УИХ-ын долоон Байнгын хороо даргатай болов. Өчигдөр, уржигдар хоёр зургаан Байнгын хорооны даргыг УИХ сонгосон. УИХаар хэлэлцэх бүх асуудал салбарын Байнгын хороогоор дамждаг учраас бага парламент гэчихэд ч болно. Тиймээс Байнгын хороодыг тухайн салбарын мэргэжилтэй, туршлагатай хүн даргалах учиртай. Гэвч улс төрийн “бялуу”-ны тоонд зүй ёсоор орох уг албан тушаа лыг нам, эвслүүд тохиролцооны зарчмаар хуваа рилсан тул зарим нь болчимгүй сонголт болж байна. АН болон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтран Засгийн газрыг 75:25 харьцаатайгаар бай гуулахаар болсон. Энэ ёсоор УИХ-ын хоёр ч Байнгын хороо “Шударга ёс” эвсэлд ногдсон. Бие даагч гишүүнд бас нэг суудал өгсөн байна. Шинэ дарга нарыг нэг шинжээд үзье. АН-ын талаас гишүүн Г.Баярсайханыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгосон. УИХ-ын экологич гишүүн гэдэг түүний тухайд асуудал гарахгүй. Өнгөрсөн дөрвөн жил уг Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан нэгэн.
Харин Эдийн засгийн байнгын хорооны даргаар механик инженер мэргэжилтэй шинэ гишүүн Б.Гарамгайбаатарыг сонгосон байна. Авто замаар дагнан ажилласан энэ эрхэм эдийн засгийн асуудалд хэр мэргэжлийн байж чадах нь эргэлзээтэй юм. Хууль зүйн байнгын хороог АН-ын гишүүн Ш.Түвдэндорж даргалах болж байна. Түүний хувьд Цэргийн нэгдсэн дээд сургууль, “Отгонтэнгэр” их сургууль болон Удирдлагын академийг дүүргэжээ. УИХ-ын цахим хуудас дахь намтарт түүний мэргэжил тодорхой алга. Гэхдээ цэргийн албаар хэсэг яваад л “дарга” гэсэн албан тушаалыг голдуу хашжээ. Дарга байсан хүн Хууль зүйн байнгын хороонд тохирдог гэж “орчуулбал” яадаг юм гэе дээ.
Бие даагч гишүүн Ц.Даваасүрэнгийн тухайд ярих юм алга. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, өмнөх УИХ-д Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай. Тэгвэл “Шударга ёс” эвсэлд Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ногдсон байна. Ногдох гэж үнэндээ НББСШУ-ны байнгын хороон дээр талууд нэлээд “зодолдож” байж эвсэл дийлсэн сураг Төрийн ордонд тархав. Хамгийн их шүүмжлэл дагуулсан томилгоо нь энэ Байнгын хороонд байгаа юм. “Шударга ёс” эвсэл энэ Байнгын хороог авахын тулд АН-ыг нэлээд шантаажилсан бололтой.
Өмнөх УИХ-уудад тус Байнгын хороог эмэгтэй гишүүн голдуу даргалж ирсэн туршлага бий. Юун төлөө энэ УИХ-д есөн эмэгтэй сонгогдож, тусдаа Бүлэг байгуулсан билээ. Тэдний дунд бяцхан “дайн” өрнөсөн нь мэдээж. Эмэгтэй гишүүдийн бүлэг нийгэм, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр эр чүүдээс илүү гарч, уян хатан ажиллан зөв хууль гаргаж чаддагаа харуулахаар зорьж буй юм. Энэ зорилгоо харуулахад нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын суудал их үнэтэй. Эцэст нь Н.Энхбаяраас болж Засгаас гарна гэж айлгаж буй эвсэл ялсан нь энэ. Байнгын хороонд “Шударга ёс” эвслийн хоёр бүсгүй хоёулаа орсон. Г.Уянга, З.Баянсэлэнгэ нараас хоёр дахь гишүүнийг тус албанд яг тохирно хэмээн эвсэл үзсэн нь сонин. Учир нь олон нийтийн дунд УИХ-ын гишүүн гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа эвслийн хоёр гишүүний нэг нь тэр юм. УИХ-ын хаалгыг азаар татсан хэмээн үүнийг зөөллөн тайлбарлаж буй.
Байнгын хорооны хурлын дараа сэтгүүлчид сэтгэгдлийг нь асуухад “Их том албан тушаалд томилогдож байна. Таван ч яам хариуцаж ажиллахаар боллоо” гэж хариулжээ. Г.Уянгыгаа эвслийнхэн дэд сайд хавьцаа зүтгүүлэх гээд буй бололтой, Байнгын хорооны даргаас “чөлөөлсөн” биз. Тэгвэл З.Баянсэлэнгэ сайдаас ч том албан тушаалд очсон хэмээн баяртай явна. Эрхэм гишүүн Дарханы Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч, Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм байна. ЦЕГ-т ажиллаж байхдаа найзын сайхан сэтгэл гаргаж хууль зөрчсөн нь гишүүний тангаргаа өргөснийх нь дараахан шуугиан тарьсан. Хамгийн сонирхолтой нь “Та одоо УИХ-ын гишүүн боллоо. Танил талдаа үйлчилсэн энэ алдаагаа давтахгүй биз дээ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэр “Цаг хугацаа харуулна” гэсэн “супер” хариу өгсөн байдаг юм. Эрх зүйч мэргэжилтэй, эмчээр ажиллаж байсан учраас уг Байнгын хорооны дарга хийхэд туршлага мэдлэг хангалттай хэмээн үзсэнээ түүний тухай танилцуулга уншихдаа Ц.Оюунгэрэл гишүүн онцолсон. Гэвч ёс зүйн хувьд, бас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх тухайд З.Баянсэлэнгэ хангалтгүй оноо авч буй юм. Шүүмжлэл чухам энэ чиглэл рүү нь онилсон гэхэд болно.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас Ц.Цолмон гишүүнийг сонгосон. Түүний намтрыг УИХ-ын цахим хуудаст хараахан оруулж амжаагүй бололтой. Юутай ч түүнийг Барилга, хот байгуулалтын сайд байснаар нь уншигчид мэднэ, тулхтай, төв улстөрч учраас энэ хариуцлагатай Байнгын хороог даргалаад явж чадна гэдэгт эргэлзэхгүй байх. Эрээнтэй бараантай, шүүмжлэл, сайшаалтай нэг иймэрхүү сонголтыг УИХ-аас “ногоон гэрлээр” хийв. Байнгын хорооны дарга нарыг сонгоход өмнө нь ярилцаад шийдчихсэн байсан тул ямар ч асуулт, санал гараагүй юм. Шүүмжлүүлсэн дарга нар яаж ажиллах нь харин асуулт болон үлдэж байна.
С.ТУУЛ