Засаг дарга гэж том хүмүүсийг шат шатанд нь жижигрүүлэх сонирхол аль ч нутгийн иргэдэд урьд урьдынхаас илүүтэй төрөх болжээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд санал өгөх сонгогчдын бай ч иймэрхүү төрхтэй байх болов уу. Бадарчны балаг гэдэг шиг Засаг дарга нарын зальхай үйлдлийн тухай хаа газрын оршин суугчид яллан өгүүлэх болж. Өнгөрсөн дөрвөн жилд аймаг удирдсан Засаг ноёдын авлигын хэргийн дуулиан одоо болтол тасраагүй байна. Авлигатай тэмцэх газар сүүлийн ганцхан жил гаруйн хугацаанд 13 аймаг, дүүргийн Засаг даргатай зууралдав. Хамгийн сүүлд буюу өчигдрийн мэдээллээр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх авлигын хэргээр 2.5 жилийн ял сонслоо. Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг “Цэвэр агаар” төслөөс мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгах болов.
.jpg)

АТГ-ын хаалга татсан Засаг ноёдын нэрс Дорнодын Ц.Жанлав, Орхоны Д.Оюунбат, Увсын Э.Цасчихэр, Булганы М.Оюунбат, Говь-Алтайн Ш.Ам галан¬баяр, Ховдын Г.Ням даваа, Хөвсгөлийн Л.Цэрэнжав, Ар хангайн Ё.Баатарбилэг, нийслэлээс Налайх дүүргийн Б.Баяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн Ц.Болд, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэмээн ирийж байна. Эдгээр Засаг дарга бүгд өөрийн удирдаж буй орон нутагт эрх мэдлээ урвуулан ашигласан, тендерээс их хэмжээний хөрөнгө завшсан гэх хэргүүдэд шалгагдсан. Монгол Улсад аймаг, дүүргийн нийт 30 Засаг дарга байдаг бол тэдний тал хувь нь авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаж байна.
Орон нутгийн засаг захиргааны удирдлага гэхээр л хээл хахуулийн үүр уурхай болсон мэт хачирхалтай хэрэг явдал, басхүү хариуцлагатай цаг үед болох гэж байгаа нь энэ удаагийн орон нутгийн сонгуулийн бодит уур амьсгал, онцлог нөхцөл юм. Өнгө зүсгүй барилга шовойлгож, хариугүй нарийхан зам тавихын төлөө төсвийн хөрөнгөө зарлагадаж дууссан дүүргийн Засаг даргаа огцруулчихмаар санагдана. Байшингийн булан тохойд ил задгай овоорсон хогийг тойрч гарах гэж бухимдсан хүмүүс хорооны даргаа зүхнэ. Иргэд орон нутгаа хэнээр удирдуулахыг өөрсдөө мэдэж шийдэх, Засаг даргыг шууд сонгох, сонгосон дарга нь таалагдахгүй бол нэн даруй огцруулах эрхтэй байх санал, санаачилгуудыг гүйцэлдүүлэх хууль, эрх зүйн боломж манайд үгүй. Хэдийгээр хуульд Засаг даргыг иргэдийн шууд саналаар сонгох, шууд огцруулах заалт байдаггүй боловч энэ удаагийн орон нутгийн сонгууль Засаг даргаа илүү хариуцлагатай сонгох иргэдийн хүсэл сонирхол дунд өрнөх төлөвтэй.
Орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд ч орон нутагт урьд өмнөхөөс хавьгүй хүйтэн намар болж байгааг мэдэрч байгаа нь гарцаагүй. Тэд иргэдийн өмнө бөхөлзөж, дуулгавартай зарц мэт үйлчлэхээ андгайлан тангараглах тактикаар өрсөлдөнө. Ингэхдээ хуулиар олгогдоогүй ч Засаг даргаа шууд сонгох, мөн шууд огцруулдаг байх хүсэл эрмэлзлийг нь өдөөх уриа лоозон ашиглах биз ээ. “Хэрвээ Таны дургүйг хүргэвэл өөрийнхөө саналаар шууд огцрох учраас манай нэр дэвшигчийг сонгоорой” гэсэн ухуулга тараахаа тэд андахгүй. Өнгөрсөн зургадугаар сард НИТХ-ын сонгуульд Ардчилсан намын барьж орсон тактикийг саная. Тэд Улсын баатар Э.Бат-Үүлээр удирдуулсан багийг сонгохыг л уриалж байснаас биш тэгтлээ дуулиан шуугиан тарьсан шинэ зүйлийг сурталчлаагүй. Өөрөөр хэлбэл, АН-ын нэр дэвшигчдийг олноор нь сонговол олны таашаалд нийцдэг, авлига авдаггүй улстөрч Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга болох юм шүү гэдэг мессежийг хотын тойргуудад цацсан хэрэг. Хүмүүст Хотын даргаа шууд сонгож байгаагаас ялгаагүй сэтгэгдэл төрүүлэх нь чухал байсан юм.
