Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан, Эмэгтэйчүүдийн манлайллын
асуудлаарх олон улсын форум Үндэсний их баяр наадмын өмнөхөн манай улсад болж өндөрлөсөн. Уг форумд оролцсон дэлхийн лидер эмэгтэйчүүдийн нэг, Кыргызийн Ерөнхийлөгч асан Роза Исаковна Отунбаеваг Кыргызэд 2010 оны ардчилсан хувьсгалын дараах шилжилтийн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж, улс орноо хөгжлийн зөв гольдрилд оруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй гэдгээр нь дэлхий нийт андахгүй. Хатагтай Роза Исаковна Отунбаеваг энэ сарын 12-нд нутаг буцахынх нь өмнө уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар ардчилсан орнуудын лидер эмэгтэйчүүд уулзаж, хэлэлцлээ. Танай улсад улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт эмэгтэйчүүдийн байр суурь ямар түвшинд байна вэ?
-Манай улсын шилжилтийн үед хамгийн хүнд хэцүү ажлыг эмэгтэйчүүд нугалж ирсэн. Тэд зах дээр наймаа хийж, Энэтхэг, Пакистан, Оросоос том том “гахай” чирч байсан. Өнөөдөр ч эмэгтэйчүүд хамаг ажлыг хийсээр байна. Олон улсын худалдаа, аялал жуулчлал, зочид буудал, эмнэлэг зэрэг үйлчилгээний салбаруудад эмэгтэйчүүд зонхилдог. Тэд барилга, уул уурхай гэх мэт хүнд салбаруудад ч манлайлж байна. Хууль, эрх зүйн байгууллагад ч ялгаагүй. Кыргызэд өнөөдөр яг хууль эрх салбарт зүйн шинэчлэл хийж буй. Өндөр албан тушаалтнуудын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаад би баяртай байдаг. Манай улсад Дээд шүүхийн дарга, Үндсэн хуулийн цэцийн даргын албыг эмэгтэй хүн хашиж явна.
Би Ерөнхийлөгч болоод улсын Ерөнхий прокурор, Төвбанкны захирлаар эмэгтэй хүн томилж байсан. Тэд одоо ч ажиллаж байна. Мөн хоёр дэд сайд, Парламентын орлогч дарга, нэг сайд, нэг мужийн за хирагч нь эмэгтэй. Кыргызэд засаглалын түвшинд эмэгтэйчүүдэд квот тогтоосон. Хэрэв манай улсад сонгууль жагсаалтаар явагдвал дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна гэсэн хуультай. Тиймээс Парламентын 23 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Сонгуулийн ерөнхий хороонд мөн гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар хуульд заасан. Хэрэв сөрөг хүчин, аль нэг нам, эвсэл эмэгтэй хүн дэвшүүлэхгүй бол хуулийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч эмэгтэй хүн томилох ёстой. Төсвийг хянадаг танхим хэмээх хэнээс ч хамааралгүй байгууллага Кыргызэд бий. Тэр танхимыг бүрдүүлэхэд мөн л эмэгтэйчүүд байх ёстой. Энэ бүхэн нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг харуулж буй. Эмэгтэй хүн тухайн үндэстнийг бүрдүүлэгч гэж үзвэл энэ нь Кыргызэд бодитой харагдаж байгаа.
-Тэгвэл эрэгтэйчүүд, тэдний тэгш эрхийн байдал ямар хэмжээнд байна вэ. Уламжлалт байдал хадгалагдсаар байна уу, эсвэл эмэгтэйчүүдийн байр суурь өөрчлөгдсөн үү?
-Олон хүчин зүйлээс шалтгаалаад Кыргызэд уламжлалт ойлголт хүчтэй эвдэгдэж байгаа. Хотжилт эрчимжиж, таван сая хүн амын нэг сая нь дотооддоо шилжилт хөдөлгөөн хийдэг. Хэрвээ тэр нэг сая хүн ууланд малаа хариулж байсан бол магадгүй тайван амьдрах байсан байх. Гэтэл өнөө дөр Улаанбаатар руу бүгд тэмүүлж байгаа шиг тэд Бишкек рүү зүтгэдэг. Үүнээс гадна Орос, Итали, АНУ, Турк руу ажил хийхээр залуус олноороо явах боллоо. Энэ мэтээр хот жилтын үйл явцад хүмүүс дэлхийн бусад хотуудыг харж, харьцуулж, дүгнэлт хийж буй. Энэ нь хүмүүсийн дотоод сэтгэхүйг их өөрчилсөн. Бас нэг асуудал нь шашин. Ислам бол манай үндсэн шашин байсан. Харин одоо ямар шашин шүтэх нь хувь хүний эрх. Гэвч нөгөө талаас исламын шашны уламжлал илүү хүчтэй дэлгэрэх боломжийг энэ эрх чөлөө өгч буй. Жишээ нь, исламын шаш ныг дагаад олон эхнэртэй байх асуудал тавигдаж, үүнээс үүдэн сүйт бүсгүй хулгайлах явдал түгээмэл болох хандлагатай боллоо. Бид үүний эсрэг тэмцэж байна.
