Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийг одоогоос 10 жилийн өмнө УИХ баталсан. Гэтэл энэ хугацаанд хүн амын ердөө л 10 хувь нь 0.07 га газраа өмчилж авчээ. Үлдсэн 90 хувийн тоонд миний бие ч багтаж байгаа. 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртээ гурван сая хүн ам нь “таван хошуу” болж хэвтээд ч элбэгдэнэ гэж бид ханхалздаг. Гэтэл хүн амын тал хувь нь нийслэл хотдоо төвлөрчихсөн. Аль болох төв, суурин, эсвэл үржил шимтэй, байрлал сайтай газар авчрахыг хүн бүр хүсэх учир элбэг газраас “шалгуур”-т тэнцэх нь багасаад явчихаж байгаа юм.

Байж болох газрыг нь цөөн тооны баячууд хэдэн зуун га-гаар нь авчихаад хашаа босгон өмчилчихсөн. Үлдсэн 90 хувьд газар хэрэггүйдээ биш, олдохгүйдээ ингээд сууж байгаа. Үүнд хууль эрх зүй, тогтолцоо, бодлого буруутай. Хуулийг чинь батлаад өглөө, газраа аваач гээд байдаг. Тийм амархан байсан бол монголчууд бүгд л газартай, өөрийн гэсэн баталгаат өмчтэй сууж байх шүү дээ. Гэтэл нэг удаа үнэгүй газраа авах бичиг баримт бүрдүүлэхийн тулд л хуулийн бүтэн 14 заалтыг даван туулах хэрэгтэй болдог. Юуны өмнө газраа сонгоно, тэгээд кадастрын зураг хийлгүүлнэ, өмчлөлийн газрынхаа заагийг тэмдэгжүүлнэ гээд хөвөрч өгнө. Энэ бүхнээс нэг л ажлыг нь амжуулах гэж төрийн байгууллагын үүдийг хэдэн өдрөөр сахихад хүрнэ.
Мэргэжилтэн нь амраад явчихсан, эсвэл ажлын байрандаа байхгүй. Байсан ч дараалал ихтэй гээд хувь хүнээс нэлээд их цаг хугацаа, тэвчээр, мэдээж багагүй мөнгө шаардах нь тодорхой. Иргэдийн олонх нь газар олох гэсэн шат дээр л бүдэрч байна. Гайгүйхан эзгүй газар оллоо гэж бодоод түүний араас хөөцөлдөхөд аль хэдийнэ нэг эрхтэн дархтан нэр дээрээ авчихсан байдаг. Шат дамжлагыг цөөрүүлж, иргэнд илүү ойр, шуурхай үйлчилгээ үзүүлдэг бүтэц хэрэгтэй гэсэн үг. УИХ-д хамгийн олон суудал авсан АН ирэх дөрвөн жилд эвслийг бүрдүүлэгч намуудтай хамтраад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Тэдний хөтөлбөрт газрыг иргэн бүрт өмчлүүлэх асуудлыг хөндсөн. Одоо тэд эрх барих учир энэ бодлогоо ажил болгох үүрэгтэй. Тэгэхээр бодлогоо ямар замаар, хэрхэн хэрэгж үүлэхээ Засгийн газар байгуулж, мөрийн хөтөлбөр батлахдаа тэд шийдэх юм. АН-ынхан мөрийн хөтөлбөр боловсруулахдаа орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн санал бодлыг сонссон. Газраа өмчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бодит, үнэ цэнэтэй өмчтэй болохыг бүх иргэн хүсэх нь ойлгомжтой. Яармагийн дэнжид иргэд газрын төлөөх бичил дайн дэгдээсэн нь саяхан.
Сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, тахимаа өгчихөж чадаагүй нэгний зүгээс зохион байгуулалттайгаар “Яармагт газар өгч байна шүү” гэсэн мэссеж тараахад л ийм “дажин” үүссэн. Энэ бүхэн цуур хал байсныг АНаас сонгогдсон гишүүд хэдэн өдөр тайлбарлаж байж байдал намжсан. Хамгийн гол нь газар иргэдийн хувьд хэчнээн чухал ч хуулиар олгосон эрхээ эдлэхэд саад их байгаа учраас л утсанд нь мэссеж ирэх төдийд иргэд итгэхэд, газрын төлөө хувьсгал хийхэд бэлэн байгааг энэ явдал баталсан юм. Нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдсон, тухайн үед “хэргийн эзэн” болоод амжсан УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс иргэдийн газраа өмчлөх хүсэл, мөрөөдлийг хүнд сурталгүй, цаг алдалгүй, зардал багатайгаар биелүүлэх нэг гарцыг санал болгосон байна. Газар өмчлөх явц дөнгөж 10 хувьтай байгаа учраас УИХ хуулийн хэрэгжилтийг 2018 он хүртэл сунгасан.
Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхтэй. Тиймээс иргэн бүрт газар өмчлөх эрхийн бичиг буюу сертификат олгох замаар хуулийн хэрэгжилтийг баталгаажуулах саналыг тэр дэвшүүлжээ. Иргэд уг эрхийн бичгээрээ газар сольж авна. Дээрээс нь эрхийн бичиг үнэт цаасны адил үнэ цэнэтэй, урт хугацаанд хүчинтэй байна. Түүнийгээ хөрөнгийн зах зээл дээр арилжиж, бэлэглэж, өвлүүлэх боломжтой байх гэнэ. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн болон үнэт цаасны цоо шинэ зах зээл бий болно. Гол нь газар өмчлөх эрхийн бичгээр дамжуулан иргэн бүр газрын эзэн болж, үүгээрээ хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, зээлийн барьцаа, визийн баталгаа болгох замаар эдийн засгийн баталгаагаа хангаж чадах юм байна.
Эрхийн бичгийн үнэ цэнэ газрын үнэ нэмэгдэхээс шууд хамааралтай өсөх нь мэдээж. Тухайн газар нутагт дэд бүтцийн шугам тавих, хөгжлийн бүс бий болговол үнэ нь өсөөд явчихна гэсэн үг. Энэ аргаар төр газрын наймаанд оролцож, жирийн иргэд биш, цөөхөн тооны баячууд хамаг үржил шимтэй, байрлал сайтай газар нутгийг өмчилдөг тогтолцоонд цэг тавих боломжтой. Төр зөвхөн ту хайн газарт төлөвлөлт хийх, сертификатаар сольж олгох, бүртгэх үүрэг гүйцэтгэдэг болох аж. Газраар гаршсан бохир наймааг зогсоох шударга арга болно.
Хүн бүр эх орон, газар шорооныхоо эзэн болж чадна. Уг туршлагыг АНУ, Англи зэрэг оронд амжилттай хэрэглэж иржээ. Газар өмчлөх хуулийг батлахад хувь нэмрээ оруулж, түүнийг сайжруулах, хэрэгжилтийг хангахад өнгөрсөн он жилүүдэд АН сөрөг хүчний үүднээс ажиллаж байсан. Харин одоо хууль эрх зүйн болон бодлогын алдааг засаж, зөв аргаар иргэн бүрээ газартаа эзэн болгож, бодит өмчтэй байлгах амлалтаа эрх баригчийн хэмжээнд хэрэгжүүлэх цаг ирлээ. Газрын төлөөх шударга, хууль ёсны хувьсгалд нэгдэхэд ард түмэн бэлэн байна. АН энэ хувьсгалын жолоог атгаж, амлалтаа ажил болгох учиртай.
С.ТУУЛ