УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан үдээс хойш болж, “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон Ц.Цолмон, О.Баасанхүү нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг баталгаажууллаа. Ийнхүү УИХ 71 гишүүнтэй болов. Насаар ахмадаараа Ц.Цолмон УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, О.Баасанхүү давтсан.
Улмаар тэд Төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлж, далбаанаас адис авснаар албан ёсоор УИХ-ын гишүүн болсон юм. Баярлан гомдож, хэд хоног ацан шалаанд орсон хоёр эрхэм ийнхүү сая нэг айдгаа авдартаа хийлээ. УИХ 70, 71 дэх гишүүнээ хүлээн авах ёслолын арга хэмжээнд МАН-ынхан оролцсонгүй. Үдээс өмнө тус намынхан Бүлгээ хуралдуулаад ямар нэг шийдэлд хүрнэ гэж байсан ч орж ирсэнгүй. Бүрэн эрхээ баталгаажуулсан хоёр гишүүнийг оролцуулаад 40 хүн “Шударга ёс” эвслийн хоёр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг баталж, хуралдаанаа цааш үргэлжлүүлэв.
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО БАЙГУУЛАВ
Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг зарлаж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхийг үүрэгдлээ. Тус Байнгын хороонд харьяалагддаг гишүүд гарч, бусад нь чуулганы танхимдаа үлдсэн. Н.Батбаяр, Х.Тэмүүжин, С.Оюун, Н.Батцэрэг нарын санаачилсан уг төсөлд иргэдээс УИХ-д хандан ирүүлдэг өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан улмаар тэдний санал бодлыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж, асуудлыг нь шийдэх Өргөдлийн байнгын хороо байгуулах талаар тусгажээ. УИХын долоон байнгын хорооны тоог нэгээр нэмэх гэж буй учир бүрэлдэхүүний тоог ч өөрчлөхөөр болсон аж. Нэг Байнгын хороо 17-21 гишүүнтэй байсан бол, одоо 10-19 болж буурч байна. Мөн нэг гишүүний харьяалагдах Байнгын хорооны тоог нэгээр нэмж, гурав болгохоор тусгажээ. Байнгын хороогоор төслийг хэлэлцэх эсэхийг “ногоон гэрлээр” шийдсэн тул гишүүд нь удалгүй чуулганы танхимдаа орж ирсэн. Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулснаар зарим гишүүн санаачлагчдад асуулт тавилаа.
Ц.Баярсайхан: -Чуулган, Байнгын хороогоор хуулийн төсөл хэлэлцэх хугацаа бага байна. Байнгын хороог зөвхөн мягмар, лхагва гаригт хуралдуулахаар заасан. Төслийн хэлэлц үүлэг хийхэд хангалттай хугацаа хэрэгтэй. Энэ бүхнийг цэгцэлж, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?
З.Энхболд: -Ийм дутагдал бий. Тиймээс УИХ цаашид нээлттэй хэлэлцүүлэг хийж, хуулийн чанарыг сайжруулахад анхаарна.
Г.Уянга: -УИХ-д Өргөдөл, гомдлын дэд хороо байгаа. Өргөдлийн байнгын хороо үүнээс ямар ялгаатай ажиллах юм бэ. УИХ-ын гишүүдэд хувьд нь өргөдөл, гомдол их ирдэг юм билээ. Энэ бүхнийг Байнгын хороо авч шийдэх үү. Мөн өмнө нь сайд гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагдахыг зөвшөөрдөг байсан. Энэ заалт хэвээрээ юү?
Х.Тэмүүжин: -2006 онд анх ийм бүтцийг УИХ-д байгуулах хууль санаачилсан юм. Гэвч 2008-2012 оны УИХ-аар дэмжлэг авалгүй, Өргөдөл, гомдлын дэд хороог байгуулсан. Уг Дэд хороонд ажлын алба, төсөв байхгүй учраас одоо болтол ажиллаагүй. Одоо дээрх санаачилгыг хэрэгжүүлж, Байнгын хороо байгуулах гэж байна. Гишүүдэд өргөдөл, гомдол их ирдэг нь үнэн. Энэ хүсэлтийг нь биелүүлэхийн тулд гишүүд хэн нэгнийг гуйх болдог, улмаар түүнийхээ барьцаанд ордог. УИХ-д хандаж ирүүлсэн өргөдөлд Тамгын газар хариу өгчихдөг, Парламент түүнтэй танилцаж чаддаггүй байсан. Тэгвэл одоо энэ бүхнийг хариуцаж, иргэдийн санал бод лыг сонсох, шийдэх, холбогдох албан ту шаал тантай хариуцлага тооцох боломж бүрдэж байна. Шууд ардчиллын зарчмыг хэрэг жүүлж эхэлнэ гэсэн үг. Байнгын хороо иргэдийн саналыг Төрийн бодлогод тусгах талаас анхаарч, хянаж ажиллана.
Хуулийн хэрэгжилтэд тэдэнтэй хамт раад хяналт тавих юм. Өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг болон тухайн асуудалтай холбоотой албан тушаалтныг дуудаж мэдээлэл сонсох замаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ямар нэг арга хэмжээнд оролцоод өгөөч гэх мэт хүсэлтэд гишүүд өөрсдөө хариу өгнө. Гэр хүссэн гэх мэт өргөдлийг Байнгын хороонд шилжүүлж, тэнд ийм хүсэлт гаргасан хэчнээн иргэн байна, шаардлагатай бол түр оршин суух байр барих уу гэх мэт бодлогын шийдвэрийг нь гаргана.
Н.Батбаяр: -Сайд гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагдана гэсэн заалтыг хассан. Бүх гишүүн гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдах боломжтой.
Тангаргаа дөнгөж өргөсөн гишүүн О.Баасанхүү анхныхаа асуултыг тавив. Гишүүд орчиндоо дасаж байгаад аажимдаа асуудаг бол тэр шууд л “хэлд орсон” юм. Шууд УИХ-д өргөдөл хүлээн авч байснаас доогуурх түшмэдэд өгвөл яасан юм гэж тэр үзэж буй аж. Х.Тэмүүжин түүнд “Иргэд УИХ-д хандах хүсэлтэй байдаг. Үүнийг хязгаарлавал Үндсэн хуульд заасан хандах эрхийг нь зөрчинө” гээд өргөдөл хэлбэртэй ч хүсэлт, шаардлага, санал, гомдол байх тул салбар, чиглэлээр нь ялгаж авч үзэхээ хэллээ. Тухайлбал, шүүхтэй холбоотой гомдол ирсэн бол УИХ уг засаглалын бүрэн эрхэд халдаж, шийдвэр гаргах боломжгүй. Гэхдээ хууль, шүүхийн байгууллагын талаар гомдол ирээд буйг анхаарлын гадна орхихгүй аж. Хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох гэх мэт өөрийн хэм хэмжээнд тохирсон арга хэмжээ авах юм байна. Гишүүдийн олонхын саналаар Өргөдлийн байнгын хороо байгуулах асуудлыг дэмжлээ.
С.ТУУЛ