Эмэгтэй хүн хулгайлуулсан айлдаа очихыг хүсэхгүйн улмаас амиа бүрэлгэж байгаа нь эмгэнэлтэй. Мөн төрөлт багасах боллоо. Эмэгтэйчүүд ажил хийж, гэр бүлээ тэжээх ёстой. Энэ бүхэн амьдралын хэв маягийг, нийгэм дэх хандлагыг өөрчиллөө. Мэдээж эмэгтэйчүүдийн эрх хуулиар хамгаалагдсан. Тиймээс бид сүйт бүсгүй хулгайлдаг асуудлыг хуульд яаж тусгах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ярьж байна. Үүнд исламын шашинтай бусад орны нөлөө их бий. Пакистан, Саудын Араб, Турк улс их нөлөөлж буй. Тухайлбал, хувцаслалт. Хижаб бол манай үндэсний хувцас огт биш. Гэтэл өсвөр насны охид сургуульдаа толгойдоо алчууртай явдаг боллоо. Нэк гэж нэрлэдэг исламын сүм хийд олноор баригдаж, хүмүүс тийшээ их очиж байна. Энэ бүхэн үнэхээр хүнд асуудал. Уг нь нүүдэлчний амьдрал гэдэг өөрөө гэгээлэг шүү дээ. Тухайлбал, манай нүүдэлчин амьдралд эмэгтэй хүнийг хөшигний ард, нүүрийг нь халхалж, юу ч хийлгэхгүй суулгадаг юм биш.
Эмэгтэйчүүд хөдөлмөрлөж, гэр бүлийнхээ төлөө тэмцдэг. Гэтэл исламын шашин өнөөдөр эмэгтэйчүүдэд ийм нөлөө үзүүлж байна. Тиймээс нийгэм энэ үзэгдлийн эсрэг байгаа. Тусгаар тогтнолоо тогтоосноос хойших 20 жилд манай эмэгтэйчүүд хамгийн боловсролтой хэсэг болон гарч ирж байна. Нийт хүн амын 51 орчим хувь нь эмэгтэйчүүд. Боловсрол олж авахад хүйсийн ялгаа байхгүй. Эцэг, эхчүүд охидынхоо боловсролд хөрөнгө оруулж, дээд боловс рол эзэмшүүлж байна. Энэ бол дэлхий нийтийн хандлага бөгөөд хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт. Дээд боловсролтой эмэгтэйчүүдийн тоо нэ мэгдэж байгаа нь сайн хэрэг.
-Шударга ёсыг тогтоох нь жинхэнэ ардчилсан орон байх үнэлэмж. Харин үүний хамгийн том чөдөр нь авлига. Кыргыз авлига тай эрчимтэй тэмцэж байгаа орнуудын нэг. Энэ гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй туршлагаасаа ярихгүй юу. Үр дүнд хүрч чадаж байна уу?
-Авлига бол нийгмийн тулгамдсан хурц асуудал. Авлигатай тэмцэхэд үр дүн нь тэр дороо гардаг асуудал биш. Мэдээж бид сайн үр дүнд хүрэх тэмцлийн арга хайж ирлээ. Гэтэл дэлхий даяар гайхалтай үр дүнтэй, хүчтэй туршлага байхгүй байна шүү дээ. Яагаад гэвэл авлига ядуу, баян аль ч улсад байдаг. Тиймээс авлига тийм ч амар устчих эд биш. Бид нийтэд зарлаж байгаад авлигачдыг цэвэрлэх хүчтэй ажиллагаа эхлүүлсэн.
Авлига 20 жилийн туршид яг л хөвд шиг ургаж, зэв шиг идсэн байсан. Яагаад 2005, 2010 оны хувьс гал Кыргызэд болсон гэж та нар бодож байна? Яагаад гэвэл ард түмэн авлигаас үнэхээр залхсан байсан. Тиймээс зайлшгүй хувьсгал хийх шаардлага гарч ирсэн. Загас толгойноосоо өтдөг гэж орос ардын зүйр цэцэн үг бий.
