Түүнийг би мэднэ. Гэхдээ мэддэггүй ажээ. МАН-ын хүчтэй улстөрч, залуу үеийнхний содон төлөөлөл гэдгийг нь мэднэ. Харин хэд хэдэн дууны шүлэг бичсэн шүлэгч, дэлгэцийн фанат, кино урлагийн галзуу дэмжигч, туршлагатай продюссер гэдгийг нь мэдэлгүй өнөөг хүрчээ.
Уран бүтээлийн олон сайхан найз нөхөдтэй энэ залуу Драмын театрт сэтгэлээ гээж, МАН-ын бодлогод итгэлээ зангидаж, хэд хэдэн кинонд продюссерээр ажиллан, төрийн асуудлыг түүртэлгүй хэлэлцдэг “сонирхолтой бүтэцтэй” нэгэн. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын энэхүү этгээд “эд эсийг” шинжлэхээр зорив.
ӨӨРСДӨӨ ЗАЛУУ ЯВААГҮЙ ЮМ ШИГ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ХАТУУРХАХ ХЭРЭГГҮЙ
-Саяхны явдлаас ярилцлагаа эхлэх үү? АН-ын гишүүн Р.Гончигдорж өөрийг тань нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулахаар СЕХ-нд гомдол гаргасан. Энэ хэр үндэслэлтэй гомдол байв, эмээх сэтгэл төрсөн үү?
-Миний хувьд үүргээ гүйцэтгэсэн. Хийх ёсгүй юм хийгээгүй. Сонгуулийн үеэр хүчтэй улс төрийн хүчний удирдлагад ажиллаж байгаагийн хувьд хэвлэлд гарсан мэдээллийг шалгах хүсэлтийг хариуцаж байгаа төрийн байгууллагад нь тавих эрхтэй. Түүнээс биш Гончигдорж гэдэг хувь хүн рүү нь дайраагүй. АН-ынхан залуу, шинэ үеийнхэндээ халгаатай юм даа гэсэн бодол маань лавширсан.
Өөрсдөө залуу яваагүй юм шиг хойч үеийнхэндээ хатуурхах хэрэггүй. АН-ын ахмадуудыг ид залуу байх үед нь төр, нийгэм уухайлан дэмжиж угтсан. Гэтэл одоо өөрсдийнх нь ээлж ирэхэд уужуухан хандаж чадахгүй байна. Зөвхөн манай намын ч биш, өөрсдийнхөө залууст халгаатай. Залуусыг нухчин дардаг, урмыг нь хугалдаг тэр соёлоо Монголын улс төрд оруулж ирэх гэж түрэмгийлж байгаад нь АН-д дургүйцдэг. Дургүйцлээ илэрхийлэх эрх надад төдийгүй залуу хүн бүрт байгаа гэж бодож байна.
-Үүнийг соёл гэж хэлэхэд хэцүү л дээ. Оны ялгаа, дараагийн үеийнхэндээ дарамт учруулдаг хуучирсан арга барил гэвэл илүү онох байх?
-Өнгөрсөн 22 жилийн турш АН-ын эрх барих дээд байгууллагыг барьж байгаа хэдэн хүн бий. Тэд өөрсдийгөө одоо болтол залуу гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл эргээд харахад хоёр арван өнгөрсөн байна. Хэд хэдэн үеийнхэн бойжиж, төлөвшиж, ачаа даах болон өндийсөн байна. Үүнийг ойлгож, хойч үеийнхнээ үнэлж, итгэл хүлээлгэдэг байх нь том чанар юм. МАН тийм байж чадсан. Үүгээрээ ч бахархдаг. -Тэгвэл 22 жил өнгөрөхөд МАН-д юу өөрчлөгдөв? -Хоёр зүйлийг онцолж хэлнэ. Ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн алтан хэлхээн дээр МАН оршин тогтнодог. Уламжлал шинэчлэлийг хослуулсан бодлого явуулдаг нь өөрөө МАН-ын үнэ цэнэ юм. Улс төрийн нам гэдэг бол хүн, үзэл бодол, үнэт зүйл гурвын эрхэм нэгдэл байдаг. Үнэт зүйл, үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл нь тухайн цаг үедээ уг намыг тодорхойлдог. МАН энэ алтан хэлхээг эрхэмлэж чаддаг. Боловсон хүчний бодлого, үзэл баримтлал, үнэт зүйлээ өөрчлөн шинэчилж чадаж байгаа нь өнөөдрийн МАН-ыг төлөвшүүлж, хүчтэй болгодог.
