Монгол Улсын шатарчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул уулгүй талын цусгүй тулаанд Туркт бүтэн сар дайтсаар ганзага дүүрэн олзтой Улаанбаатартаа аравдугаар сарын 2-нд ирлээ. Наймдугаар сарын сүүлчээр шатрын олимпиадад оролцохоор явснаас хойш дэлхийн шилдгүүдтэй шатардсан түүний 20 тавилын дүнд тулгуурлан хэдэн зүйл өгүүлье.
НЭГ. ИСТАНБУЛ. 2012.VIII.27-IX.10
Дэлхийн шатрын олимпиад хоёр жилд нэг удаа болдог уламжлалтай. Дөч дэх нь Туркийн Истанбул хотод наймдугаар сарын сүүлчээр эхлэхэд дэлхийн 160 гаруй орны шатарч хуран цугларчээ. Монголын Мөнгөнтуулын хувьд долоо дахь их наадам нь. Багийнхаа нэгдүгээр ширээнд суусан тав дахь олимпиад нь.
Улс орон бүрийн хамгийн хүчтэй шатарчин багаа толгойлж тэргүүн ширээнд хэн болохоо “хэлдэг” нь нууц биш. Багийн тоглолтод толгойлогчийн нөмөр, нөөлөг их. Өөрөө сайн тоглож, үлгэр жишээ үзүүлэх бичигдээгүй хуультай. Хэдийгээр багийн гишүүн бүрийн амжилтын нийлбэрээр Монгол Улсын амжилтыг илэрхийлэх ч толгой ширээний үзүүлэлт содон. Истанбулд манай шатарчид сайн “дайтаж” сайхан амжилт гаргасныг дахиад тэмдэглэе. Олимпиадад оролцох багийн тэмцээн эхлэхийн өмнө чансааны 21 дүгээрт байсан манай эмэгтэйчүүдийн баг хагас сарын тулааны дараа тэмцээн өндөрлөхөд 13 дугаар байрт шалгаран, дэлхийн 110 гаруй багийг ардаа орхисон дүнг харахад сайхан байв. Нэгэнт багийн амжилтыг тодотгож байгаа тул шатарчин бүрийн хувь оролцоог товчхон ч гэлээ бичих нь зохилтой биз.
ИМ Б.Мөнгөнтуул долоо (ес тоглоод), ИМ Т.Батчимэг 6.5 (10), Д.Янжиндулам 5.5 (10), С.Отгонжаргал 5.5 (8), Б.Анхчимэг 3.5 (7) хожил авч нийт 44 өргөөс 64 хувийн амжилт үзүүлжээ. Баярлууштай нь манай шатарчид наад тал нь 50-иас дээш хувийн дүнтэй их наадмыг өндөрлүүлсэн байна. Тэргүүн ширээнд улс улсын аваргуудтай хүч авьяас сорьсон Б.Мөнгөнтуул бүр 77.7 хувийн амжилт үзүүлэн үүр гээ нэр төртэй биелүүлэн, нөхдөө үлгэрлэжээ. Түүний энэ үзүүлэлт олимпиадад 2000 оноос хойш долоон удаа оролцохдоо гаргасан шинэ дээд амжилт болсноороо бас онцлог. Өмнө нь олонтаа сайхан тоглож, 61.5-аас 75.2 хувийн амжилт үзүүлсээр ирсэн тамирчин. Нэгэнт оюуны их спорт шат рын олимпиадын талаар бичиж байгаагийнх түүний их наадмын дүнг нэгтгээд биччихье.
Долоон удаагийн олимпиадад нийт 74 өрөг тоглохдоо 42 хожиж, 17 тэнцэж, 15 хожигдсон нь хэн бүхэн мөрөөдөхөд амаргүй тоо л доо. 12 жил, долоон олимпиад, нэг, хоёр дугаар ширээ, 74 тавил, 69 хувийн ам жилт. Шатрын хөлгийн ард наана даж дөрөв таван цаг сууж, өргөө гүйцээ дэг шатарчид л дээрх өгүүлбэрийн үнэ цэнийг бүрэн дүүрэн мэднэ.
