“Лондон 2012”-ын зургаа дахь өдөр буюу наймдугаар сарын 2-нд жүдо бөхийн -100 кг-ийн жинд Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр урамтай сайхан барилдсаар мөнгөн медаль хүртлээ. Тун хатуу сугалаа татсан гэж болох тэрбээр эхний даваанд Тайландын Теерават Хомклиныг 54 секундэд, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Францын Тьерри Фабриг 1 минут 58 секундэд, хэсгийн аваргын төлөө Ази тивийн гурван удаагийн аварга Узбекистаны Рамзиддин Саидовыг 2 минут 16 секундэд тус тус цэвэр ялсан.
Улмаар хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө 2003 оны дэлхийн аварга Өмнөд Солонгосын Хван Хее-Таетэй тулах үедээ барилдаан эхлээд 40 секунд өнгөрч байхад зүүн хөлдөө хүнд гэмтэл авсан юм. Гэвч манай бөх монгол эр хүний зориг, тэвчээр, ухааныг харуулж таван минутын хүнд ширүүн барилдааны эцэст өрсөлдөгчөө юүко үнэлгээрээ буулган авч, хоёр олимп дараалан шигшээд шалгарсан юм.
Хэдийгээр шигшээ барилдаанд Оросын Тагир Хайбулаевт дийлдсэн ч “Түвшээгийн маань хөл зүгээр байсан бол дагестан эрийг Путиных нь нүдэн дээр савах байсан даа” хэмээн бүх монголчууд бодсон нь лавтай. Ийнхүү Булган нутгийн хүү олимпийн хос медальтай анхны монгол тамирчин (Д.Мөнхбаяр ийм амжилтыг үзүүлсэн ч сүүлийн медаль нь Германд харьяалагдаж буй) боллоо. Аварга аваргаараа төрдөг өө гэж...
Н.ТҮВШИНБАЯР: ХӨЛ ГЭМТСЭНИЙ ДАРАА ХАМАГ ЮМ ДУУСЛАА Л ГЭЖ БОДСОН
Олимпоос хоёр дахь медалиа авч, монгол түмнээ баярлуулсан Н.Түвшинбаяр маань эмнэлгээр эргэлдэж, үзлэг шинжилгээнд хамрагдаж байсан болохоор хоёр өдөр уулзаж чадсангүй. Харин нутаг буцахынх нь өмнөх өдөр буюу бямба гаригт уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Аварга аа, хөлний бэртэл яаж байна вэ? Шинжилгээний хариу ямар гарав?
-Зооны аваргын төлөө Солонгосын бөхтэй барилдаж байхдаа дөчин хэдэн секунд өнгөрсний дараа өөрөө үүрч суухдаа зүүн хөлөө даруулаад бэртэл авсан. Тэр үед хамаг юм дууслаа л гэж бодож байлаа. Харин босч ирээд гишгэж үзэхэд болмоор юм шиг санагдаад. Тэгээд азаар ч гэх юм уу үнэлгээ авч хожсондоо их баярласан. Гэхдээ аваргын төлөө барилдаж чадахгүй нь гэж бодохоор шоконд ордог юм билээ. Тэмцээн дуусаад олимпийн тосгоны эмнэлэгт үзүүлсэн. Бүр хөлний бэртлээр дагнасан эмч ирж үзэн зураг аваад дотор талын шөрмөс нь сунаад, өвдөгний чагтан холбоос нь тасарчихсан байна гэсэн. Энд шууд хагалгаа хийлгэе гэсэн чинь дотор талын сунасан шөрмөсийг эдгэсний дараа мэс засал хийх шаардлагатай гэсэн. Түүнд багаар бодоход зургаан долоо хоног хэрэгтэй. Тэгэхээр хоёр сарын дараа мэс засал хийлгэх боломжтой юм билээ.
-Барилдах нь байтугай явахад ч хэцүү байхад гарч ирээд финалд барилдана гэдэг зоримог шийдвэр. Тухайн үед багш, дасгалжуулагч нар битгий барилд гэж зөвлөж байв уу? Та яагаад дэвжээнд гарахаар шийдсэн юм бэ?
-Зарим нь бэртлээ улам сэдрээхийн нэмэр, дэмий гэж байсан л даа. Эмч нь ч гэсэн барилдсанаас болж илүү хүнд гэмтэл авах, артерийн судсаа ч гэмтээж магадгүй байсан, харин азаар гайгүй байна гэсэн. Ер нь олимпийн алтан медалийн төлөө барилдана гэдэг ховор мөч. Сүүлд барилдсан бол яах ч байсан юм билээ гэсэн харуусалтай үлдэж магадгүй. Тийм учраас барилдах шийдвэрийг өөрөө гаргасан л даа. Ямар ч байсан нэг шийдсэн юм хийгээд үзье гэж бодсон. Гараад ямарваа нэг боломж хайсан боловч амжилтгүй болсон.
-Хэрвээ эрүүл байгаад барилдсан бол тэр оросыг ялна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байв уу?
-Одоо бүх юм өнгөрсөн хойно тийм байсан бол гэж яриад яахав. Тамирчны хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл. Гэмтэл бэртэл бол хэлж ирдэггүй. Болохгүй л байсан юм байлгүй дээ.
-Олимпийн барилдаануудаа дүгнээд яривал?
-Эхний тойргоос л өөртөө байгаа бүх боломжоо гаргаж барилдсан л даа. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Хамт олон, багш нар, үндэсний шигшээ багийн алба, холбооны удирдлагууд, бэлтгэл хангалцсан бүх хүн, миний төлөө зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Энэ жил бэлтгэл сайтай байгаа нь анзаарагдаж байсан. Тиймээс Лондоны олимпод том зорилго тавьж ирсэн болов уу?
-Мэдээж олимпод оролцож байгаа хүн очоод зүгээр ялагдах биш, аль болох хичээж барилдахыг бодно. Оролцож байгаа бүх л хүн тийм бодолтой байгаа байх.
.jpg)

-Одоо таны сэтгэл санаа ямархуу байна?
-Сүүлийн хоёр жил байгаагүйгээрээ л тайван байна.
-Эхний хоёр өдөр жүдочид тааруухан барилдахад хүнд байв уу?
-Хэцүү байсан. Тэгээд С.Ням-Очир сайхан барилдаж хүрэл медаль авсны дараа сэтгэл уужраад гоё болсон. Манайхны хувьд бэлтгэл сургуулилт сайн байсан. Есөн хүн ирснээс хоёр нь медаль авч, хоёр нь шагналт байрт орсон. Энэ бол боломжийн амжилт.
-Хөлөө гэмтээчихээд үлдсэн хугацааг яаж давж туулсан бол?
-Тэр үед бие халуун байсан болоод ч тэр юм уу, өвдөлтийг арай бага мэдэрсэн л дээ. Тухайн үед барилдаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд байсан болохоор тэр бүгдийг давж туулсан байх.
-Та Монголын тамирчдын түүхэнд төрсөн анхны олимпийн аварга. Харин одоо олимпийн хос медальтай болсон анхны тамирчин боллоо...
-Анхны алтан медалийг аваад ирэхэд дэмжиж, хайрлаж байсан Монголын ард түмнийхээ л ач буянаар дахиж медаль хүртлээ. Ард түмэндээ баярлалаа.
Г.БАЯРСАЙХАН