Одоогоос 41 жилийн тэртээ Английн Йорк хотноо болсон байт харвааны ДАШТ-ээс анхны алтан медалийг мэргэн харваач Д.Дэмбэрэл эх орондоо авчирсныг монголчууд андахгүй мэднэ. Эх хүний авчирсан тэрхүү нандин медаль ирээдүй хойч үед булган сүүлээ хайрлаж, ялалт амжилтыг түүчээлэн дуудсаар өдгөөг хүрсэн юм.
Буурал Европын будант Альбионд тохиох олимпийн наадам манайханд дээрхийн адил өгөөжөө хайрлахыг билэгдэн хүсэж, цамцных нь захыг мушгин суух үүрэг бидэнд, ямар ч орны хүү, охины өөдөөс гал цогтой тэмцэх үүрэг тамирчдад оногдож байна. Зуны ХХХ олимпийн өрсөлдөөний талбараас “ургац хураах” боломж манайханд хангалттай байгааг үндэслэх хэд хэдэн шалтгаан бий.
1964 онд Наран улсад тохиосон олимпоос эхлэн, хүн төрөлхтөний цэнгэлийн манлай наадамд хүч сорьсон монголчууд удаах олимпуудаас алтан медаль мөрөөдөж, заримдаа бүр атгаад алдсан удаа ч цөөнгүй. Аваргаа чидун жимсний титмээр шагнаж, дурсгалын хөшөө босгон их хүндлэл үзүүлдэг байсан гэх домог эрт үеийнх ч, монголчуудын өнийн хүслийг биелүүлсэн аавын хүү, ээжийн охины алдрыг есөн эрдэнээр мөнхлөхийг хүссээр ирсэн юм, ард түмэн маань. Харин энэ хүсэл дөрвөн жилийн тэртээх Бээжингийн олимпод биелж, хүн бүхний баярын магнайг тэнийлгэсэн билээ. Зуун дамжсан хүслийг биелүүлсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар олимпийн шаргал медаль хол биш ойрхон гэдгийг тамирчдадаа мэдрүүлсэн. Тэрхүү сэтгэлийн хүч Лондоны олимпод оролцохоор зэхэж буй тамирчдыг ч тэтгэж, сэтгэл зүйг нь бэлтгэх гол үндэс болж буйтай та бүхэн санал нийлэх биз ээ. Мөн төр засгаас тамирчдадаа онцгой анхаарал тавьж, гадаад дотоодод хамтарсан бэлтгэл хийлгэн, спортын хэрэгслийг шинэчлэхэд мөнгө хайрлалгүй зарцуулсан.
Шигшээ баг байгуулах асуудал цаг алдсан гэж зарим мэргэжилтэн шүүмжилдэг ч өмнөх жилүүдтэй харьцуулбал төсөв мөнгө нэмэгдэж, манайхан хэний ч өмнө нүүр улайхааргүй болсон гэхэд буруудахгүй болов уу? 2012 онд Монгол Улсын засгийн газар олимпийн наадамд 4,5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь урьд урьдын наадмуудаас давсан үзүүлэлт. Дөрвөн жилд нэг удаа тохиодог олимпийн наадамд тамирчдаа амжилт гаргаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс “Олимп хөгжил сан”-д багагүй мөнгө хандивлаад буй мэдээлэл ч сонин сэтгүүл, радио телевизээр цацагдсан. Мөн олимпийн эрх авсан тамирчдын олонх нь Лондонд дасан зохицох үүднээс Европын орнуудад хүч сэлбэж байна. Амжилтын төлөө тэмцүүлсэн хэний ч өмнө МҮОХ-ны Спортын анагаах ухааны төв нээлттэй байдгийг, тухтай орчинд тамирчид байрладгийг тэмдэглэлгөнгөрч боломгүй. мэтчилэн олимпчдыг дэмжсэн олон талт үйл ажиллагаа зохиогдсон нь үр дүнгээ нь эргэлзээгүй. Тиймээс манайхан Лондоны олимпод өндөр амжилт гаргах зэгсэн боломж бий хэмээн дүгнэж болох. Өрөөлөөс шалтгаалах зүйл гүйцсэн, өөрөөс бүх шалтгаална гэдгийг тамирчин, дасгалжуулагчид хэлүүлэлтгмэдэж буй нь лавтай.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 2009 оны ДАШТ-ийг зорихын өөгсөн ярилцлагадаа “Нас бага, туршлага нимгэн ч гэсэн ДАШТ-ээс медаль авахыг хичээнэ” хэмээн өгүүнь оргүй зүйл байгаагүй 17-хон настай хүүгийн энэ үгэнд тухайн үед хүмүүс нэг их ач холбогдол өгөөгүй болов уу. Харин амжилт гаргах итгэл үнэмшлийг нь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба ах нар нь бий болгочихсон хэрэг. Н.Төгсцогт шиг өөртөө итгэлтэй, бардам тамирчид Монголд олширсон. Сугалаа хараад сэтгэлээр унадаг цаг ард хоцорсныг энэ бүхэн харуулж байна. Бээжингийн 29 дүгээр олимпод монголчууд спортын долоон төрөлд 28 тамирчнаа (25 нь олимпийн эрх авсан, гурав нь цагаан хуудсаар) сойсон бол удаах наадамд нь 29 тамирчнаа илгээхээр зэхэж байна.