-1990 оноос хойш АН-ын хувьд үе солигдсонгүй гэж хэлж болох нь. Тухайн үед энэ намыг удирдаж байсан цөөн хүн одоо ч удирдах ажлаа хийсээр байгаа. Харин МАНын хувьд хэдэн үе өнгөрөв? Хэд дэх үеийнхэн гарч ирэв?
-Өнгөрсөн хугацаанд МАН-д тав дахь үеийнхэн орж ирж, шийдвэр гаргах төвшинд ажиллаж байна. Ж.Батмөнх, буурал хэмээх Г.Очирбат, Б.Даш-Ёндон даргын үеийнхэн, залуустаа тодруулбал Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарт боломж олгож байлаа. Залуустаа итгэл хүлээлгэдэг уламжлалаа хэн хэн маань эрхэмлэсээр ирсэн нь МАН-д шинэчлэгдэх, цаг үедээ түүчээ нь, тэргүүн нь байх боломжийг авчирсан. Энэ зарчмаар С.Батболд, У.Хүрэлсүх, М.Энхболд нар орж ирж, араас нь Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатарын үеийнхэн МАН-д хөл тавилаа. Залгаад 1980-аад оныхон орон зайгаа эзэлж эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар “1990-ээд он” клубийнхэн эвсэн нэгдээд орж ирж байна. Энэ бол нэг талаар МАН-ын бахархал, МАНын ирээдүй. Улс орны хэтийн хөгжлийг тодорхойлж болох том шалгуур, бас боломж.
МАН СААД БЭРХШЭЭЛ, СОРИЛТТОЙ УЧРАХ БОЛГОНДОО НЯГТАРЧ ИРСЭН
-Сонгуулийн сурталчилгаа үндсэндээ өндөрлөж байна. Улс төрийн хоёр том хүчин болох МАН болоод АН сонгуулийн өнгийг голлон тодорхойллоо. Сайн муу, сайхан муухай олон мэдээлэл, сурталчилгааг сонсож, эргэцүүлэх боломж олдлоо. МАН-ын нарийн бичгийн даргын хувьд чухам юунд эмзэглэв?
-МАН аль болох хийсэн ажил, хийх ажлаа таниулж, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлд өх гэгээлэг зарчмыг баримталсан. Сонгууль болохоор л гэнэт тэнгэрээс буугаад ирсэн юм шиг, гэнэт л болохгүй бүхнийг олж харсан юм шиг үгүйсгэл, сөргөлдөөн, зөрчлөөр нийгмийг буддаг хүнлэг бус алхмуудыг хэн нь хийж байгааг олон нийт мэдэж байгаа. Сонгуулийн маргааш ч нар мандсаар байдаг гэдгийг хэлмээр байна. Сонгууль гэдэг чинь сонгогч түмний хувьд хариуцлагатай, хүндэтгэлтэй үйл явдал. Гоёлын хувцсаа өмсөөд санал хураах байранд очдог, төрөө сонгох эрхээрээ бахархдаг ард түмэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хэчнээн өрсөлдөж байгаа ч гэсэн хамтын ажиллагаа, нэгдмэл чанарыг агуулсан өнгө төрхийг бий болгох нь улс төрийн намуудын үүрэг, нэг талаар соёл болж төлөвших ёстой.
-МАН-ыг дайрч давшилсанд эмзэглэхээсээ илүүтэй, сонгогчдыг хүндэлсэнг үй гэж бухимдаад байгаа юмаа даа, та?
-Тэгж ойлгож болно. Улс төрийн соёл гэж нэг юм байна. Уламжлуулж үлдээх хэв маяг, мөн чанар гэж бас байна. Төлөвшил нь зөв бол төр зөв байх юм. Сонгууль л юм бол энэ үеэр сонгогчдын эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Гэтэл АН-ын хувьд улс төрийн нам, нэр дэвшигчдийнхээ эрх ашгийг нэгд тавиад, сонгогчдоо мартаад байх юм. Байх ёстой зүй тогтол, эрх ашгийн зөв эрэмбэ гэж бий. АН-ын хувьд энэ эрэмбэ буруу талаасаа эхэлдэг бололтой. Сонгуулийн булхай, луйвар гэдэг зүйл энгийн иргэн юм уу, сонгогчоос гардаг үйлдэл биш. Улс төрийн нам, улстөрчдөөс гардаг. Тиймээс улс төрийн намууд сонгуулийн үеэр соёлтой ажиллаж, төлөвших нь чухал.
