Долдугаар сарын 30-ны даваа гаригт Монголын баг Лондоны олимпийн анхны медалиа авлаа. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ Сайнжаргалын Ням-Очир нийт 34 бөхөөс гуравт жагсаж, багийнхаа медалийн салхийг хагалав.
Тэгшитгэлд орсон манай тамирчин нэгийн даваанд Германы бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Кристофер Фоэлкийг хожиж, 16-д үлдсэн. Ням-Очир эхэлж вазари үнэлгээ авсан ч дэвжээний шүүгч түүнийг гурвантаа торгосноор үнэлгээ тэнцчихэв. Байдал эвгүйтсэн энэ үед тэрбээр шийдсэн мэхээ хийж юүко салгасан юм. Дараа нь Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Украины Володимир Сороког юүкогоор хожлоо.
Ийнхүү шилдэг наймд үлдсэн Ням-Очир хэсгийн аваргын төлөө эв таардаггүй өрсөлдөгч болох Оросын Мансур Исаевтай туллаа. Энэ барилдаанд шүүгч нэлээн эргэлзээтэй байдлаас Оросын бөхийн талд цэвэр ялалт заачихав. Гэхдээ манай бөх удаах хоёр барилдаандаа АНУын Николас Делпополог юүко, Голландын Декс Элмонтыг хоёр торгуулиар сөхрүүлж, Монголын олимпчдын 20, “Лондон-2012”-ын анхны медалийг эх орондоо авчирлаа. Ням-Очир 1986 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн бөгөөд анх аав Сайнжаргалынхан байгуулсан “Улаан гутал” клубт хичээллэж, бөхийн гараагаа эхэлжээ. Түүний ээж нь гавьяат тамирчин Г.Жамсран болон жүдоч Нямхүүгийн аав Дамдинсүрэн нарын төрсөн дүү юм.
Улмаар 2004 онд хотод орж ирснээс хойш жүдо бөхөөр эрчтэй хичээллэж эхэлсэн байна. 2005 онд болсон жүдогийн багийн тэмцээнд тэр “Алдар” спорт хорооны өмнөөс зодоглож, тус тэмцээний шилдгээр шалгарсан бөгөөд баг нь тэргүүн байрт заларсан түүхтэй. Тэрхүү тэмцээнд Ням-Очир эсрэг багийн дээд жингийнхнийг түвэггүй ялж, олонд танигдах эхлэлээ тавьсан юм. Тэр үеэс хойш шигшээ багт багтаж, тив, дэлхийн хэмжээний томхон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож эхэлсэн билээ.
Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард “Бага ДАШТ” хэмээгддэг Парисын Их дуулгад түрүүлж, олимп, дэлхийн дэвжээнээс медаль авах хэмжээнд хүрснээ харуулсан бөх. Арваадхан хоногийн өмнө 26 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Ням-Очир ийнхүү шагналын тавцанд гарснаар Монголын жүдочид гурван олимп дараалан медаль хүртлээ. Монгол түмний хүслийг биелүүлж авчирсан түүний медаль булган сүүлээ хайрлах болтугай.
ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ С.НЯМ-ОЧИР: МЕДАЛИА ЭЭЖ, ААВДАА ЗОРИУЛНА
Монголын багийн анхны медалийг эх орондоо авчирсан С.Ням-Очиртой тамирчдын тосгонд хийсэн ярилцлагаа толилуулья.
-Юуны өмнө Монголын багийн анхны медалийг авчирсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-За баярлалаа.
-Урд шөнө сайхан унтав уу?
-Их сайхан унтлаа. Олон жил хүлээсэн том тэмцээнээсээ медаль авсан болохоор сэтгэл амарсан байна лээ. Одоо бусад тамирчид маань барилдах гэж байна. Тэднийгээ дэмжинэ дээ.
-Энэ жил манай жүдочдын, тэр дундаа таны хувийн бэлтгэл хэр хангагдсан бэ? Бэлтгэл таарсан нь өөрт чинь хэр мэдрэгдэж байв?
-Манайхан системийн дагуу бэлтгэлээ хийсэн. Энэ жил олон тэмцээнд явсан. Миний хувьд маш олон удаа жин хассан. Сард нэгээс хоёр удаа жин хасаад ирэхээр сүүлдээ тамирдаад, ядарсан л даа. Харин Нүхтэд олимпийн бэлтгэлд гарсны дараа гоё болоод ирсэн. Манай тамирчид жижигхэн алдаанаас болоод л хожигдолд хүрч байгаа болохоос бэлтгэл бол сайн байгаа. Миний хувьд он гарснаас хойш оролцсон тэмцээн бүртээ дажгүй барилдаад байсан болохоор энэ олимпод санасандаа хүрч барилдах итгэл үнэмшил төрсөн. Мэдээж дөрвөн жилд нэг удаа болдог маш том тэмцээнээс медаль авах боломж тамирчин бүрт олдоод байдаггүй. Тийм болохоор маш сайн бэлдэж энэ тэмцээнд орно доо гэж бодож байлаа.
-Олимпод явахын өмнө дотроо ямар зорилго тавьж байсан бол?
