БНХАУ цөлжилттэй хэрхэн тэмцэж байгааг жирийн иргэд бид мэдээд байхад ажил хариуцдаг нөхөд бүр ч сайн мэдмээр юм. Одоо манайд модтой уулын бэлээр мод тарьсан болоод “Ногоон ертөнц” гэж хөөрцөглөх. Тэгвэл ГовьАлтай, Баянхонгор, Завханы нутагт элсний нүүдэл хурдасч буй газрыг тогтоогоод, мод, бут, сөөг тарих ажлыг улсын төсөвт хөрөнгийг нь тусгаад, эс тусгадаг юм гэхэд аймаг сумын иргэдтэй хамтраад, урд хөршийн жишгээр мод, бут, сөөгтэй талбай байгуулж, цаашид ургах нь тодорхой болсон хэсгээ тариаланчдаас нь худалдан авч баймаар. Тэнд 2-3 жил мод, сөөг тариад 2-4 сая юань авч суугаа тариачид олон байгаа тухай Өвөрмонголд туршлага судалсан манай цэцэрлэгжүүлэгчид ярьж байна билээ.
Манай орон хэзээ ч нүүдлээс салахгүй, энэ нь ч эцсийн дүндээ бидний давуу тал юм. Машин трактороор нүүх боломжгүй уулархаг нутгийнхан, өндөр уул давж бэлчээр сэлгэдэг малчин хүнд араг шээзгий шиг хөнгөн авсаархан авдар сав гэж ерөөс үгүй юм. Иймд бургас тариалдаг иргэдийг дэмжээд хоёр жилийн дотор ургачихдаг бургасаараа араг шээзгий, бургасан унь, хана хийж зардаг аж ахуйн нэгж байгуулахыг одооноос эхлүүлмээр байна. Эхлээд улс тодорхой тооны хүн цалинжуулаад энэ ажлыг эхлүүлээд, дараа нь үр шимийг нь мэдрээд ирэхэд нь эргүүлж зараад, улсаа хохиролгүй болгож болно шүү дээ.
Сумдын төвд мах, түүхий эдийн бэлтгэлийн боловсронгуй цех хэрэгтэй байна. ХАА-н биржээ төгс төгөлдөр болгож, үүнийгээ шуурхай шийдмээр байна. Мянгат малчин шалгаруулах арга, арга барилын хувьд хоцорчээ. 500-гаад бог мал, бод нь 2-3 зэл үхэр, 3-4 азарга адуу байхад нэг малчин өрхөд боломжийн ачаалал юм. Иймээс иймэрхүү хэмжээнд сайн малчныхаа шалгаруулалтыг тогтоон бариад, харин нэмэлтээр төвлөрсөн хот сууринд хэдэн кг мах нийлүүлсэн, үндэсний үйлдвэрт хэдэн кг ноолуур, ноос, хөөвөр, хэдэн ширхэг арьс, шир нийлүүлснийг нь бодит үнэ, баримтаар нь тооцож шалгаруулбал мал аж ахуйн ашиг шим эдийн засгийн эргэлтэд үр дүнтэй болно. БНХАУ-ын Ордос нутагт амьдардаг нэг монгол айл дунджаар 35 хонь, 10 ямаа үржүүлээд жилд 30 орчим төл авч, 30 орчим малыг маханд нийлүүлж, бусад ашиг шимийг нь тушааж, сүргээ залуужуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлж байхад өрхийн орлого нь хангалттай болж байгаа мэдээ байна. Харин манайд мянга мянгаар нь малаа өсгөөд, мянга мянгаар нь зуданд алдаад байх уу? Заримдаа хүнийхээ төлөө малаа өсгөж байна уу, малынхаа төлөө хүнээ зольж байна уу, үе үе зуданд малаа алдаж, нохой шувуу хооллох буян хийх гээд байна уу гэж эргэлзмээр тун ойлгомжгүй болох юм.