Монголын шатарчид хамт олныхоо сайхан амжилтад баярласаар эх орныхоо зүг хөлгийн жолоо залахдаа Туркийн өөр нэг хотод эх лэх том цомын тэмцээнд тоглох Мөнг өнтуулдаа амжилт хүсээд эргэсэнд эргэлзэх юун.
Улаанбаатарт ирээд манайхан энд тэнд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал хийлгэж, Истанбулын олимпиадын амжилтаа олондоо дуулга сан, бид ч баярласаар, бахархсаар байна л даа, одоо ч гэсэн. Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нэгэн ярилцлагадаа,
-Нас залуу ч хур туршлага тай Мөнг өнтуулыг магтахаас өөр яахав. Аль ч орны шатарчинтай өрсөлдөх боломжтой гэдгээ олон өрөгт харууллаа гэсэн байхад, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн,
-130 орноос 7-13 байрт орно гэдэг маш том үзүүлэлт. Нэгдүгээр ширээнд дандаа томчуудтай тоглосон Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр байранд орж, үнэхээр дэлхийн хэмжээний тоглогч гэдгээ баталлаа гэснийг сонсож уншсан хүмүүст Монголын нэгэн ховор авьяастай хөдөлмөрч тамирчин хагас дутуу ч гэлээ танигдаж эхлээ биз.
ХОЁР. АНКАРА ТОМ ЦОМ. 2012.IX.15-29
Анкарад Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулдаг Гран-при тэмцээний ээлжит тулаанд оролцох хуваарийн дагуу дахин авьяас чадвараа сорихоор нөхдөөсөө үлдсэн билээ. Гран-при тэмцээнийг манайхны зарим нь дэлхийн том цом гэж ч нэрлэдэг. Хэвлэл, мэдээллийнхэн өөр өөрөөр бичиж, ярьж байгаа ч дэлхийн шилдэг шатарчдын цуврал тэмцээн гэдэг дээр санал нийлдэг. Дэлхийн шатрын холбооны хөтөлбөрт багтдаг Гран-при тэмцээн эрэгтэй шатарчдын дунд олон жил үргэлжилж байгаа. Эмэгтэй шатарчдынх товчхон намтартай. Ийм нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсаас өнөөхөндөө Б.Мөнгөнтуул ухаанаа уралдуулсаар явна.
Анх 2009 онд БНХАУ-ын Наньжин хотноо Гран-при тэмцээнд тэр анхны нүүдлээ бичсэн. Тухайн тэмцээнд оролцогч 12 шатарчийг чансаагаар нь эрэмбэлэхэд Монголын төлөөлөгч есдүгээрт бичигдсэн санагдана. Тойргоор 11 өрөг тоглоод 5.5 хожил аван эрэгтэй шатарчдын ОУМ цолтны болзол хангаад ирсэн, мартаагүй дээрээ дурсъя. Гран-прид тоглогчдыг Дэлхийн шатрын холбоо сонгон шалгаруулж, нэр зааж оролцуулдаг журамтайгаас хэн сонирхолтой нь тэнд хүчээ үзэх боломжгүй ч Б.Мөнгөнтуул ийм нэр хүндтэй тэмцээнд найм дахиа наадаад ирлээ. Сүүлийн дөрвөн цувралд оролцох болсноо тэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн минь ач буян гэж тодотгосон. Учрыг нь лавлахад,
-Надад 2011 оны хавар мартагдашгүй учрал тохиолдсон шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай ОХУ-д айлчлахдаа айлчлалын багийн бүрэлдэхүүнд шатрын төлөөлөл болгон намайг багтаасан. Монголынхоо шатарчдаас тийм ховор сайхан үүрэг хүлээсэн минь нэгдэх баяр минь. Тухайн айлчлалын өдрүүдэд Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч, ноён Кирсан Илюмжиновтой Ерөнхийлөгч уулзахдаа намайг энэхүү Гран-при тэмцээнд дахин тоглуулахаар тохиролцсон нь давхар баяр болсон л доо. Улсынхаа ч, шатрынхаа ч Ерөнхийлөгч нарын итгэл найдварыг талаар болгохгүйн тулд залуу хүний хувьд гаргаж болох бүх л чөлөө цагаа шатарт, зөвхөн шатарт, аавтайгаа зориулсных алдсангүй ээ хэмээн их мастер нэгэнтээ өгүүлсэн.