Төрөл тус бүрийг авч үзвэл буудлагын хоёр, чөлөөт бөхийн найм, жүдогийн ес, байт харвааны хоёр, хөнгөн атлетикийн хоёр, боксын дөрвөн эрх авч, усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин урилгаар оролцох болсон билээ. Буудлагын шигшээ багийн дасгалжуулагчид 2012 оны олимпод таваас доошгүй тамирчинтай оролцохыг зорьсон боловч эцсийн бүлэгт хоёр дээр тогтсон нь чамлалттай. Харин олимпийн наадамд олон “оймс элээсэн” мэргэн буудагч О.Гүндэгмаа ясны тамирчин гэдгээ батлан, тав дахь олимпдоо онч сорихоор зэхэж буй. Энэ амжилтаараа тэр Х.Баянмөнх аваргатай зуузай холбож яваа юм. Бээжингийн олимпийн дэд аварга энэ бүсгүй онч сорьсон наадам бүхэндээ медалийн төлөө тэмүүлж, эхний зургаагаас мултарч үзээгүйг нь хүмүүс мэднэ. 2008 оны олимпийн дараа спортын амьдралаа хэсэг зуур завсарласан ч галын шугамдаа дахин ирж, мэргэн буудагч эмэгтэйчүүдээс цорын ганц эрхийг авчирсныг дахин саная. ХХХ наадамд амжилттай оролцохын тулд Гүндэгээ, урт бууч эрчүүдээс олимпийн эрх анх удаа авсан Н.Баяраа дүүгийнхээ хамт Европын орнуудад бэлтгэлээ үргэлжлүүлэн базаах аж.
“USA Today”-гийн таамаглалаар Лондоны татамид Х.Цагаанбаатарыг алт, М.Бундмааг мөнгөн медалийн төлөө барилдана, харин П.Сэрдамба хүрэл медалиар энгэрээ мялаана гэсэн мэдээлэл цацагдсан. Сүүлийн жилүүдэд жүдо бөх манай улсад эрчимтэй хөгжиж, дэлхийн хэмжээнд эрэмбэлүүлсэн олон бөх төрөн гарч байна. Тиймээс олимпийн эрхийг 11 тамирчин авч, жин тус бүрт нэг тамирчин өрсөлдөх учраас зарим шилдэг бөх олимпийн багт хараахан багтаж чадаагүй. Мэдээж олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медальт Х.Цагаанбаатар болон М.Бундмаа, П.Лхамдэгд тэргүүтэй цагаан өмсгөлтнүүдийн барилдаан мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байгаа. Олимп, ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ-ээс бүгдээс нь медаль хүртсэн тамирчин бол маргаангүй Цагаанаа. Манай сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр олимпийн алтан медаль өөд тэмүүлж буйгаа өгүүлж билээ.Зорилгоо биелүүлэх сайхан. Цаг хугацаа харамгүй зарцуулан байж, их ажлын ард гарах маш сайхан. Афины олимпоос хүрэл медаль зүүсэн 20 настай хүү, “Бээжин-2008- ”-д азгүйтсэн шаргал үст эр, Лондоны татамид барилдахаар зэхэж буй 28 настай залуугийн хооронд ихээхэн ялгаа буй. Энэ мэтчилэн манай чадварлаг олон жүдоч олимпийн шигшээд багтжээ.
Бээжингийн олимпийн баатрыг хөшигний ард удаан нуусан МЖБХ бас нэгэн “битүү морь” сойж байгаа ч юм бил үү? Бээжингийн олимпийн өмнө АНУ-ын нэр хүндтэй “Sports Illustrated” сэтгүүл Э.БадарУуганыг олимпийн аварга болно хэмээн таамагласан нь хоосон дүгнэлт байгаагүй. Хүнд бэртэл аваагүйсэн бол олимпийн медалиа ихэрлүүлэх боломж Бадраад гарах байсан нь мэдээж.
Гэхдээ олимпийн эрх авсан манай боксчид өдгөө хүчирхэг “арми” бүрдүүлж чадсан. “ТЦ”-т өгсөн ярилцлагадаа “Дэлхийн дэвжээнээс хошой медаль авч болсон юм, олимпийн медалиа ихэрлүүлэхийг хичээнэ” гэж өгүүлсэн П.Сэрдамба, Лондонг зорихоор зэхэж буй ширэн бээлийтнүүдээс хамгийн олон удаа олимпод оролцсон У.Мөнх-Эрдэнэ (гурван олимпод оролцсон), ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Азийн аваргын хошой мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга Н.Түвшинбат нар ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйг хичээнэ.
