УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-УИХ-ын болон дэгийн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт та багтсан. Зөвшилцөж чадахг үй байгаа хэд хэдэн асуудлаар ахиц гарсан уу?
-Ер нь УИХ-ын болон Дэгийн тухай хуульд УИХ-ын тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга захирамж гаргаад Ажлын хэсэг байгуулж ойлголцохгүй байгаа асуудлууд дээр ажилла гэсэн. МАН-ын талаас УИХ-ын даргыг сонгох, Бүлэг байгуулахтай холбоотой заалтаар гаргасан өргөдлөөр Цэц шийдвэрээ гаргачихлаа.
Олонхийг бүрдүүлэгч намууд УИХ-ын даргыг сонгохдоо Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн. Мөн УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Бүлэг байгуулах тухай бичгээ өргөн мэдүүлнэ гэсэн заалт нь Парламент дэгээрээ зохицуулах асуудал байна гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор одоо өөрчлөх гэж буй Дэгийн тухай хуульд зөрчигдөөгүй заалтуудыг оруулах хэрэгтэй юү, үгүй юү гэдэг асуудал гарна. Өмнө нь олонх засгаа бүрдүүлж байхад дэг, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй.
Дээрх заалт нь УИХ-ын зохицуулдаг асуудал юм бол нөгөө талаас энэ хууль зөрчсөн хэрэг биш. Тэгэхээр дахин уг асуудлыг төсөлд хөндөх хэрэг байна уу. Үүн дээр намууд зарчмын ямар байр суурьт хүрэхийг хэлж мэдэхгүй юм. АН-ын хувьд шийдэхэд тун бүрхэг боллоо. Одоо МАН-ынхан Цэцийн дүгнэлттэй холбогдуулаад Бүлэг байгуулах асуудлаа хэрхэн шийдэх гарц олох нь тэдний хэрэг болж байна. Нийт 30 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа.
-УИХ-ын тогтвортой байдлыг хангах нэг гол асуудал нь завсарлагатай холбогдоно. МАН-ынхан бол завсарлагыг болж өгвөл хугацаагүй, заавал хязгаарлана гэвэл аль болох тавиухан хугацаатай байлгах байр суурьтайгаа хэлсэн. Үүнийг хэрхэн шийдэх бол?
-Завсарлага гэдэг бол ардчилсан ямар ч орны Парламентад байх ёсгүй зүйл. Тухайлбал, АНУ-ын парламентад ийм ойлголт байдаггүй. Олонхиороо шийдээд явах нь зөв жишиг. Өмнөх намуудын Бүлгийн завсарлага авсан түүхийг харахад бойкот хийх зорилго давамгайлж байсан. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг гацааж буй том хэлбэр. УИХын ажиллагаа гацна гэдэг нь хууль тогтоох ажил саатна, тэр хэрээр төрийн ажил цалгардана гэсэн үг. Зарим гишүүн “Завсарлага авах нь ард түмэнд хор уршигтай шийдвэр гаргахаас сэргийлнэ” гээд байна. Төрийн өмнө хариуцлага хүлээсэн УИХ, гишүүд ард түмэн, төрийнхөө эсрэг шийдвэр гаргана гэж байхгүй. Тийм түүх ч үгүй. Цөөнх эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд завсарлага авдаг байж таарахгүй. Хоёрдугаарт, төрийн ажил тасалдах ёсгүй гэдэг утгаар АН завсарлага байх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ завсарлага заавал байна гэвэл хугацааг нь хязгаарлая гэсэн.
-Өмнөх УИХ-д АН цөөнх байхдаа завсарлага хэрэггүй гэж ярьж байгаагүй. Тэгэхээр цөөнх болсон намд энэ бол хэрэгтэй “зэвсэг” болдог юм биш үү?
-Нарийн яривал 2008-2012 оны парламентад АН цөөнх байхдаа уг хуулийн төслийг санаачилсан шүү дээ. Тэр үед санаачлагчдын дунд МАН-ын Ө.Энхтүвшин гишүүн ч орж байсан. Үүн дээр тулгуурлаж асуудал ярьж байгаагаас биш АН олонх болчихоод өнөөдөр гэнэт ингэж яриагүй. Тэр үед завсарлага төрийн ажлыг дэмий гацааж байна гэдгийг ойлгосон учир ийм төсөл өргөн барьсан. Завсарлагын оронд зөвшилцөх хугацааны талаар ярилцаж болох юм. Ер нь тоглоом тоотой нь дээр гэдэг шүү дээ.
-Төсөлд Байнгын хорооны гишүүдийн тоог буцаад 21 хүртэл болгохоор тусгасан юм билээ. МАН чуулганы хуралдаанд оролцохгүй байх үед ажлаа үргэлжлүүлэхийн тулд бүрэлдэхүүний тоог цөөлөх, хамаарах Байнгын хорооны тоог олшруулах түр арга хэмжээ авсан байжээ гэж ойлгож болох уу?