-Энэ удаагийн сонгууль МАН-ыг олон талаас нь сорьж байна. Яах аргагүй танай намаас тасарсан улс төрийн хүчин болох МАХН байна. Бас хамтран ажиллаж байсан АН замын дундаас хаяж явлаа. Энэ бүхнийг МАН амжилттай туулж, үзэл баримтлал, гишүүнчлэл, үнэт зүйлээ хямгадан үлдэж чадлаа. Харин яг гардан ажиллаж байгаа та нарын хувьд хэр хүнд тусав?
-Амаргүй өдрүүд гэж хэлнэ. Өрсөлдөөн л юм болохоор бэрхшээлтэй, даваа олонтой. Гэхдээ МАН-д онцлог бий. Гаднаас ирж байгаа дайралт болгоныг сөрж, улам бүр нягтардаг сонин бүтэцтэй. Өөрийгөө хамгаалдаг амьд тогтолцоотой. 100 шахам жилийн түүхэндээ МАН олон олон дайралт, саад бэрхшээлийг давсан. Тухай бүр нэгдмэл, бат нягт болж ирсэн. Нэг үгээр хэлбэл, улс төрийн нам хэмээх амьд ойлголт, амьд ухаан, амьд бүтцийг жинхэнэ утгаар нь бий болгож чадсан. Амьд хүнээс аль нэг эрхтнийг нь салгаад авчихаж болохгүй. Авах гэвэл хэн ч байсан өөрийгөө хамгаална. Үүнтэй адил МАН олон мянган гишүүний зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн амьд нэгдэл юм. Анх үүсэн байгуулагдахдаа ч эрх чөлөө, тусгаар тогтнол хэмээх хүчтэй зорилгын дор, асар хүчтэй итгэл үнэмшлээр тэжээгдэн бий болсон. Ганц МАН ч бус, ийм улс төрийн хүчин дэлхийд цөөнгүй байдаг л даа. Энэтхэгийн үндэсний конгресс нам, АНУ-ын хоёр том нам, Японы либерал ардчилсан намыг дурдаж болно. АНУ-ын хоёр том нам өнөөгийн Америк орныг тодорхойлж, Японы либерал ардчилсан нам дэлхийн II дайны дараах энэ улсыг босгосон бол МАН Монгол Улсын тусгаар тогтнолыг авчирч, ХХ зууны их бүтээн байгуулалт, ХХI зууны эх орноо манлайлж байна.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙХГҮЙ. ӨШИРХӨЛ ХОРСОЛД Ч ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ТЭГЭХЭЭР МАХН ИРЭЭДҮЙГҮЙ
-МАН уугуул нэрээ сэргээж авсан. Гэтэл МАХН гэдэг нэртэй нам бий болчихлоо. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАХН хэмээх нэрийг хууль бусаар авч, 19 дэх улс төрийн хүчнийг байгуулсан Н.Энхбаяр тэргүүтэй цөөн улстөрчийн хувьд би хэдэн зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Мэдээлэлгүй, юм мэдэхгүй хэмээн ард түмнээ басамжилж, МАХН гэдэг нэрээр хуурч санал авахыг оролдож байгаа нь өөрөө энэ хүмүүсийн бодит дүр төрх, үнэн байдлыг илчилж буй хэрэг юм. Монголын ард түмнийг басах хэрэггүй. Мэдээлэлжсэн нийгэмд бид амьдарч байна. Нөгөө талаар энэ хоёр нам үүсэл гарлаараа, түүх соёлоороо, үнэт зүйл, үзэл баримтлалаараа, гишүүд дэмжигчдийнхээ итгэл сэтгэлээр эрс ялгаатай. МАХН гомдогсод, өширхөгсдийн цуглаан бол МАН эх орныхоо түүхийг бүтээж ирсэн түүхэн нам. Зүгээр яахав, Н.Энхбаярыг өрөвдсөн сэтгэл дээр түшиглэсэн нийгмийн сэтгэхүй бий болсныг үгүйсгэхгүй. Гэвч Н.Энхбаярт хандаж буй энэхүү өрөвдөх сэтгэлийн ард нуугдан төрд шургалах гэсэн хүмүүс завших аюул бий. АНын угшилтай, төрөлх намдаа багтаж шингээгүй Цолмон, Батцэрэг, Сономпил нарын хүмүүсийг дурдаж болно. МАХН мордохын хазгай гэгчээр үүслээсээ, сэдлээсээ эхлээд хууль зөрчсөн, өширхөл хорслоор зангидагдсан нам. Хууль зөрчсөн үйлдэлд ирээдүй гэж байхгүй. Өширхөл хорсолд ч ирээдүй гэж байдаггүй.