Манай хоёр Ерөнхийлөгч хоёулаа авлигын загалмайлсан эцэг байв. Өөрсдийнхөө амьдралыг тэд аймшигтайгаар дуусгасан гэсэн үг. Одоо тэд эх орондоо ирж чадахгүй. Манай уламжлалаар бол үр хүүхэд нь хараагдаж байгаа. Тэднийг ямар ирээдүй хүлээж байгааг би хэлж мэдэхгүй. Тэд ард түмний аз жаргалыг хулгайлж, урагш тэмүүлж байсан залуухан орны тэр замыг зүгээр л үгүй хийсэн.
Нэг эмчээр хагалгаа хийлгэхийн тулд заавал мөнгө атгуулна. Багшид бас л мөнгө төлнө. Яагаад гэвэл эмч, багш нарын цалин бага гээд л яваад байдаг байсан. Тендер, бүртгэлийн ажиллагаа гээд мөнгөгүй бүтдэг ажил үгүй болсон. Өөрөөр хэлбэл, авлига зүгээр л агаар мэт, амьдралын ердийн үзэгдэл болж хувирсан. Энэ бол аймшигтай зүйл. Тиймээс бид 2010 онд авлигын эсрэг дайн зарласан. Үнэхээр “дайн” гэж хэлж байгаад тэмцлийг эхлүүлсэн.
Шилжилтийн үед эдийн засгийн 60-аас илүү хувь нь тунгалаг биш болсон шалтгаан нь авлига. Дарга, төрийн албаныхан авлигаар авсан мөнгөө гэмт хэргийн бүлэглэл үүдтэй хуваах болсон. Ард түмний мөнгийг хулгайлсан болохоор тэрийгээ хянаж, хамгаалах хэрэгтэй болно шүү дээ. Тийм учраас гэмт бүлэглэлүүдтэй наалдаж, гар гараасаа бариад хууль сахиулагч байгууллагууд руу шургалж эхэлсэн.
Улмаар үндэсний аюулгүй байдалд занал хийлсэн. Тэгээд бид 2010 оны нэгдүгээр сард Кыргызийн өнцөг буланд удирдах алба хашиж байсан 160 хүнийг баривчилж, хорьсон. Тэднийг тусгай шоронд хийж, хооронд нь утсаар яриулахгүйн тулд утасны сүлжээ хаадаг төхөөрөмжийг шоронгийн дээгүүр байрлуулсан. Тэр хүмүүсийг буланд шахсан. Тэд улсын хуулийг хүндэтгэн сахих ёстой. Энэ бол тэмцлийн эхлэл байсан. Нэг удаа бус, олон дахин хийх ёстой ажил. Одоогийн Ерөнхийлөгч ч үүнийг үргэлжлүүлж байгаа. Гол нь хурган дарга нартай зууралдах биш, том ажил хийх ёстой.
Авлигын цаана хэн байна вэ гэдэг нь харагдаад байдаг. Тэгэхээр тэр “акулуудыг” барих хэрэгтэй. Тэд нийг барих ажиллагаа явагдаж байна. Энэ бол хэцүү ажил. Тэд сэтгүүлчдийг худалдаад авчихдаг. Сэтгүүлчдэд мөнгө төлөөд хүссэнээ хийлгэчихдэг. Мөрдөгч, шинжээч, прокурор гээд хуулийн байгууллагынхныг хүртэл худалдаад авчихдаг. Тийм учраас авлигачидтай тэм цэхэд улс төрийн маш том хүсэл зориг хэрэгтэй. Хэдийгээр шууд үр дүнд хүрэхэд хэцүү ч нааштай хандлагууд ажиглагдаж байгаа. Тухайлбал, төрийн алба болон бусад байгууллагынхан ч зоригжиж байна. Авлига авч, өгдөг гэмт хэрэгтнүүдтэй зэрэгцэж ажиллахыг хүмүүс хүсэхээ больж байна. Хамгийн гол нь прокурорын байгууллагыг сайн шинэчлэх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэд бохир бүхнийг хийж сурсан. Бид шүүхийг бүрэн гүйцэд цэвэрлэнэ гэж зар ласан. 2010 оны хувьсгалын үеэр би Дээд шүүхийн есөн шүүгчийг ажлаас нь халсан. Яагаад гэвэл тэд үнэхээр хариуцлагагүй зүйл хийсэн байсан.
