Ард нийтийн санал асуулгын тухай хэмээх нэгэн хуулийг УИХ одоогоос 17 жилийн өмнө баталсан билээ. Энэ сарын 19-нд уг хуулийн 17 жилийн ой болно. Гэвч хэрэгжүүлэхийн тулд хууль баталдаг жишиг энэ тохиолдолд зөрчигдөж, хадгалахын тулд гаргасан мэт байгаа. Нэг ч удаа хэрэглэж, салхи оруулаагүй. Сонгуулийн уур амьсгал орохоор уг хуулийг хааяа нэг санах нь бий. Хамгийн сүүлд л гэхэд өмнөх УИХ Сонгуулийн тухай болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмнээсээ асууя хэмээн АН-ын бүлэг санал гаргаж байлаа. Өнгөн дээрээ дэмжсэн мэт болсон ч тэгсхийгээд цаг хугацаа нь тулсан, энэ талаар мартсан. Ямар нэг асуудал хөндөж ирээд “Ард түмнээсээ асууя” гэхээр яагаад ч юм 76 гишүүн өөрийнхөө хүрээнд шийдэхийг илүүд үзээд “дарчихдаг”. Тэгвэл орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд тоосонд дарагдсан дээрх хуулийг Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат нар эргэн санажээ. Тэд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж буй сураг чих дэлсэв.
Олон жил ярьсан сумын Засаг даргыг иргэд сонгох заалтыг Үндсэн хуульд хүрэлгүй, гэхдээ хууль зөрчилгүйгээр зохицуулах мэргэн аргыг тэд олсон байна. Тэр мэргэн гарц нь Ард нийтийн санал асуулгын тухай хууль болж буй юм. Засаг захиргааны хуваари лалт, эрх мэдлийг өөрчлөх талаарх яриа олон жилийн турш үргэлжилж буй. Сум, аймгийн Засаг даргыг дээд шатнаас нь биш, тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө сонгодог байх нь зөв гэдгийг ч нам харгалзалгүйгээр ярьсаар ирсэн. Энэ асуудал Үндсэн хууль дээр очоод гацчихдаг юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь баргийн аавын хүүгийн бариад авах ажил биш. УИХ 2000 оноос хойш “зүдэрч” байж өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан.
Д.Энхбат, Д.Дамба-Очир тэргүүтэй хоёр хэсэг гишүүн “эцэг” хуулийг өөрчлөх төсөл өргөн барьсан ч одоо хүртэл таг. Эдгээр эрхэм нь УИХ-д улирч сонгогдоогүй. Тэгээд ч энэ хуульд өөрчлөлт оруулах бол журмын тухай хуулийн дагуу зүйл заалт бүр дээр нийт гишүүний гуравны хоёрын дэмжлэгээр алх цохих ёстой. Тэгэхээр өнөөдөр баталсан хуулиа маргааш өөрчилдөг шиг дураараа аашлах боломжгүй. Уг хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлага бий ч үе үеийн УИХ тэгж чадаагүй байна. Үүнээс болоод олон жил ярьж буй иргэд нь Засаг даргаа сонгодог байх тогтолцоо ажил бололгүй яваа. Тэгвэл дээрх хоёр эрхэм Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийнх нь саналаар тодруулна” гэсэн заалт нэмэхээр шийджээ.
Уг хуулийн дөрөвдүгээр зүйлд санал асуулгыг төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж болно хэмээн заасан байна. Засаг даргын асуудал төрийн дотоод хэрэг мөн. Тэгэхээр мань хоёр эрхэм уг хуульд дээрх заалтыг нэмэх замаар асуудлыг шийдэж болно гэж үзжээ. Төслийг боловсруулах шатанд л яваа. Удахгүй өргөн барина, бас шинэчлэл, өөрчлөлт хүсдэг түшээд дэмжинэ хэмээн тэд найдаж суугаа юм билээ. Одоогийн хуулиар бол сумын Засаг даргыг ИНХ-аас нэр дэвшүүлж, аймгийн Засаг дарга томилдог. Гэтэл ИНХ-ын төлөөлөгч хэдхэн эрхмийн хүрээнд хэн нэг танилаа, сумын төлөө биш идэж, уух, албан тушаалд дурласан сэтгэлтэй нэгнийг зүтгүүлчих амархан. Дээрээс нь орон нутагт улстөржих, намын нөлөө гээд айхтар “хар муур” бий.
Ажлаа овоохон мэддэг Засаг дарга ажиллаж байтал л сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн эсрэг намынхан “багаа бүрдүүлнэ” гээд халж орхино. Албан тушаал хувааж авахаа намууд бодохоос тухайн орон нутагт бодит ажил хийх, иргэдийнх нь төлөө чин сэтгэл гаргах хүн байх эсэх шалгуурыг тоох ч үгүй. Хэрэв сумын иргэдээс асуудаг болчихвол тэд хэн нь хэн бэ гэдгээ сайн мэднэ. Нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулж, ИНХ руу оруулна. ИНХ саналыг аймгийн Засаг даргад уламжлах аж. Хуулийн дагуу аймгийн Засаг дарга ард түмнээс санал болгосон хүнээс татгалзах эрхгүй, шууд л батламжилна. Хонь бүрэн, чоно цатгалан гарц гэсэн үг. Гэхдээ аливаа асуудалд эерэг, сөрөг нөлөө байдгийн адил ард иргэд саналаа нууцаар өгөх учир хэн нэгэн нь лообий хийх эрсдэл бас бий. Сумын хүн ам цөөн учир лообийд автах магадлал байж болох юм.
Юутай ч 17 жил хэрэглээгүй хуульд салхи оруулж, анх удаа ард түмнээсээ асуух хууль хэрэгжвэл бас л авууштай. Цаг алдалгүй баталбал хуулийг хэрэгжүүлж, сумын иргэдийн дунд санал асуулга явуулах цаг хугацаа ч бий. Гишүүд төслөө удахгүй өргөн барих биз, олонх дэмжих үү, эсвэл өмнөх туршлагаараа “дарчих” болов уу.