-АН-ын өөрчлөгдөж шинэчлэгдэхийг хүлээсэн залуу үеийнхний урам хугарч байна. Энэ нам МАН-ын хүчтэй өрсөлдөгч. Хүчтэй өрсөлдөгчдөө хүн бас хайртай байдаг. Өрсөлдөгчгүй болчихвол өрсөлд өөнгүй, өөрийгөө шин жих сорих шалтгаангүй, үнэ цэнээ мэдрэх боломжгүй үлдэх болно. Тэгэхээр АН-ын төлөвшил МАН-д бас хамаатай?
-Өрсөлдөөн зөв байх тусмаа аль алиныгаа ирлэдэг, хурцалдаг. Хөгжиж дэвшихэд түшиг тулгуур болдог. Гагц хүү өрсөлдөөнийг зөв өр нүүлж, шүүмжлэлийг зөв шин гээх ёстой. Харин гүтгэлэг доромж лолыг хэзээ ч тэвчиж болохгүй. АН-ын удирдлагад байгаа цөөн хүний алдаатай бодлого энэ намд зүй ёсоор ирэх ёстой өөрчлөлт шинэчлэлийг үгүйсгэж байна гэж би хувьдаа боддог. Түүнээс биш АНын гишүүдэд, үнэт зүйлд нь, либерал консерватив үзэлд нь буруу байхгүй. Удирдлагууд нь эрх ашгийн эрэмбээ буруу тодорхойлдог. Хөрөнгө мөнгө, албан тушаал тойрч нэгддэг. Асуудал тойрч бус, авах идэх, албан тушаалаа тойрч фракц болоод байгаа юм болов уу даа.
Ардчилсан Нам дотор 10-20 жил оршин байгаа фракц буюу хэсэг бүлэг хүмүүсийн зүй бус нэгдэл байна. Уг нь тухайн асуудал шийдэгдмэгц фракц тарж, дараагийн асуудал гарч ирэхэд үзэл бодлоороо, өөр өөрийн байр сууриараа хуваагддаг, нэгддэг байх ёстой. Улс төрийн эрүүл зарчим нь энэ юм. Мөнхийн фракц гэж байх боломжгүй. Тэгвэл нам гэж байгаад яах юм. АН төлөвшиж, шинэчлэгдэж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан нь боловсон хүчний шинэчлэл удаан явагдаж байна. Шинэ уур амьсгал, шинэ дуу хоолой орж ирэх механизм нь тодорхойгүй байна. Тодорхойгүй газар асуудал удаан шийдэгддэг. АН-д олон нийтийн итгэл дэмжлэг, гишүүдийнх нь зүтгэл дутаагүй. Харин энэ итгэл, зүтгэлийг хэрхэн даах вэ гэдэгт учир нь байгаа юм. Өнгөрсөн 22 жилийн 14 жилд нь АН дангаар юмуу, бусадтай хамтарсан хэлбэрээр төр барьсан. Засгийн эрхэнд гарах болгондоо хаяж, зугтаж, хагарч бутарч явсан. Замын дундаас буцдаг нөхөд л дөө. Энэ нь АН-ын төлөвшил ямар байгааг харуулах үзүүлэлт.
АН АРВААД КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ БОЛСОН
-Танай намд Энхбаяр гэж яг иймэрхүү үзэгдэл байлаа. Харин одоо АН-д Энхбаяризм буглаад, түүнийг нь хэд хэдэн хүн хөгжүүлээд байгаа юм биш үү? Та нар ч бас энэ түүхийг туулсан?
-Эхлээд нам гэж юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нам гэдэг бол үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн олон түмний нэгдэл. Цөөн хүний эрх мэдэлд хүрдэг шат, албан тушаалд хүрдэг гүүр биш. Түүнийгээ харамлаад цайз босгодог. Тэр цайзад нь салхивч байхгүй, агааржуулагч байхгүй, залуу үеийнхнийг оруулах хаалга байхгүй. Ардчиллыг өмчлөөд цоожилчихдог байж болох уу? Идээ бээр нь хуримтлагдсаар нэг л өдөр тэсэрнэ, дэлбэрнэ. АН 10-аад компанийн эзэмшил болсон. “Бодь”, “АПУ”, “Женко”- гоор дамжиж байж АН-д ордог. Ардын хүүхэд АН-д орлоо гэхэд шийдвэр гаргах түвшинд гарч ирэх боломжгүй.