Э.Бат-Үүлийг Мээрээр харахыг хүссэн хүмүүс өөрийнхөө тойрогт нэр дэвшсэн таних, танихгүй АН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгоод л явуулсан шүү дээ. Удахгүй болох орон нутгийн сонгуульд ч АН тухайн орон нутгийн иргэдэд ирээдүйн Засаг даргыг нь шууд санал болгох замаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа бүрдүүлэх тактикаа дахин ашиглахыг үгүйсгэхгүй. АН-ын аймгийн хороодын өнгөрсөн дөрвөн жилд хамгийн сайн хийсэн ажил бол орон нутгийн 2008 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-ууд болон тэндээс сонгогдсон Засаг дарга нарт авлигын хяналт тавьсан явдал. Чухамдаа АН-ынхны өргөдөл, гомдлоор эдгээр Засаг дарга нарын идсэн уусан, завшсан шамшигдуулсан төрийн өмч зах зухаасаа ил болсон нь ч бий. Тиймээс энэ удаа АТГ-т Засаг дарга нь шалгагдаж буй аймгуудын сонгогчид авлига авахгүй байх магадлалтай Засаг дарга сонгохын тулд нэлээд хэрсүү судлах биз ээ.
Иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвших гэхээсээ шууд аймгийн Засаг дарга болох алхам хийж яваа улстөрчид орон нутагт нэг бус дуулдана. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэнтийнхэн маань надад маш их хайртай” хэмээжээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд ИЗННаас нэр дэвшээд өвдөг шороодсон бол энэ удаа аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөн, улмаар Засаг даргаар томилогдох бодолтой яваа аж. Хэнтийн сонгогчид С.Жаргалыг аймгийнхаа Засаг даргаар дахин сонгохыг хүсвэл ИЗНН-ын багийг дэмжих болно. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 12 жилийн дараа Парламентаас “чөлөөлөгдсөн” боловч зүгээр суух санаагүй бололтой. Түүнийг АН-аас Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр шийдсэн сураг байна. Түүгээр ч үл барам “Би Хөвсгөл аймгийн Засаг дарга болбол...” хэмээн аман хөтөлбөрөө танилцуулж эхэлсэн аж.
АН-ын бас нэг “Засаг дарга” Говь-Алтай аймагт тодорчээ. Тэр бол “Монгол базальт” ХК-ийн ерөнхий захирал, “Монгол 999” үндэсний нэгдлийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд. Түүнд нам нь дэд сайдын суудал санал болгосон боловч татгалзсан байна. Харин одоо ГовьАлтай аймгийн ИТХ-д нэр дэвших бэлтгэлээ базаан төрөлх нутагтаа намаржиж буй. Ховд аймгийн АНын хорооны дарга Цэвээнравданд ч засаг ноёны суудал ойрхон үзэгдэх болсон гэнэ. Тэрбээр энэ сонгуульд нам нь ялбал өөрөө Засаг дарга нь болж, ИТХ-ын даргаараа АН-д элсээд удаагүй байгаа П.Адьшааг дэмжихээр тохирсон сурагтай. АНаас томилогдсон одоогийн Засаг дарга нараас Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа албан үүргээ ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ханцуй шамлаж буй. МАН-д мөн л Засаг дарга нар “тодорч” эхэлжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг Дорнодын ИТХын сонгуульд нэр дэвшинэ гэсэн чимээ сонсогдох болов. Хэрэв тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бол өмнө нь аймгийнхаа Засаг даргаар урамтай сайн ажиллаж байсан хүний хувьд ИТХ-ын сул гишүүн болохоор зорьж буй хэрэг биш гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Р.Буд мөн л өссөн төрсөн Сүхбаатар аймгийнхаа ИТХ-ын сонгуульд дэвших магадлалтай гэлцэж байна. Ийнхүү энэ удаагийн орон нутгийн сонгууль “шууд” Засаг даргын сонгууль болох төлөвтэй.