Өнөөдөр Дээд шүүхэд орохын тулд хүмүүс тодорхой шалгуур давах хэрэгтэй. Гэтэл миний халсан хүмүүсээс хоёр нь эргэж орох гээд шалгалт өгч байх жишээтэй. Хүмүүс үүнийг эсэргүүцэж, гомдол мэдүүлж байгаа. Тусгай хороо үүнийг авч хэлэл цэх ёстой. Нийгэм шүүхийн байгууллагыг бүрэн шинэчлэх, ил тод байлгахыг хүсэж байна.
-Төрийн албанд байхдаа авлигын хэрэгт холбогдож, халагд чихаад эргээд төрийн албанд орох боломжгүй юу?
-Тийм хүмүүсийг төрийн албанд эргэж орох боломжийг бүх насаар нь хязгаарлахыг нийгэм хүсэж буй. Ха рамсалтай нь бид үүнийг хийж чадаагүй. Чадаагүйдээ ч харамсаж байгаа. Үүнийхээ төлөө иргэдэд шүүмж лүүлж байна. Гэхдээ одоо хам гийн гол нь хүмүүсийн ухамсар чу хал. Төрийн албанд мөнгө олох гэж ирдэггүй, үүрэг гүйцэтгэж, бусдад үйлчилнэ гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Жишээлбэл, К.Бакиев гэнэт нэг өдөр муу хүн болчихоогүй. Түүнийг эргэн тойрны хүмүүс нь хахууль өгч, эвдсэн. Би Ерөнхийлөгч болоод гааль, татвар зэрэг авлигад хам гийн их өртөх магадлалтай төрийн байгууллагуудын бүх ажилтныг цагдаагийнхны хэрэглэдэг детектор хэмээх төхөөрөмжөөр шалгуулсан. Тэр төхөөрөмжийг хүмүүсийн бугуйнд зүүгээд асуултад хариулт авахад тухайн хүн үнэн зөв хариулж байгаа эсэхийг тодорхойлдог. Барууны цагдаа нар уг төхөөрөмжийн үр дүнг 80 хувьтай гэдэг. Энэ бас чухал ажил байсан.
Манай улсад бас нэг туршлага байдаг. Сайдууд ойр ойрхон солигддог байсны улмаас шинэ сайд хамаатан садан, гэр бүлийнхнийгээ авчрах сонирхолтой байдгаас будлиан үүсдэг. Кыргызэд яам бүрт Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байдаг. Тэр хүнийг тусгай шалгуураар авч, сайд, дэд сайд өөрчлөгдөхөөс үл хамааран таван жилээр томилдог. Өөрөөр хэлбэл, шинэ сайд томилогдох бүхийд тухайн яамаар тоглохгүй байх баталгааг Төрийн нарийн бичгийн дарга хангаж, яамны тогтвортой ажиллагааг хянадаг.
-Кыргыз улс нийгмээ шинэчлэх өөр ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа бол?
-Ирэх наймдугаар сарын 2, 3-нд томоохон форум зохион байгуулж дэлхий даяар амьдарч байгаа кыргыз чүү- дийг эх орондоо ирүү лэ хээр тө лөв лөсөн. Тэд бидэнд шинэ санаа өгч, шинэ бүхнийг нэвтрүүлэхэд туслах юм. Энэ уулзалт Бишкект болно. Кыргыз ч, Монгол ч тэр Уул уурхайн ил тод байдлын санаачилгын гишүүн орон. Энэ нь уул уурхайн бай гууллагууд төсвийн хөрөнгө, олбор лолтын талаарх бүх мэдээллийг үнэн зөв гаргаж өгнө гэсэн үг. Тэрийг нь олон улсын аудитийн ком пани шал гана. Тиймээс нийгмийг цэвэрлэх алхмуудыг багагүй хийж байна.
-Таныг улс төрийн карьераа бүрмөсөн орхисон гэж дуулсан. Ийм чадалтай, хүчтэй эмэгтэй яагаад улс төрөөс татгалзахад хүрсэн юм бол?
-Би хийх юмаа хийсэн. Хүнд хэцүү үед нь би ажилласан. Одоо надад албан тушаал хэрэггүй. Улс эх орноо сайн сайхан болгохын төлөө би улс төрд зүтгэсэн. Сайхан зам руугаа манай улс орж чадлаа. Одоо би амар тайван амьдарч, өөрийнхөө ажил хэргийг явуулмаар байна.