-Албан тушаалыг мөнгөөр авдаг асуудалд МАН-ыг ч бас хамаатуулдаг?
-Би энэ намд 10 гаруй жил боллоо. Үйлдвэр худалдааны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын алба хашиж байлаа. Хариуцлагатай мэдэгдэхэд, баримттай ярьж байя. Би Өвөрхангайн Хар хорины хүүхэд. Нутагтаа 10-р ангиа төгсөөд хотод анх хөл тавьж байсан. Ээж, аав хоёр маань жирийн сэхээтэн. Оюутан байх үедээ МАН-ын дэргэдэх оюутны анхны байгууллага болох “Тэмүүлэл” хөдөлгөөнийг бай гуулан, удирдаж байлаа. Манай Л.Оюун-Эрдэнэ л гэхэд Хэнтийн Бэрхийнх. Өвөө дээрээ өссөн. Дунд сургуулиа сумдаа дүүргэсэн. Хэнтийн Бэрх тосгоны Тамгын газраас ажлын га раагаа эхэлсэн. Д.Цогтбаатар маань Улаанбаатарын ХанУулынх. Орос, Австралид боловсрол эзэмшээд ирсэн. Бид бүг дээрээ л ардын хүүхдүүд. Аавын хаа намыг өвлөж, тойргийг нь хувьчилж, нэр дэвших эрхийг нь залгамжилж аваагүй.
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Академийн хүүхдүүд гэж шижигнэсэн залуус байсан гэлцдэг. Тэдний нэг нь Содбаатар гэж сонссон юм байна?
-Би ШУА-ийн дэргэдэх Технологийн дээд сургууль төгсс өн. Ангийнхнаараа ба харх даг. Тухайн үедээ хамгийн шилдэг сурагчдыг нэгт гэн нэг анги болгож бай лаа. Шилдэг гэдэг нь 1992 оны 10-р анги төгсөгчдийн дундаас математик, физик, химийн олимпиадын эхний 10 байранд орсон хүүхдүүдээр нэг анги байгуулсан болохоор тэгж хэлсэн хэрэг. Биднийг “Академийн хүүхдүүд” гэдэг байлаа. Академийн хэдэн хүрээлэнг дамжин бэлтгэгдсэн, техник технологи, нийгмийн чиглэлийн мундаг том эрдэмтдийн гар дээр эрхлэхдээ эрхэлж, зэмлүүлэхдээ зэмлүүлж хүн болсон залуус бий. Улс төрд явж байгаа нь ганц би байх шиг байна. Бусад маань дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа. Microsoft компанид есөн монгол залуу ажилласан түүх байдаг. Тэдний анхны тав нь манай ангийнхан гээд бодохоор бахархахаас аргагүй.
СОНГУУЛЬ ДУУСГААД ОХИНТОЙ БОЛНОО
-Гэр бүлийнхнийгээ танилцуулбал ямар вэ? Хувийн бизнесийг тань сонирхож болох уу?
-Эхнэр маань эмч. Бид хоёр сайхан хүүтэй. “BES holding” гээд хувийн компанийг цэцэрлэгээсээ үерхсэн “коршокны” найзуудтайгаа үүсгэн байгуулсан. Зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эхнэр минь компанидаа ажиллаж байна.
-Хоёр хүү чинь та хоёроос охин дүү нэхэхгүй байна уу?
- Сонгууль дуусахаар л охинтой болно доо. (инээв)
-“Танихгүй эмэгтэйн захидал” зэрэг хэд хэдэн кинонд продюсерээр ажилласныг чинь найруулагч Наранбаатараас сонссон. Кино урлагт дурласны “улс төрийн” шалтгаан юу вэ?