-Энэ саналыг бид биш, МАН гаргасан. Ажлын хэсэг дээр одоогоор ямар нэг асуудлаар санал хурааж шийдээгүй байна. Өнөөдрийн УИХ энэ олон намын тэнцвэртэй байдлыг дүгнэж, төрийн ажлыг тасралтгүй явуулахын тулд дээрх өөрчлөлт оруулсан нь зөв гэж боддог. Нэг гишүүн олон Байнгын хороонд харьяалагдах нь тухайн хүнийг мэдээллээр хангах, хариуцлагатай болгоход тустай. Хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцох хаалга илүү нээлттэй болсон. Энэ хэлбэрээр явахад болохгүй зүйл алга. Тэгээд ч нэг гишүүн гурав хүртэл Байнгын хороонд харьяалагдаж болно гэснээс биш заавал гурвууланд нь ажилла гээгүй. Тиймээс бидний байр суурь хэвээр. Байнгын хорооны гишүүний тоог нэмж болох л юм.
-Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн удирдана гээд маргаан үүсгэсэн заалтыг “Олонх болсон намын насаар ахмад гишүүн” гэж өөрчлөх нь шиг байна. Цэцээс дүгнэлт гараад шийдчихсэн заалтын нэг нь энэ шүү дээ.
-Энэ заалтаас болоод Анхдугаар чуулган нэлээд хэд хоног гацсан. Уг нь хамгийн ахмад настай гишүүн Анхдугаар чуулганыг удирдах заалт нь ямар нэг олонх, цөөнхийг төлөөлөхгүй, улс төрийн нөлөөнд орохгүй гэсэн зарчмын заалт юм. Монгол хүний ёс жудгийг бодоод хамгийн ахмадаараа хурлаа удирдуулъя гэсэн заалтыг улстөржүүлсэн тохиолдол гарсан учир бид дээрх байдлаар төсөлд өөрчилж тусгасан юм. Хуулийн тэр заалт ирээдүйд эрсдэл учруулах нь харагдсан учраас “олонхийг бүрдүүлсэн намын” гэж аргагүйн эрхэнд өөрчилсөн юм. Төрийн эрх мэдэл олонхийн шийдвэрт тулгуурладаг мөн чанарыг алдагдуулахгүй байх нь чухал.
-АН-ынхан ойрд хэр тайван байна. Засгийн газар гэдэг байшингийн нэг суурь багана болох “Шударга ёс” эвслийнхэн хоорондоо түнжин тааруу байна. Нэг суурь багана ганхаад байгаа нь АН-д нөлөөлж л байгаа болов уу?
-“Шударга ёс” эвслийн дотоод асуудалд бид оролцох учиргүй ч Засгийн газрыг бүрдүүлэгчийн хувиар төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ бид энэ нөлөөлөл шууд утгаараа тусахгүй гэж итгэж байна. Учир нь бид хамтарсан гэрээ байгуулж, эх орондоо том өөрчлөлт хийхээр санал нэгдсэн. Үүнээс ухрах хариуцлагагүй үйлдлийг ямар ч улс төрийн хүчин хийхгүй. Энэ УИХ-ыг бүрэлдүүлсэн сонгууль холимог хувилбараар болсон учраас их онцлог. Эвслийн нэрийн дор жагсаалтаар УИХ-д сонгогдсон хүмүүс бий. Хэрэв эвсэл задарвал хүссэн, хүсээгүй жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрх хөндөгдөнө. Энэ нь улс орондоо ч, тухайн нам, хувь хүндээ ч яаж сөргөөр нөлөөлөхийг тэд тооцсон байх ёстой. Үүнийг л бүгдээрээ анзаарах хэрэгтэй. Ийм зүйл руу явахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс урдаа тавьсан том зорилгоо түрүүнд тавьж, дотоодын жижиг зөрчлөө зохицуулах чадвар тухайн нам, эвсэлд бий гэж итгэж байна.
-УИХ аливаа хуулийг батлахдаа ирээдүйд учирч болох зарим эрсдэлийг тооцож чадаагүй байх нь бий. Сонгуулийн хуульд УИХ-д суудал авсныхаа дараа эвсэл задарвал жагсаалтаар сонгогдогчдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулал байхгүй шүү дээ…
-Хуульд шууд үгээрээ ийм зохицуулалт байхгүй нь үнэн. Гэхдээ Сонгуулийн болон УИХ-ын тухай хуульд энэ агуулга хадгалагдаж байгааг анзаарах ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Шаардлагатай гэвэл бид УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Гэхдээ үүн рүү явах хүсэл хэнд ч байхгүй.
-Хэрэв “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах шийдвэр гаргавал УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад жагсаалтаар сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг цуцлах боломжтой гэж ойлголоо, зөв үү?
-УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах эрх нь гишүүдэд, Парламентад хадгалагдаж байгааг хэлье.
С.ТУУЛ