...Энэ монгол залуу ямар сайхан инээмсэглэдэг юм бэ? Лондоны олимпод оролцож буй тамирчдаас хамгийн сайхан инээмсэглэдгийг нь шалгаруулбал би лав түүний төлөө саналаа өгнө... ВВС-гийн нэгэн сэтгүүлч манай С.НямОчирын хүрэл медаль хүртсэн баярт агшныг хараад ийн өгүүлжээ.
...Монголын бөх зальдсан ч байж мэдэх юм. Олимпод таарсан өрсөлдөгчдөөсөө түүнд л ганцхан ялагдсан болохоор хянамгай барилдсан... Алтан медаль хүртсэнийхээ дараа ОХУ-ын бөх Тагир Хайбулаев олимпийн аварга Н.Түвшинбаяраас айснаа нуулгүй ярьсан юм. Тийм ээ, гаднаа даруухан ч дотроо дайчин Түвшээ, Нямка хоёр маань зуны ХХХ олимпийн мөнгө, хүрэл медалийг гуйж биш гуядаж авснаар монгол түмэн, хойч үеийнхэндээ бахархал үлдээлээ. Итгэл хүлээлгэж байсан Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарыг ялагдсаны дараа, Ц.Мөнхзаяаг медалиас атгаад алдахад нь толгой гудайлгаж суусан зон олон Сайнжаргал ахын хүүг хүрэл медаль хүртэхэд сэргэж, Найдан ахын хөвүүн алттай дүйцэх мөнгөн медаль зүүхэд омогшив. Олимпийн баатрууд маань өдгөө эх орондоо тухалж хүндлэл хайрын дээдэд умбаж сууна.
С.Ням-Очирын хувьд “Лондон-2012” анхны олимп. Жүдогийн 73 кг-д бяртай бөх хэмээн дэлхийд аль хэдийнэ данслагдсан тэрбээр том бодол тээн Лондоныг зорьсон нь биеллээ олов. Алт, мөнгөн медаль ч түүнд бодогдсон нь лавтай. Харин тэр энэ бүхнээ хэн нэгэнд бардамнан ярисангүй. Мөрөөдлөө хамаагүй дэлгэвэл биелдэггүй гэсэн буурлуудын үгийг дагасан мэт хав дараад л будант Альбионыг зорьсон юм. Үнэндээ ч энэ нь буруудсангүй. ХХ зууны 80 оны олимпийн жүдогийн 71 кг-д (хожим 73 кг болсон) Монгол Улсын гавьяат тамирчин Р.Даваадалайн хүрэл медаль хүртсэн тэр өдөр ХХI зууны 12 дугаар онд С.Ням-Очир маань шагналын тавцангийн гуравдугаарт зогссон нь сонин тохиолдол биш гэж үү? Хүрэл медалийн болзол хангачихаад хоёр хуруугаа гозойлгон сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн тэрбээр дараа дараагийн олимпод ч амжилтаа дархлах нь мэдээж.
.jpg)
.jpg)
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа сэтгүүлчид ярилцлага авахаар шавахад “Би юу хэлэх вэ? Ярилцлага өгөхөөс барилдах нь амархан санагддаг” хэмээн даруухан инээмсэглэсэн юм. Нээрээ тэр сайхан инээмсэглэх юм аа. Харин монголчуудын бахархал Н.Түвшинбаярын хувьд тэртээд үлдсэн “Бээжин-2008”, одоо үргэлжилж буй “Лондон-2012”-ын хооронд багагүй ялгаа бий. Зуны ХХIX наадмын дараа спортын амьдралаас бага зэрэг хөндийрсөн түүнийг их спортдоо эргэн ирнэ хэмээн хүлээсэн нь андуурал байсангүй. Нэгэнт тамирчны үүргээ нэр төртэй биелүүлсэн тул тайван амьдралыг сонгох эрх түүнд байв. Гэсэн ч тэр энэ замыг сонгоогүй юм. Жингээ сул тавьчихсан тул +100 кг-д барилдахаас өөр арга байсангүй. Бээжингийн олимпоос хойш түүний тэмцээний гараа 2009 оны Зүүн Азийн наадмаар эхэлжээ.
Харин 2010 оны тавдугаар сард л -100 кг-д сая барилджээ. Жиндээ орох, формдоо дасах, тамирчин хүний нарийн ширийн асуудлууд тулгарч, тэмцээнүүдэд багагүй ялагдал хүлээсэн түүнийг хайр найргүй шүүмжлэгчид олширлоо. Бээжингийн аваргын титмийг азаар авсан мэт “донгосох” их мэдэгч олон байв. Харин энэ үед Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Одоо чиний хөөрөл бууж байна уу” гэсэн ухаалаг үг хэлсэн нь түүний сэтгэлээс огтхон ч гардаггүй. Энэ мэтчилэн хоёр олимпийн хооронд багагүй өөрчлөлт гарсан, харин хувираагүй нэг л зүйл бий. Тэр нь олимпийн татамид гаргадаг, олимпод аваргалах л гэж ирснээ харуулдаг омогшил.
