Дөрвөн жилийн мөчлөгт нүсэр хуримын зар нүргэлж эхлэв. Орон сууцны үнэ тэнгэрт цойлсон ч, мах магнаг болсон ч, найр болдгоороо болно. Хахир өвөл ирэхгүй юм шиг нааддаг намрын сар наашиллаа. Сүйт залуу ч тодорсон. Харин бэр хаанахын, хэн байх нь одоогоор хөшигний ард нууцлаг. УИХын сонгуульд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам хэний охинд хамтарсан Засгийн газрын сүйн бөгжийг зүүхээ бодон бодон гашилж явна. Түүнийг дагаад Монгол даяараа улстөржин цэнгэж байна. Хүмүүс одоо АН аль намтай хамтрах, хэн дараагийн Ерөнхий сайд болох тухай эцэс төгсгөл нь үл харагдах таамаг хөвөрдөвч, улс орны хөгжил, өрх гэрийнхээ ахуй амьдрал цаашид хэрхэн үргэлжлэх талаар мартагнав. Ойлгомжтой шүү дээ, улс төрийн шийдлээр Засгийн газар бүрдэхгүй хаачив гэж.
МАНтайгаа хамтарч болно, МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслийг сонгосон ч дур. Бие даагчидтай тохирч, ИЗНН-ыг урвуулаад авбал сайдын суудлаар гүйгээд ирэх хоёрын зэрэг УИХ-ын гишүүн МАН, МАХН-ын алинаас ч олдож л таарна. 39 суудлыг яаж ч тоолж болно. Харин манай нийгэмд ямар Засгийн газар хэрэгтэйг зөв тооцох нь чухал бус уу. Сонгуулийн дүн тойрон суудлын тоо бодож залхлаа. Харин сонгуулийн үр дүн юу өгүүлнэ вэ? Нөгөө “хоёр том” гэгддэг МАН, АН-ын аль нь ч томдоо дүйсэн лут амжилт үзүүлсэнгүй. Тэд 30 гаруйхан хувийн санал авснаа юу гэж үзэж байгаа юм бол? АН-ын 35, МАН-ын 31 хувь чухам юунаас үүдэлтэй үзүүлэлт болохыг “хоёр том” яагаад задлан шинжлэхгүй байгаа нь хачирхалтай. Ард түмэн тэдэнд “муу” тавьж орхилоо. Энэ сонгуульд МАН, АН-тай өрсөлдсөн “жижгүүд” нийлээд түвэггүйхэн 30 хол гарсан хувийн санал авсныг л жинхэнэ амжилт гэж нэрлэх хэрэгтэй юм.
Статистикийн газраас улирал тутам гаргадаг судалгааны дунджаас харвал, монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу, үлдсэн нь боломжийн зуулгатай амьдарч байна. Тэгэхээр тэр “боломжийн” хэсгийн саналыг МАН, АН хоёр хуваан хүртэж, харин үлдсэн хэсэг нь МАХН тэргүүтэй “жижгүүдийн” популизмыг дагаж хуйларсан гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын явуулсан бодлого, эдийн засгийн өсөлтөөс иргэд хэр ялгаатай хүртсэн нь сонгуулийн дүнгээс шууд харагдаж байгаа юм. Бэлэн мөнгөний амлалт инфляцад ташуур өгч, эмзэг бүлгийнхний амьдралд нэмэр болохоосоо нэрмээс болж туйлдуулсны гайгаар МАН, АН-ын аль нь ч дангаараа Зас гийн газар байгуулах эрхгүй хоцорлоо.