Ой модоо эзэнтэй болгомоор байна. Эзэнтэй газар ямар өнгө төрхтэй болдгийг хар даа. Хэдэн жилийн өмнө Шажин хурах, Төр хурахын ам хавар намар гардаг түймрийн гол голомт байсан. Одоо ганц нэгийг эс тооцвол эзэнтэй болсон ийм жишээгээр Хангай, Хэнтийн уулын ам болгоныг тодорхой малчинд хариуцуулж, эрхийг нь ч эдлүүлээд, үүргийг нь ч чангатгамаар байна. Алтай, Хангай, Хэнтийн уулын ам болгоныг дэлхийд ховорхон амралт, сувиллын газар болгоход Тавантолгойгоось хямд хялбар бөгөөд байгальд ээлтэйгээр мөнгө олох боломж байна. Уул уурхайгаас олсон мөнгөө зам харгуй засах нүсэр ажлын дараа үүн лүү чиглүүлмээр байна. Ер нь, түүхэн дурсгалт, онгон дагшин газраа жуулчдад үзүүлэхийн тулд гаднынхны анхаарлыг татахуйцаар үзмэржүүлмээр байна. Наад зах нь хот дотор байгаа Зайсан толгойгоо үзмэржүүлэх юмсан. Миний бодоход Цэргийн түүхийн музей гэж хэн ч ордоггүй музейг тийш нь шилжүүлж, уулын дээр цайз-музей барихад газар олдохгүй гэх юм алга. Эрхэм ажил хариуцсан нөхөд та нар Грекийн иргэд Акрополюсаа яаж тохижуулж үзмэржүүлснийг, ОХУ нийслэлдээ ямар олон галерей, үзэсгэлэнтэйг эрхбиш үзээ биз, нэгийг бодох цаг болоогүй юу. Монголын эртний нийслэл Хархорин шалдан тосгон хэвээр л байх ёстой гэж үү? Одоо манай хөдөө нутаг мотоциклоор малаа хариулж, Эрээний синтетик хошлон дээсээр хүзүүвч, хазаар, ногт, аргамжаа, гэрийн бүсл үүрээ хийгээд хамар шил нь халцарсан унага даага, ботго тором, тугал бяруу, ишиг хургатай болж, хятад хар шаахай өмсөх нь холгүй хонь малаа адгуулж байна. Эрээний хошлон дээсээр ачааны татлага, гэрийн оосор бүслүүр хийж болох юм. Харин хүн малынхаа эдэлж хэрэглэх зүйл хийхэд нэг л зохилтой бус. Хүзүүвч, хазаар ногт, чөдөр зангидах сургууль, дамжаа хичээллүүлж, сум бригадын төвд цех байгуулж, мал маллагаагаа унаган төрхөнд нь оруулмаар байна. Ганц ийм юм хийгээд цех ашигтай ажиллахгүй. Үүн дээр эсгий гуталд ширэн ул татаж, бухаар шовроогоор тоноглох, цагаан ултай өвөл зуны гутал үйлдвэрлэх, гөлөм, тохом, хом үйлдвэрлэх гээд нэг хүн бүгдийг нь сурч болох ажилд сургаад, эдгээр зүйлийг хийхэд ашиглагдах жижиг цахилгаан багаж, колотка бас бус зүйлийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авч, цехийг нь тоноглож өгөөд эхэндээ борлуулалт, гүйцэтгэлээр нь цалинжуулж, ашигтай нь мэдэгдээд эхлэхээр тэр хөдөлмөр эрхлэгчдэд нь зараад улс өөрийгөө алдагдалг үй болгож болмоор. Энд дэвшүүлээд байгаа санааг хэрэгжүүлэхэд сувдаг шунахай сэтгэлгүй, эх орны хөгжил цэцэглэлтээр баясаж, голоо дэвтээж явдаг хөгшчүүдийг түр илгээлтээр томилоход л болно.
Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд орон нутагт ноос угаах, арьс шир бордох цех олноор барихад байр, багаж, урвалжийг нь бэлдэж, улсаас тодорхой тооны хүнд үүрэг өгч эхлүүлмээр байна. Хэдийгээр бүх арьс ширийг улсад тушаах авч стандарт хангахгүй, чононд бариулсан малын сэгээс гэхэд өжвчин авахаарыг нь хаяж, хэрчсэн үдээр шир хиймээр арьс ширний хаягдал их л гардаг. Үгүйдээ л бог, бод малын шийрний арьс тэр чигээрээ хаягдаж байна. Бод малын толгойны арьсаар юуг ч хийж болно. Жилдээ найман сая орчим мал нядалж хүнсэнд нийлүүлдэг гэхэд найман сая давсаг, найман сая гүзээ, найман сая үнхэлцэг гарна. Эдгээрийг тэлж, хатааж, шар сүүгээр бордоод хүнсний баглаа боодолд хэрэглэхэд их л нөөц байх шиг. Өлөн цуглуулахын сацуу эдгээр дайвар бүтээгдэхүүн цуглуулагчидтай болж, хүнсчдийг үүн лүү шахмаар, тэдэнд гялгар уут л амархан байж мэдэх юм. Эх оронд минь дорно дахины анагаах ухаан сэргэж, сайхан болжээ гэтэл одоо болтол манай эмч нар эмийн манхаггүй, тан мэт хэт нунтаг эмээ хадгалах савгүй явна. Арьсан хийцтэй манхаг, эм хадгалах арьсан туламны аль нь ч алга. Уг нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг оронд энэ нь дээд зэргээр зохицсон хэрэгсэл юмсан. Ийм нөхцөлд бух, хуц, ухнын хуухнагны арьсыг идээлж бордоод төрөл бүрийн арьсан тулам хийх боломж байна. Ийм арьсан тулмыг хаягдаж байгаа бод, бог малын шийрний арьсыг битүү өвчөөд хийхэд ч хангалттай материал байна. Иймэрхүү зориулалттай жижиг цех 10 биш түүнээс ч олон хэрэгтэй байна. Арьсыг нь өвчсөн бод, бог малын шийрний тагалцагны бүлэх ясыг боловсруулж, ясны сийрэгжил, цавуулагийн дутмагшлыг засах хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цех ч ажиллуулах бүрэн боломжтой. Энэ ажлыг МҮХАҮТ-ын дэргэд баг гаргаж, төсөл байдлаар улсаас санаачлаад ажил эхлүүлмээр.