-Кыргыз, Монгол орны харилцаа ямар шатанд байна гэж та боддог вэ. Цаашид ямар салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой би энэ асуудлаар өчигдөр (долоодугаар сарын 11) албан бусаар боловч бага зэрэг ярилцлаа. Танай Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Тэр үед ярьж байсан зүйлүүд амьдралд хэрэгжээд эхэллээ. Тухайлбал, шууд нислэг гурван сарын дараа биеллээ олж, хоёр дахь удаагийн нислэгээр нь би ирсэн. Онгоц дүүрэн хүнтэй ирсэн. Энэ бол сайн хэрэг. Манай Хөдөө аж ахуйн сайд Монголд ирэх гэж байна. Тэрбээр хамтран ажиллах олон саналтай ирнэ. Бие биедээ байхгүйг нөхөж, хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Тухайлбал, уул уурхайн салбар бидний сонирхлыг татаж буй. Кыргызэд Монгол шиг ийм арвин нөөц байхгүй. Гэхдээ аз жаргалтай сайхан амьдрахад хангалттай баялаг бий. Манай улсад олон улсын томоохон хөрөнгө оруулагчид ирж байна. Манайх залуу орон учраас олон улсын туршлага хангалттай биш. Хууль, санхүүгийн барууны том компа ниудтай харилцах, зөвхөн ард түмэндээ хэрэгтэй ухаалаг гэрээ хийх хангалт тай туршлага бидэнд алга. Тэгэ хээр энэ туршлагаа бид солилцох хэрэгтэй болов уу. Бид нэг нэг нээ сонсмоор байна.
Манай хоёр улс 20 жил бие биетэйгээ харилцаагүй, хараагүй, сонсоогүй явсан байна шүү дээ. Зураг, кино, сонгодог урлагаас эхлээд соёлын чиглэлээр солилцоогоо хөгжүүлж, их зүйл хийж болно. Боловсролын салбар байна. Кыргызийн Манасын их сургуульд Монголоос таван оюутан суралцаж байгаа гэж сонссон. Манайд АНУ-ын Төв Азийн их сургуулийн салбар бий. Тэнд оюутнуудыг сургаж болно. Энэтхэг улс Төв Азийн их сургуулиа манайд нээх хүсэлтэй байгаа. Энэ бол техник технологийн тусгай мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх сургууль. Гэтэл манайд англи хэлээр сургалт явуулдаг техникийн талын мэргэшсэн дээд сургууль алга. Манайд тийм сургууль нээх боломж байна. Танай талд энэ бол сонирхолтой санал гэж бодож байна. Мөн кыргызчүүд Монголын уул уурхайн компанид ажиллаж болно шүү дээ. Монголоос БНСУ, Хонконг руу нисэж байна. Үүнийг ашиглаад аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Намайг Оюутолгойд явж байхад танай мэргэжилтнүүд дэлхийн хаа сайгүй ажиллаж байгаа тухай ярьж байсан. Сайн боловсон хүчин байхад дэлхийн хаана ч ажиллаж болно. Манайд Канад, Кыргызийн хамтарсан компанийн алтны “Кумтур” уурхай 15 жил үйл ажиллагаа явуулж буй. Кыргызийн мэргэжилтнүүд ч гэсэн Өмнөд Африк, Австрали, Канад, Америкт ажиллаж байна. Манай ал тны компаниудын захирлуу дын зөв лөл одоогоор гурван ажлын байр зар лачихаад бай гаа. Энд монгол хүн яа гаад ажил лаж болохгүй гэж. Бид ийм ойрхон байхад хамт ран ажиллах бо ломж их байна шүү дээ.
-Та Монголд ирээд бараг долоо хонолоо. Таны төсөөлж байснаас ямар санагдсан бэ?
-Хүчтэй бөгөөд гүнзгий сэт гэг дэл төрлөө. Сүүлийн 20 жил барууны болон дэлхийн олон орноор явсан. Гялалзсан сайхан хөгжлийг харсан. Үнэндээ хөгжөөд дууссан үйл явцыг бид олон удаа харсан байна. Харин хөгжиж байгаа орнууд миний сонирхлыг татдаг. Яагаад гэвэл тэд үргэлж хөдөлж, зам хайгаад урагшилж байдаг. Барууны орнууд хөгжилд хүрэх гэж бүтэн 100-200 жил явж байхад бид түүнийг нь 20 жилд хийж ча даж байна. Даяаршил хүчтэй явагдаж, системүүдийн тэмцэл эрчимтэй өрнөж буй. Манай хоёр орон ардчилсан нийгэм, зах зээ лийн эдийн засаг зэрэгцэж хөгжих замд хурдан орсон гэж болно. Бусад орныг бодоход бид сул байж магад. Гэхдээ бид зорилгодоо хүрч явна. Би Монголд 20 жилийн өмнө ирсэн.