Бээжингийн дэвжээнд өнгөлөг байсан шигээ Лондонд ч тэр жавхаалаг байлаа. Тэр олимпийн дэвжээг жинхэнэ эзэгнэж чаддаг юм. Түүний барилдааныг гарлаа, өрлөө, яллаа хэмээн дүрсэлж болох мэт. Түвшээ гаднаа даруухан, дотроо омголон нэгэн. Үг яриагаар биш, үйл хөдлөлөөрөө олимпийн аварга гэдгээ дахин нотолсноор нь бахархаж байна, монголчууд. Мөнгөн медалийн болзол хангачихаад дэвжээнээс буухад нь ярилцлага авах гэж мэргэжил нэгтнүүд маань бүчихэд нулимсаа барьж дийлээгүй аварга “Дараа л ярилцъя даа” хэмээн өгүүлсэн гэсэн. Үнэндээ бэртэл авсны дараа “Гүрийх л ёстой, би ийм хөлтэй дахиж яаж барилдах юм бэ” гэх бодол түүнд төржээ. Тиймээс дэвжээнээс буухдаа унагасан тэрхүү нулимс ялсандаа баярласан жаргал, алтан медалиа ихэрлүүлж чадахгүй нь дээ гэсэн харуусал хамтад нь тээсэн аж. Хэдийгээр түүнд аваргын төлөө барилдах шийдвэр гаргах хэцүү байсан ч ховор тохиох боломжийг алдахыг хүсээгүй юм.
Мөнгөн медалийн төлөөх барилдаан Монголын багийг тэр чигээр нь түгшүүрт автуулсан ч айдас ард хоцорсны дараа “Одоо оросын бөхийг ялчихвал ч “ гэсэн хүсэл битүүхэн төрсөн нь бий. Учир нь энэ бөх өнгөрсөн жил манай тамирчинд ялагдаж байсан билээ. Хэрэв Түвшинбаяр гэмтэл аваагүйсэн бол... Гэхдээ дөрвөн жилийн тэртээх жаргалтай өдөр, баяртай агшин дахин давтагдаж, бид аваргыхаа цамцны захыг мушгин, Түвшинбаяраараа “амьсгалсан” нь хамгийн сайхан. Ази, Европ аль алинд нь монголчуудын хайртай хүү алдраа мандуулж чадлаа. Бээжингийн олимпоос алтан медальтан төрөх үед МҮОНТ-ийн сэтгүүлч Баярсайхан ах баярын нулимсаа цэнхэр дэлгэцнээс нуулгүй сад тавьсан шиг бид ч сонины редакцдаа уухай хашгиран сууж байсан тэр түүх давтагдсан. “Түвшинбаяр маань чадлаа” хэмээн бичиж суух хэчнээн сайхан байсан гээч. Түүнийг медалиа ихэрлүүлсний маргааш манай редакцид халмагхан ирсэн улсын начин “дүүгүүр” Болдоо ах “Ийм сайхан аваргын нутагт төрсөн би ямар азтай хүн бэ. Түвшинбаяраараа бахархаж байна.
Дэлхийн хамгийн сайхан хоолыг аварга дүүдээ хийж өгч чадна” хэмээн баярласан сэтгэлээ хуваалцсан шүү. Сайхан энергитэй хүний амьдрал тэгш байдаг юм гэнэ лээ. Түвшинбаяр та ард түмнээ баярлуулах одонд төржээ. Олимпийн аварга маань хоёр хөөрхөн хүүтэй. Тэднийг Манлай, Мандах гэдэг. Онгоцноос буухад нь нэг нь аавынхаа таягийг, нөгөө нь хөлийг нь тэврэн авч харагдсан. “Аав нь хүүхдүүддээ олимпийн медаль авчирлаа” гэж харцаараа өгүүлж байлаа, манай аварга. Олимпийн алдартнуудынхаа гавьяаг улс гүрэн бүр үнэлж, дархалж байна. Олон мянган “ногоон”-оор шагнаж байна. Аварга аварга шиг амьдрах ёстой. Түвшинбаяр маань улсын баатар гэсэн сэтгэгдлүүд ч цахим хуудсуудаар хөвөрсөөр. Үүнтэй бид ч санал нэг байна, юу үнэн бэ энэ л үнэн. Найдангийн Түвшинбаяр Улсын баатар! Нямка, Түвшээ хоёрын маань медалиуд Н.Төгсцогтод булган сүүлээ хайрлалаа. Дараа нь У.Мөнх-Эрдэнэ, тэгээд чөлөөтийнхөнд шилжинэ.