-Мэдээж тамирчин хүн бүр өндөрлөгт нь гарахыг хүсдэг. Гэхдээ дэлхийд эхний дөрвөн хүний нэгд багтана гэдэг маш хэцүү. Миний хувьд их л том юм бодож ирсэн. Тэгснийхээ хүчинд хүрэл медаль авсан байх.
-Сугалаа гарсны дараа таамаг дэвшүүлж байсан болов уу. Тэр таамаг хэр таарсан бэ?
-Ер нь биелсэн дээ. Солонгосын тамирчин л эрт хожигдсон. Бусдаар бол үлдэх ёстой хүмүүс нь л үлдсэн.
-73 кг-д хоорондоо тэнцүүхэн өрсөлдчих хэдэн тамирчин байна вэ?
-Эхний найман хүн бол хэн нь ч хэнийгээ хожиж мэднэ шүү. Ер нь аль ч жинд тийм байдаг. Сүүлийн үед жүдо орон бүрт жигд хөгжсөн болохоор бэлтгэлээ сайн хийж, ухаантай барилдсан нь л ялна.
-Олимпийн дэвжээнд хийсэн барилдаануудаа дэлгэрүүлж ярихгүй юу?
-Эхний тойрогт барилдсан герман бөхтэй би Парисын Их дуулгын финалд таарч байсан. Ерөнхийдөө хожно гэдэгтээ зуун хувь итгэлтэй байсан. Харин яаж хожих вэ гэдгээ багш нартайгаа нэлээн зөвлөсөн. Тэгээд хоёр минут сайхан барилдаж биеэ тавируулсны дараа урагш явж барилдана гэж төлөвлөж байлаа. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу вазари авсан. Дараа нь гурав торгуульж үнэлгээ тэнцэн сандарсан тал бий. Гэхдээ ямар ч байсан оноогоо нөхөж ялалт байгуулсан. Эхний барилдааны дараа бие тавираад гоё болсон л доо. Тамирчин хүн бэлтгэл дээр бүх юмаа тааруулж бэлддэг ч гэсэн өөрийгөө ямар байгааг дүгнэхэд хэцүү байдаг.
.jpg)

Харин эхний барилдаан хийсний дараа нэг их цуцахгүй, жин гоё таарсан нь мэдрэгдсэн. Ер нь өөртөө итгэх итгэл маань баталгаажсан гэх үү дээ. Дараа нь Украины бөхтэй барилдсан. Европын АШТ-ээс мөнгөн медаль авсан, маш хүчтэй бөх л дөө. Багш нартайгаа зөвлөж байгаад тактикийн барилдаан хийж, торгуулиар ялсан даа. Одоо үнэлгээ аваад илүүрхэж хожно гэдэг хэцүү болсон. Тиймээс ухаантай барилдаж, цагаа зөв хуваарилж, аль болох ядралгүй, эсрэг тамирчнаа алдаа гаргахыг хүлээх бодолтой байсан.
-Оросын бөхөд дөрөв дэх удаагаа ялагдлаа. Аргалж болохооргүй эвгүй өрсөлдөгч юм уу?
-Исаев бол үнэхээр хүчтэй, унаж өгдөггүй, нягт барилдаантай бөх. Тэр өдөр маш их хүчтэй байлаа. Би хоёр минут хамгаалж байгаад барилдаан гаргана гэсэн тактиктай байсан. Харамсалтай нь амархан ялагдсан. Хэрвээ түүнийг хожсон бол арай дээшээ барилдах ч байсан юм билүү.
-Шүүгч иппон заахын өмнө юу бодож байв?
-Шүүгч цэвэр ялалт өгнө гэж ёстой бодоогүй. Уг нь иймэрхүү тохиолдолд үнэлгээ заадаггүй. Заасан ч вазари л өгнө. Гэхдээ олимп Европ тивд болж байгаа гэдэг утгаараа шүүгчид Европын бөхчүүдийг бага зэрэг дэмжих хандлага ажиглагдаж байсан. Уг нь дэвжээний шүүгч эхлээд цэвэр ялалт өгөөгүй юм. Гэтэл ерөнхий шүүгч дуудаад иппон болгочихсон. Ялагдчихаад “Одоо яана даа” гэж бодож байлаа. Асар том юм бодож барилдсан хүн ялагдлын дараа эргээд сэргэх хэцүү л дээ.
-Тухайн үед багш нар юу гэж зөвлөж байв?
-“Нэгэнт ялагдсан юм чинь энэ барилдаанаа март. Одоо чи хоёр барилдаан хийнэ. Хоёуланд нь ялж, хүрэл медаль авах ёстой. Барилдаанаа бодоод төвлөр” гэж хэлсэн. Би ч бодит байдалтайгаа эвлэрч, одоо надад ямар боломж байгааг бодож эхэлсэн. Тэр үед элдвийн юм бодоод байвал дараагийн барилдаандаа төвлөрч чадахгүй. Өмнө нь том тэмцээнүүдэд иймэрхүү зүйлээс болж боломжоо алдсан тохиолдол бий.