Харин олимпийн медалийн салхи хагалсан, монголчуудын хамгийн хайртай спортын нэг болох чөлөөт бөхийнхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд магтаал сайшаал аль алиныг нь сонссон. Сүүлийн үед эх оронд маань эрчимтэй хөгжиж байгаа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэвшлийг эрчүүд нь гүйцэхгүй байгаад бухимдах хүн цөөнгүй. Өдгөө чөлөөтийнхөн найман жинд “виз” аваад буй ч чухам хэн хэн “Лондон-2012”-ын дэвжээнд зодоглох нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, С.Бямбацэрэн, О.Бурмаа, Б.Наран баатар, П.Өнөрбат, Ж.Чу луунбат, О.Үйтүмэн нар үүргээ биелүүлсэн. Жүдогийн 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын хэнийг нь сонгох бол гэсэн асуулт спортын хорхойтнуудын анхаарлын төвд байсан шиг О.Насанбурмаа, С.Батцэцэг нарын аль нэгийг сонгох, нөгөөг нь үлдээх бас л хэцүү. Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д сорилт барилдаан явуулна гэсэн дам яриа сонсогдож байна.
Ямартай ч Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд аваргын зангаргаа харуулж, алтан медалийг гуйж биш гуядаж авсныг хүн бүхэн мэднэ. Авьяас тэтгэвэрт гардаггүйг харуулсан түүнийг олимпийн шигшээ багт багтаавал гурав дахь наадамдаа хүч сорьно гэсэн үг. Тэрбээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Надад 2016 оны олимпод ч барилдах нөөц бий боловч үүнд шунахгүй. Харин Лондоны олимпод зорилгоо биелүүлэхийг хичээнэ ” хэмээн өгүүлснийг санаж байна. “Хөнгөн атлетикчид ам жилт гаргана гэж санасны хэрэггүй. Тиймээс их сургуульд багшилж, хоолоо олж идсэн нь дээр” гэсэн ядмаг зөвлөгөөг Б.Сэр-Одод өгсөн хүн олон. Л.Отгонбаярыг ч ингэж мохоогчид цөөнгүй байлаа. Сонголтыг нь дэмжихээсээ буруутгах хүн олон байсан ч гэсэн тэр хэрээр ирлэгдсэн манай гүйгчид Кенийн “хүн гөрөөс”-нүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, Лондоны олимпийн эрхийг хамгийн түрүүнд авчирсан юм. Лондонтой аль хэдийнэ танилцсан, алдарт марафонд нь “тоосоо өргөсөн” Б.Сэр-Од Афин, Бээжингийн наадамд уралдсан хур туршлагатай бол Л.Отгонбаярын хувьд “Лондон- 2012” хоёр дахь олимп нь. Дээр өгүүлсэнчлэн дэлхийн аварга Д.Дэмбэрэлийн “ач, зээ” нар Будант Альбионд өрсөлдөх эрх авсныг онцлох нь зүйтэй.
Сүүлийн гурван олимп өнжсөн гашуун түүх мартагдаж, хилийн чанадад удаан хугацааны турш хүч сэлбэн, дотооддоо ч мөн бэлтгэл эрчимтэй хийсний дүнд Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэдний цаана асар олон хүний дэмжлэг туслалцаа бий. Гавьяат дасгалжуулагч Ц.Бадамхатан “Сонирхогчийн түвшинд бэлтгэл хийгээд олимпийн эрх ав даг цаг өнгөрсөн” хэмээн өгүүлсэн нь тамирчдын ур чадвар ахар богино хугацаанд дээшилж байгааг илтгэсэн үг байв. Бээжингийн олимпийн эрх тэдэнд ямар ойрхон байсан гэж санана. Гэвч харамсалтай түүх аль хэдийнэ ард хоцорч, Лондоны “алтан зурхай”-д багийнхаа салхийг хагалсан шиг хагалахаар зэхэж буй. Дээр нь нэмж хэлэхэд хаалга тогшиж буй их олимпийн урилга гардаж авсан усанд сэлэгч А.Тамир “Афин-2004”-ийн цэнхэр замд уралдаж байсан бол Г.Оюунгэрэлийн өмнө нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Долдугаар сарын 27-нд Лондоны олимп “хөшгөө нээж”, эх орныхоо тугийг Б.СэрОд Будант Альбионы тэнгэрт мандуулна. Дэлхийн шилдгүүд л цуглардаг олимпийн дэвжээнд дөрвөн жилийн хөдөлмөрөө шалгуулах торгон мөч ойртсоор. Зуны ХХХ олимпод монголчуудын нар гарах болтугай.
Б.ӨЛЗИЙТОГТОХ