Харин өнөөдөр маш том өөрчлөлтийг олж харлаа. Өчигдөр наадмын талбайгаар явахад хүмүүс эрх чөлөөтэй, итгэлтэй, аз жаргалтай байгааг нь ажигласан. Монголчууд ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа нь мэдрэгдсэн. Иргэдийн боловсрол намайг гай хашруулсан. Москвагийн олон улсын харил цааны сургуулийг төгссөн 2000 хүн байгаа гэж байна. Энэ бол улс эх оронд дээд мэргэжилтэй сайн боловсон хүчин хангалттай бай гаа гийн жишээ. Барууны нэр хүндтэй сур гууль төгссөн хэдэн зуун хүн байна. 40.000 хүн герман хэлээр ярьж байна шүү дээ. Ажил хөдөлмөр эрхэлж буй бараг бүх хүн англи, орос хэлний аль нэгээр нь ярьж байна. Би өнгөрсөн хоёрдугаар сард Бангладешт очсон. Тэнд хүн амынх нь тал хувь нь бичиг үсэггүй байна. Тэднийг сургахын тулд ямар их ажил хийх хэрэгтэй байна вэ. Харин Монголын иргэд олон хэлтэй, элит боловсролтой. Мэдээж бүх хүн тийм биш байх л даа. Манайд мөн танайх шиг хүн амын 30 хувь нь дундаас доогуур түвшинд амьдардаг. Тэднийг боловсролтой бол гоход хөрөнгө орулалт, хөдөлмөр их шаардах нь ойлгомжтой.
-Та “Оюутолгой” төсөлтэй очиж танилц сан. Ямар санагдав?
-Төслийн явцыг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Хэрэв аюулгүй байдлыг хангаад, ард түмний бодож байгаа шиг байгальд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулж чадвал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй том төсөл болох нь харагдаж байна. Уул уурхай газрын гүний баялгийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр манай улсад суралцах зүйл их байна. Гадаадын өндөр технологийг оруулж ирэх, гэрээг яаж ашигтай хийх вэ гэдгээс эхлээд олон зүйлийг хэлж болно. Техник, технологийн дунд мэргэжилтнүүдийг өөрсдөө бэлтгэж байгаа нь сайн хэрэг. Монголын Засгийн газрын өмнөөс ажил лаж байгаа хуульчидтай бид уулзаж, энэ том хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг яаж хийж, яаж ба талдаг, ямар заалтууд оруулдаг, хөрөнгө оруулагчдын сонирхлыг яаж тэнцвэржүүлдэг зэрэг туршлага судлахыг хүсэж байна. “Оюутолгой”- д боловсон хүчнийг “үйлдвэрлэж” байгаа нь гайхалтай.
Диплом өвөртлөөд хоосон явдаг биш, гараараа хийж сурсан хүмүүсийг бэлтгэх ёстой. Танайх энэ чиглэл рүү явж байгаа нь сайн хэрэг. Ингэж байж л хөгжинө. Бид үе дамжин хийх ёстой асуудлыг нүд ирмэхийн зуур болгочих гээд хүсээд байдаг. Гэхдээ цаг хугацаа, хүч хөдөлмөр орно. Хойш суух учиргүй. Танай улс улс төр, эдийн засгийн шилжилтүүдийг зэрэг хийж байгаа нь маш сайн. Сингапур, Малайз, Хятад гээд эдийн засгийн хөгжлийг түрүүнд тавьдаг орон бий. Манай хоёр орон (Засгийн эрхийг ард түмэн нь барьдаг орнууд)-д бүх зүйлийг ард түмний хүслээр хийж байна. Энэ бол XXI зууны дэлхийн гол хандлага. Танай хүрсэн амжилтуудыг хараад баяртай байна. Бидэнд бие биеэсээ суралцах зүйл их байна. Надтай хамт ирсэн залуучууд Монголоос явмааргүй байна гэсэн. Тэд бараг л салбар болгоны хөгжлийг сонирхож, нүх бүрийг шагайж үзэхийг хүсэж байна. Тэдэнд Монгол Улс их таалагдсан.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Р.ОЮУНЦЭЦЭГ