашиглаад явж байгаа, жагсаалтын 19-т бичигдсэн. Сонгуулийн энэ үед нам хоёр хуваагдсан юм шигээр тархи угааж байгаа нь зохисгүй юм. Ер нь нэрний асуудал арваад жилийн өмнөөс яригдаж байсан зүйл. Хувьсгалт гэдэг үгнээс дэлхий нийт жийрхэж байна, коммунист нам гэсэн ойлголт их байна, нэрнийхээ “хувьсгалт” гэсэн үгийг авья гэдэг саналыг Н.Энхбаяр дарга ч хэлдэг байсан юм шүү дээ. Энэ үзэл намын 26-р Их хурлаас өмнө бий болсон зүйл. Ард түмэнд таалагдах гэдэг утгаар биш, хөгжлийнхөө жам ёсны дагуу л явж байгаа ийм нам.
-Намуудын үзэл баримтлал хоорондоо адил байна. Барууны зүүнийх нь ялгагдахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ талаар таны бодол.
-МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Хэт зүүн тийш хазайж, нийгмийн халамжийг хавтгайруулж байсан үе бий. Үүнээсээ татгалзсан. АН бол цэвэр барууны чиглэлийн нам. Танай АН яагаад барууныхаа сонгомол утгаар байдаггүй юм бэ гэж зарим гадаадын хүмүүс надаас асуудаг. Яг үнэндээ сонгуулийн үед манай улс төрийн 2 том намын ялгаа нь бага болчихдог нь нууц биш. Барууны л нам юм бол барууныхаа үзэл баримтлал дээр хатуу байх хэрэгтэй. Үзэл бодлын ялгарал байх ёстой. Ард түмэнд таалагдах жүжиглэх хэлбэрээр явж байгаа нь буруу.
-Та МАН-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн харж байна?
-Миний Монгол ухаантай ард түмэн. Бодлогоо бидэн рүү чиглүүлж байна уу, үгүй юу, улс орны хөгжилд юу хийх нь вэ гэдгийг мэдэж байгаа. Тэр намдаа саналаа өгнө. МАНын мөрийн хөтөлбөрийн хувьд ард түмнийхээ санал бодлыг сонссон, айл өрх бүрт чиглэсэн хаалгаар нь орсон амьд мөрийн хөтөлбөр болсон. МАН болоод хийсэн анхны мөрийн хөтөлбөр. 100-д дөхсөн хувиар биелэх боломжтой. Ард түмэн засаг амьд холбоотой байж энэ хөтөлбөр хэрэгжинэ.
-2008 оны сонгуулийн дараа МАН олонхий болсон ч АН-тай эвсэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч АН хамтарсан Засгийн газраас гараад явчихсан...?
-Эвт шаазгай буга барина гэж нэг сайхан үг бий. АН-д тал зассандаа биш улс орныхоо хөгжлийн олон чухал асуудлыг хамтдаа шийдэх гэж алсыг харсан буурьтай нам учраас хамтарсан Засгийн газрыг байгуулсан. МАН бол эв эеийг хичээдэг нам. МАН дангаараа Засгийн газраа байгуулсан бол ажил явахгүй, 2009 оныхоо төсвийг ч баталж чадахгүй байсан байж мэдэх юм. Хамтарсны хүчинд олон асуудлыг шийдэж чадсан. Мэдээж хэрэг алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Гэвч бас яав, юу болов. Ачааныхаа тэнг таталгүй Засгийн ажлыг хаяад гараад явчихсан. Юу хэлээд гараад явав гэдгийг нь хар цагааны дэнсэн дээр тавьж ард түмний ой санамжид оруулах хэрэгтэй. Н.Алтанхуяг эвсэж байхдаа хэзээ ч Засгийн газраас гарахгүй гэж ярьж байсан, одоо юу ярьж байна. МАНтай хэзээ ч эвсэж хамтарч болохгүй юм байна, ажил хийлгэхгүй шахаж хавчдаг хэмээн ичих булчирхайгүй ярьж байна. Н.Алтанхуягийн шар царай уг нь нэг л баймаар юм. МАН түүхийнхээ 90 жилд ч, ардчиллын он жилүүдэд ч ард түмнээ хэзээ ч хаяж байгаагүй элэгтэй, ээлтэй нам. Алдаж оносон зүйл байсныг бол үгүйсгэхгүй. 2012 оны сонгуульд ард түмэн мэргэн сонголтоо хийнэ биз дээ.