-Медальд хүрсэн шийдвэрлэх барилдаануудаа дурсвал?
-Тэр өдөр миний ажиллах чадвар өндөр, мэх хийгээд барилдахад ямар ч аюулгүй, унахгүй юм шиг санагдаад байсан. Яг тэр бодсоноороо л барилдаж, Америкийн бөхийг торгуулиар ялсан. Харин хүрэл медалийн төлөө Голландын Д.Элмонттой барилдсан. Элмонт бол ДАШТ-ий хошой мөнгөн медальтай том бөх. Түүнтэй би 2010 оны ДАШТ-д зооны аваргын төлөө барилдахдаа хожиж яваад гараа хугалж, мөнгөн медалиа алдсан. Дараа нь хүрэл медалийн төлөө барилдах боломжгүй болж, Японы бөхөд медалиа өгсөн харамсалтай түүх бий. Бас Д.Нямхүү ах маань түүний ахад Бээжингийн олимпоор ялагдаж байсан. Манай холбооны ерөнхийлөгч ч гэсэн “Нямхүү түүний ахад ялагдаж байсан. Харин энэ удаа чамд ялагдах эрх байхгүй шүү” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Би Элмонтыг яаж ялахаа мэдэж байсан. Тэр дагуу л ялсан.
-Цаг дуусч, ялагчийг зарлах мөчид төрсөн сэтгэгдлээ хуваалцвал?
-Маш гоё байсан л даа. Цаг дуусангуут “Ингээд би олимпийн медальтай бөх боллоо” гэж бодогдсон. Сэтгэл хөдөлсөндөө болоод ёсолж буухаа ч мартчихсан байна лээ. Барилдааны явцад ордонд цугласан тэр олон хүний сэтгэл хөдлөл, намайг дэмжиж байгаа нь заавал ялах ёстой гэсэн эрмэлзэл төрүүлж байсан. Цаг дуусаад, медалиа авахад үнэхээр сайхан байлаа.
-Монгол Улсын ерөнхийлөгч тэр барилдааныг үзсэн. Төрийн тэргүүнийхээ өмнө олимпийн медаль авна гэдэг ховорхон тохиох аз завшаан болов уу?
-Тийм ээ. Тэр өдөр ерөнхийлөгч тоглолт үзнэ гэсэн. Харин би улсынхаа төрийн тэргүүнийг ирэх үед олимпийн медалиар бэлэг барьсандаа маш их баяртай байгаа. Хүн бүхэнд тохиогоод байхгүй боломж гэж бэлгэшээж байгаа.
-Сахал чинь нэлээн ургачихаж. Хоккейчид сахлаа хусвал ялагдана гэсэн сүсэг бишрэлтэй байдаг. Үүн шиг бяцхан мухар сүсэг байна уу?
-Тийм юм байхгүй ээ. Би ер нь сахал тавьдаггүй. Ургахаар нь хусчихна. Харин сахлаа хусаад удаагүй байхдаа барилдвал нүүрний арьс зулгарчихдаг юм. Тиймээс сая сахлаа хусалгүй хэд хоносон юм. Би ер нь олимп гэж хамгийн чухал том тэмцээн гэж бодож барилдаагүй. Тэгж бодвол надад маш их ачаа ирнэ. Өмнө нь ийм байдлаас болоод зөндөө олон тэмцээнд алдсан болохоор сая өөрийгөө сайн хянахыг хичээсэн.
-Дэвжээнээс буугаад хэвлэлийнхэн рүү явахдаа утсаар ярьж байгаа харагдсан. Хэнтэй хамгийн түрүүнд ярьсан юм бэ?
-Аав, ээжтэйгээ ярьсан юм. Баярлаж уйлаад бараг ярьж чадахгүй байна лээ.
-Медалиа хэнд зориулах вэ?
-Аав, ээждээ. Аав, ээж маань 2004 онд намайг бөх болгоно гэж Увс аймгаас дагаж ирсэн. Энэ хугацаанд намайг бэлдээд, хоол ундыг минь хийгээд миний төлөө явсан. Бас өөр олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Намайг бөхийн замд ороход маш их тусалж дэмжсэн нагац ах нар Г.Жамсран, Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн, Г.Дамдинсүрэн, Д.Нямхүү, анхны багш Ю.Баттогтох, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням, Х.Болдбаатар, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, бэлтгэл хангалцсан бүх хүмүүс, хүргэн ах Жаргалсайхан, “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клубийнхэн, Ч.Ганзориг захирал, Д.Баясгалан захирал, Ш.Бат-Орших багш, Ш.Даваахүү багш, биднийг бэлтгэл хийх орчин нөхцлөөр хангаж, дэмжиж тусалсан “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Бат-Эрдэнэ, БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Ч.Насантогтох багш, МҮОХ-ныхон, жүдог дэмждэг Монголын нийт ард түмэндээ баярлалаа гэдэг үгийг танай сониноор дамжуулж хэлье. Цаашдаа илүү өндөр амжилт гаргахын төлөө хичээх болно оо.
Г.БАЯРСАЙХАН