Ер нь, яам тусгай газар эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг монгол хүн хамгийн түрүүнд авч хэрэглэдэг болох талаар хөдөлгөөн өрнүүлмээр байна. Жишээлэхэд, ЭМШАУИСийн багш бид сургууль төгс өгчдийнх өө хонхны баярыг архиар биш тунгийн халбага манхгийн солилцоо уламжлуулах эд хогшлын баяр болгож, төгсөгч бүхэн хувийн эмийн сантай болж төгсдөг цэнгүүнийг зохиож болох байна. Жилдээ Төрийн болон хувийн хэвшлийн олон дээд сургуулийг 1000 шахам эмч мэргэжилтэн төгсөж байхад дээр өгүүлсэн хэдэн жижиг цехийн бүтээгдэхүүн түвэггүй борлогдоно. Гялгар уут газар орон бохирдууллаа гэх болж, тэгвэл тэрийг чинь цуглуулаад, хайс хашаа хийдэг цех хэдийнэ гарсан. Модгүй нутаг оронд малын хашаа их л хэрэгтэй байдаг. Газар нутгийг нь ухаад архи дарсханаар малчдыг хуураад байгаа баячууд тэр нутгийн ардын малыг хайстай болгоосой. Энд би малын хашаа, саравч хийе гэж хэлээгүй шүү. Сүү, сүүн бүтээгдэхүүн хадгалах, ус зөөх төрөл бүрийн модон торх хэрэгтэй байна. Гүү, ингээ саахдаа модон хувинд сааж байвал элдэв үнэр,дуугүй мөн ч зохицсон эдлэл шүү. Ийм торхны үйлдвэр уул нь манайд олон л байсан даа. Айраг цагаа дэлгэрсэн газар хөхүүр, борив их л зохицсон сав суулга.
Одоо манай малчид хүнсний зүйл хадгалахад хориотой элдэв синтетик хувин, торх хэрэглэх юм. Эхлээд өөрийнхөө, алсдаа ард олны ходоод, элгийг гэмтээх, хорт хавдраар өвчлүүлэх шулмын үйл хийж байгаагаа даанч ухаарахгүй юм. Улсаас зориулалтын бус сав суулганд бэлдсэн, хадгалсан сүү, сүүн болон мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байхад хяналт тавимаар байна. Мөнгөн бүслүүртэй саалийн хувин, борив, ширэн хөхүүрийн үзэсгэлэн гаргаж, уралдаан тэмцээн зохиохсон. Сайн малчдаа шагнахдаа элдэв бичигтэй мод өгөхөөр алт, мөнгөн тоногтой хувин, ширэн хөхүүр, боривоор шагнаж, энэ ажлын ач холбогдлыг өндөржүүлмээр байна. Гэр орон, нийтийн хоолны газарт зэс, гуулин эдлэл хэрэглэх хөдөлгөөн өрнүүлж, зэсийн орон гэдгээ харуулж, дэлхийд гоёхсон. Орчин үеийн шил, ваар, керамик савны оронд гуулин данх хэрэглэе гэж хэлэх гэсэнгүй. Бэл бэлчинтэй айлд гуулин домбо, саахуу, сархдын гүц байхад гоё л харагддаг. Ийм чиглэлийн урлан цех байгуулах хүмүүсийг дэмжиж хөгжүүлмээр байна. Хятадын хуванцар шанагаар хоол ундаа хутгахаа больж, гуулин шанага хэрэглэдэг болж, гурваас дээш охин төрүүлж, эсэн мэнд бойжуулсан эзэгтэйг гуулин шанагаар шагнадаг болъё. Яагаад болохгүй гэж. Алийн болгон суганыхаа булчирхайг цочтол ховоо татах вэ. Бэлэн цахилгаан үүсгүүр, цахилгаан насос байсаар байтал сонгууль болохоор л ухаардаг Улсын их хурлын гишүүдийг малчдадаа энэ чиглэлээр туслах хөдөлгөөнд татан оролцуулъя. Био эм бэлдмэлийн үйлдвэрийг төвлөрсөн 2-3 газар байгуулж хөгжүүлмээр байна.
Болсон болоогүй, шинжлэх ухааны биш аргаар бэлдсэн элдэв юм идэж уух хүслэнд автсан хүмүүс хорьсон хориогүй үйлдсээр хэрэглэсээр байна. Тэр нь тус болохоосоо хор болох нь даанч их байна. Эмийн бодис биедээ агуулсан амьтныг зориудаар үржүүлэх академич Ц.Хайдав агсны туршлагыг үргэлжлүүлж хөгжүүлмээр. Монголчуудыг элбэг хангалуун, эрүүл энх тунх амьдруулахад энэ мэтчилэн төрийн түшээдээсээ эхлээд мань мэтийг хүртэл хийх ажил их байна.
Дээр дурдсан үйлдвэрлэл нь зөвхөн монгол туургатан төдийгүй дэлхий дахинд монгол брэнд болоход ойрхон байна.
Д.Амгаланбаатар ЭМШУИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич, шинжлэх ухааны доктор