- Эдийн засаг, уул уурхайн хөгжил яриад эхлэхээр нөгөө талд нь залуусын маань оюун санааны хөгжил, оюун санааны сэргэн мандалт зайлшгүй байх ёстой. Үүнд нийгмээ түүчээлж яваа хүмүүс нь сэтгэл зүрхээ чилээдэг байх учиртай. Хүн төрөлхтний ХХ зуунд гаргасан дэвшил бол кино урлаг. Киноны ид шидээр харанхуй Орос оронд хувьсгал гарч, зэрлэг капитализм болж байсан Америк өөрчлөгдсөн. Эдийн засгийн хөгжлийн зэрэгцээ оюун санааны, сэтгэлгээний том өөрчлөлтийг хамтад нь явуулж байж хөгжил жинхэнэ утгаараа ирнэ. Миний хувьд олон сайхан уран бүтээлч найзтай. Монголын уламжлал, ёс заншил, шашны үйлийг сонирхдог, түүх талаас нь судалдаг. Түүнийгээ хойч үеийнхэндээ хүргэж, эх орныхоо түүх соёлтой кино урлагаар дамжуулан танилцуулахсан гэж боддог. Миний мөрөөдөл юм даа. Улстөржсөн мөрөөдөл гэж ойлгоно уу, Монголын эгэл нэг залуугийн хүсэл тэмүүлэл гэж хүлээж авна уу, хүн хүний л хэрэг байх.
ЛИДЕРҮҮД БИЕ БИЕНЭЭ ТҮШИЖ ТӨРДӨГ ЮМ БОЛОВ УУ ДАА
-Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын эв түнжин, хамтын ажиллагааны талаар сайн, муу үг олонтаа сонсогддог. Ойрхон ажиллаж байгаагийн хувьд Содбаатар л үнэнийг хэлэх байх?
-Их зөв хослол энэ цагийн удирдлагад байна гэж хардаг. Олзуурхдаг, бахархдаг. Нэг нэгнийгээ нөхөж, дутуу дундуураа дүүргэсэн ийм хослол Монголын түүхэнд нэг бус байсан. МАН-ын анхны долоог хэлж болно. Х.Чойбалсан, О.Бумцэнд нарын хослол, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарын хамтын ажиллагаа, П.Жасрай, Б.Даш-Ёндон нарын эв нэгдэл, Л.Энэбиш, Н.Энхбаяр нарын гар нийлсэн цаг хугацаа, С.Баяр, М.Энхболд нарын үеийг дурдаж болно. Анзаараад байхад жинхэнэ монголжуу, ёс заншлаа дээдэлсэн удирдагч гэж байна. Цаг үеэ дагуулсан эрдэм боловсролтой, илүү нээлттэй удирдагч гэж байна. Тэдний аль алиных нь хослол өнөөдрийн Монголыг бүтээсэн. Манай М.Энхболд л гэхэд монголжуу. Морь мал ярина, монгол ахуйдаа ойрхон бол С.Баяр бол түс тас, орос школтой. Ер нь бол лидерүүд бие биенээ түшиж төрдөг юм болов уу даа.
-Сүүлийн асуулт. МАН-ыг сонгох ганцхан шалтгааныг хэлэх боломжийг өөрт чинь үлдээе.
-Ганц гэнээ. Хатуу байна шүү. Монголын ахмад, дунд, залуу үеийнхнийг өмч хөрөнгө, үүсэл гарал, нас шүд ялгалгүй нэгтгэж, тулах цэг нь болж чадсан МАН хөгжлийг авчирч, хөгжилд тэмүүлэх хүчтэй байгаагийн учир нь хүн хүнээ дагадаг, хүнийг хөгжил дагадагт буй. Хүн өөрийн зүрх сэтгэлийн дуудлага, үзэл баримтлал, үнэт зүйлээ сонгох ёстой. Ядарч яваа нэгнийгээ хараад барууны үзэлтэй АНын гишүүд “Шударга өрсөлдөөнд арчаагүйдээ ялагдаж дээ, хохь нь” гэж харах байх.
Гэтэл МАН-ын залуус “Төрийн бодлого хүндээ хүрэхгүй байна” гэж өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийж, бодож чаддаг. Үүнд л бидний мөн чанар байгаа юм. Тиймээс ч Монголыг Монголоор нь хөгжүүлж, Монголоор нь үлдээхийн тулд бүхнийг хийх зориг, хүсэл бидэнд байна. Хийсэн бүхнээ устгаж, арчиж хаях гэж буцаж бухахын оронд хийснээсээ илүүг хийж, бүтээснээсээ илүүг бүтээцгээе. Бидэнд хийсэн бүтээсэн бүхнээ нурааж, эвдэж, арчиж байсан үе бий. Харин одоо энэ гашуун үеийг давтах эрх байхгүй. Цаг хугацаа ч байхгүй. Тэгэхээр хөгжлийг сонгож, монгол мөрөөдлийг бий болгоцгооё.
Р.ЭМҮЖИН