Эцсийн бүлэгт УИХ-ын сонгуульд нэг л улстөрч үнэмлэхүй ялсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр бол Намбарын Энхбаяр. МАХН-ын буурийг сахиж үлдээд, нам намаас “жийгдэж” хоцорсон гомдогсдыг нэг фронтод дайчлан төрийг эргүүлэхдээ тулж чадав. Одоо Н.Энхбаяргүйгээр Монголын улс төр хөдлөхгүй. “Шударга ёс” эвсэлд итгэсэн 250 мянган хүн төрийн эргэлт хийх Н.Энхбаярын уриаг дэмжсэн нь 2016 оны сонгууль болтол нийгмийн сэтгэл зүй хааш эргэхийг чиглүүлсэн дохио юм. Ялаагүйн шийтгэлийг лидерүүд нь үүрэхээс өөр гарцгүй. 45 суудалтай байсан МАН-ынхан 28 руу унасны хариуцлагыг С.Батболдоос, 39 суудал авч чадалгүй “сүйн бөгжний” эрэлд мордсоны хариуцлагыг Н.Алтанхуягаас АН-ынхан нь асуухдаа зүгээр л намын дотоод асуудал мэтээр албан тушаал харсан ял бүү төлөвлөөсэй. Сонгогчдын итгэл яагаад саармагжсаныг хэлэлцэхдээ Монголын нийгэм, эдийн засгийн бодит байдал, чиг хандлагад улстөржөөгүй дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага тулгарч байгааг ойлгох хэрэгтэй.
Намууд автомат машин руу бурууг чихэж цаг алдаж байснаас Сонгуулийн дүнгийн учир шалтгааныг задлан шинжлэх Ажлын хэсэг байгуулж, нийгэмтэйгээ танилцаж, тэнд туссан өөрсдийнхөө дүрийг олоод үзчихмээр. Ялагдсан намын даргыг буруутгаад, шинэ хүний нүүр үзсээр ирсэн. Иймэрхүү улс төр дөрвөн жилийн хэмнэлтэйгээр 20 жил ноёрхсоны эцэст намууд ялж, ялагдаад л, Засгийн газрууд солигдоод л байснаас бус Мон гол хөгжив үү, монгол хүн хожив уу? Улс төрийн харьцангуй тулхтай хүчин гэгддэг МАН, АН одоо л нөхцөл байдлыг задлан шинжлэх цаг ирлээ. Гагцхүү ийм дүгнэлт хийсний дараа АН аль намтай хамтарч Засгийн эрх барихаа, МАН Засгийн газрын бүрэлдэхүүнд орох, эсэх тухай сая яримаар санагдана. Тиймээс эхлээд задал, дараа нь нэгд гэж хэлмээр байна.
АН ялсан баатрын царай гарган догь оргиж байх зуур эхний “бүсгүй” тэсгэл алдан ам нээв. “Хэрэв надад санал тавибал би лав шууд хүлээж авна шүү” хэмээн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Парламентад 11 суудалтай болоод буйдаа зоримогшин түрүүлж дуугарлаа. МАХН-тай хийх тохироо авлигатай тэмцэж эхэлсэн АН-ын байр суурийг эрс өөрчлөх эрсдэлтэй. Түүнчлэн тус эвслийн мөрийн хөтөлбөрийн хэт популист амлалтууд АН-ын эдийн засагчдыг “айлгах” нь гарцаагүй. МАХН Н.Энхбаярыг ялгүй үлдээх тохироогоор АН-ын Засагт орж таарна.
Ялгүй Н.Энхбаяр 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч болно. Тиймээс АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах эсэхэд өнөөгийн Ерөнхийлөгчийн байр суурь шууд нөлөөлөх болов уу. Хамтарсан Засгийн газарт нэгдэхийн төлөө “Шударга ёс”-той өрсөлдөх өөр нэг “бүсгүй” бол мэдээж УИХ-д 28 суудалтай МАН. Сүүлийн 12 жилийн турш эрх баригчийн сэнтийд заларсан Ардын Намд энэ удаагийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх сэтгэл зүй хараахан бүрдэхгүй байгаа боловч басхүү хүчтэй сөрөг хүчний талбарт чадварлаг тоглогч болох хувилбар бий. Гэвч үсрэнгүй хөгжлийн тухай үлгэр домгийг биелүүлэхэд сөрөхөөсөө сэрэх л хэрэгтэй байгаа юм.