Туркийн хоёр хотод 64 буудалт хөлөг дээр бараг сар дайтаад дөнгөж гэр тээ ирсний нь дараа утасдаж, түүнтэй хэдэн үг солив.
-Анкарагийн амжилтаасаа тод руулж яриач, Истанбулын тэмцээний тухайд түрүүлж ирсэн хүмүүс нэгэнт ярьж, бичсэн байгаа.
-Өө тийм үү. Цомын тэмцээнд энэ удаа уламжлал ёсоор 12 шатарч оролц лоо. Тэдний найм нь эрэгтэй ша тарчдын их мастер цолтон. Миний хувьд чансаагаар аравдугаарт нь бичигдсэн байсан. Тэнд 11 өрөг тог лоод найм тэнцэж, хоёр хожлоо.
-Хожсон хоёр өргийг чинь “Таван цагариг” сонинд Л.Тогоохүүгийн нийтлүүлснээр өрж үзсэн шүү.
-За тэгвэл нэг хожигдлоо. Тэр тухайгаа ярьж болох уу.
-Хожигдсон тухайгаа ярих сонирхолтой байгаа юм уу?
-Сонирхол ч юу байх вэ. Би таван тавилын дараа нэмэх нэгтэй байлаа. Хятадын шатарч, их мастер Жао Сюэ (2549)-тэй зургаадугаар өрөгт цагаанаар нүүж таарав. Гараан дээр ялимгүй давуу байрлалтай болчихоод тэнцэхэд чамлалтай санагдаад хожих гэж оролдоод бүтэлгүйтэв. Төгсгөлийн таван өргөөс мөн л нэмэх нэгтэй гарч байдлаа арай дээшлүүллээ. Энэ удаагийн тэмцээнд 2520-2606-гийн чансаатай найман их мастер тоглосон болохоор тоглолт бүр амаргүй байсныг нуугаад яахав.
Олимпиадын дараа амралгүйгээр шууд цомын тэмцээнд шилжиж, Туркт сар илүү болохдоо нийт 20 өрөг тоглохдоо хоёр хожигдож, найм хожиж, 10 тэнцлээ. Нийт дүнгээр нь хэлэхэд багийн болон хувийн амжилтын хувьд сэтгэл хангалуун гэртээ ирлээ…
Их мастертай ийнхүү цөөн үг солилцсоны дараа Дэлхийн шатрын холбооноос 2012 оны аравдугаар сарын 1-нээр гаргасан чансааг сонирхов. Монголын Мөнгөнтуул Туркийн хоёр хотод үзүүлсэн амжилтаараа дэлхийн шатарчин хүүхнүүдийн дотроос дахиад шилдэг 32-т багтсан байх юм. Туркт шаргуу дайтсны бас нэг үзүүлэлт нь тэр.
Шатрын олимпиадад багаа 127- гийн 13-т бичүүлэхэд жин дарах хувь оруулсан, Гран-при тэмцээнд 11 өрөг тоглоод зургаан хожил авсан, нэгэн удаагийн аяллаар чансаагаа 25-аар нэмсэн гурван баримт Туркээс авчирсан нүдэнд харагдах олз мөн дөө. Нүдэнд харагдахгүй олз нь гэвэл мэдээж сургамж, туршлага, үлгэр жишээний хүч гээд үргэлжилнэ. Сургамж, туршлага, үлгэр жишээний хүч Монголын шатарчид, шатар со нир хогч хүүхэд багачуудад нэг биш шу гамаар, өөр өөр тунгаар нялзах нигууртай. Тэр бүхэн олны олз.
Р.ЧУЛУУН