УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад энэ намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. УИХ-ын хийдэг гол ажил нь болохоор үүнд уг нь гайхах юм баймгүй. Харин энэ удаад УИХ-д олонхийг бүрдүүлэгчид тангаргаа өргөмөгц эдгээр хуульд цөөнхийн оролцоогүйгээр өөрсдийн эрх ашгийн үүднээс өөрчлөлт оруулчихаад одоо түүнийгээ буцааж байранд нь тавих гэж буй юм. Өөрөөр хэлбэл, олонх дангаар оруулсан өөрчлөлтүүдээ цуцална гэсэн үг. Тийм болохоор л хачирхахгүй байж боломгүй. Хуулиар тоглоно гээч энэ мөн биз ээ. Цөөнх байхдаа оролцож баталчихаад олонх болмогцоо хоёр өөрчлөөд хуучин байснаар нь болгочихыг “тоглоом” гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Чих цохисноор бол Засгийн газрын гишүүний давхар харьяалалтай УИХ-ын гишүүд нэг л Байнгын хороонд харьяалагдах аж. Тэгэхдээ тухайн сайд өөрийн яамны эрхэлсэн салбартай холбоотой Байнгын хороонд орохгүй байх бололтой. Энэ их зөв шийдэл болох юм шиг санагдана. Албан тушаалаа ашиглаж хувийн бизнесээ урагш нь ахиулах гэсэн нэг “муу” сайд Байнгын хорооны үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой байвал ёстой балрах нь тэр. Нэг Байнгын хороонд байх гишүүдийн тоог одоогийн УИХ дахь олонх 10-19 болгож яаран сандран өөрчилсөн. Энэ нь УИХ дахь МАН-ын гишүүдийг оролцуулаагүйгээр асуудлаа шийдэхийн тулд эхний үед авсан “арга хэмжээ”.
МАН-ын 25 гишүүнийг оролцуулахгүй тохиолдолд нэг Байнгын хороонд байх гишүүдийн тоог цөөлөхөөс аргагүй байдалд орсон хэрэг. Тэгээд одоо нэг Байнгын хороонд байх гишүүдийн тоог 17-21 болгож нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Түүнээс гадна УИХ-ын нэг гишүүн гурваас илүүгүй Байнгын хороонд харьяалагдаж байхаар болгосноо дахин өөрчилж, “хоёроос илүүгүй” болгох гэж буй юм байна. Одоо мөрдөж буй УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргад нэр дэвшүүлэхдээ аль ч нам, эвсэл олонх болохуйц суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам нь УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэйгээ уг асуудлаар зөвшилцөнө гэж л байгаа. Тэгвэл зөвшилцөхдөө саналаа бичгээр илгээх, түүнийг хүлээж авсан нам, эвсэл нь 24 цагийн дотор хариуг мөн бичгээр өгөх, энэ хугацаанд хариу ирүүлээгүй бол зөвшилцсөнд тооцож байхаар төсөлд тусгаж буй аж. Түүнчлэн МАН-ыг УИХ-д бүлэггүй байлгах гол шалтгаан болгож ирсэн “анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор” гэсэн заалтыг хасах гэж байгаа аж.
Уг нь энэ заалт УИХ дахь одоогийн олонхид саяхан болтол мөн ч их хэрэг болсон заалт даа. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд чуулганы хуралдаанаас завсарлага авах тухай Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд байдаг юм. Энэ талаар “УИХ-ын дарга нэгдсэн хуралдааныг Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн саналаар түр завсарлуулах болон хугацааг сунгаж болно” гэсэн заалтыг мөрдсөөр ирсэн. Уг заалтыг “... ийнхүү завсарлага авах хугацаа нь ажлын таваас илүүгүй өдөр байх бөгөөд ... нэг удаа ажлын гурваас илүүгүй өдрөөр сунгана. Тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглоно” гэж өөрчлөхөөр төсөл санаачлагчид төлөвлөж буй юм байна.
Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад тохиолдолд гишүүн хуралдаанд оролцоогүй юм уу орхиж гарсан бол түүнийг хуралдаанд оролцож, эсрэг санал өгсөнд тооцно гэсэн заалт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуульд бий. Үүнийг “тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон дээр өгүүлсэн шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсвэл бүртгэлээс гарсан (картаа сугалсан) бол түүнийг хуралдаанд оролцож, эсрэг санал өгснөөр тооцно” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан аж. Энэ УИХ-ын анхны чуулганаас хойш хэл амны бай болоод байгаа “УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн” гэсэн заалтыг “тухайн сонгуульд хамгийн олон суудал авсан нам, эвслийн насаар хамгийн ахмад гишүүн” болгож өөрчлөх нь зүйтэй гэсэн санал “явж” буй аж. Тэгэхдээ санаачлагчид нь энэ төслийг хараахан өргөн бариагүй байгаа юм.
Р.ЖАРГАЛАНТ