.jpg)
Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр хог хаягдлаасаа хэрхэн салах вэ гэдэг асуудал нийслэлчүүдийн шүдний өвчин болоод байна. Олон улсын хандивлагч байгууллагууд хүртэл манай нийслэлийн хогонд санаа зовниж, 2000 оноос хойш 1,194 сая төгрөгийг хог хаягдаа цуглуулах, зайлуулах ажилдаа зориулаарай хэмээн зээл, хандив хэлбэрээр тусалжээ. Үүний үр дүн эхнээсээ гарч хог хаягдал боловсруулах үйлдвэр БНСУ-ын Засгийн газрын тусламжтайгаар ашиглалтад орсон сайхан мэдээ байна. Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтний хэлснээр өдөрт ахуйн хэрэглээний 1100 тонн хогийг нийслэлчүүд "үйлдвэрлэдэг" аж. Үүн дээр гудамжны булан, гэр хорооллын жалга, шуудуунд хуримтлагдсан хогийг нэмбэл энэ тоо хэдээр нэмэгдэх бол. Хүн амьдарч буй газар хог хаягдал гарахгүй байна гэж юу байх вэ. Гэхдээ энэ хогийг хөрөнгө болгох тал дээр монголчууд бид өнөөдрийг хүртэл суралцаж амжаагүй л байна. Наад зах нь нийслэлийн иргэдийн тархинд, хотыг хогийн цэг биш гэдгийг гүн бат суулгах цаг болжээ. Хотынхоо төв гудамж, жанжин Сүхбаатарын талбайд нус, цэрээ хэнэг ч үгүй нийчихээд явж байгаа хүнтэй бишгүй л нэг таардаг. Хажуугаараа зөрөх хэн нэгнийг ийм үйлдэл хийхэд нь сэжиглэж цэрвээд өнгөрөхөөс биш хэлж шаардаж, болиулж чаддаг бил үү, бид. Хог хаягдал л гэхээр монголчууд бид үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнээс гарсан хогийг ойлгодог.
Гэтэл тэр нүдэнд ил харагдаж, хөглөрч хэвтэх хогоос илүү нус, цэр Улаанбаатарыг, улсын маань нийслэлийг гутааж байна. Хөл дор хаа сайгүй нялцайж хэвтэх нус, цэрэн дээр гишгэхгүйн тулд газар ширтэж яваа нь хотын иргэн та бидний өөрсдийн л арчаагүйнх. Азийн бар Сингапур улс цэвэр цэмцгэр нийслэлээрээ дэлхийд алдартай. Хог новшоо дуртай газраа хаях нь байтугай, хотын гудамжинд бохь зажилж, тамхи татаж буй хүнийг 300-500 синга.доллараар торгох хүртэл арга хэмжээ авдаг. Хүн бүр бие биедээ хяналт тавьж, иргэн бүр нь их хотын соёлтой иргэн байх ёстойгоо ухамсарладаг. Харин өнөөдөр Улаанбаатарчуудад ийм соёл, ухамсар дутагдаж байна. Үүнээс үүдээд хогоо хаа явсан газраа хаядаг, гэрээсээ л гаргаж хаявал хаа ч байсан хамаагүй гэсэн сэтгэлээр Улаанбаатарыг Улаанхогийн цэг болгож байна. Бие организмын илүүдэл “хог”-ийг цэгцтэй хаяж сураагүй хүмүүст ахуйн хогоо ангилж ялгаж, хогийн саванд хийж суртал цаг хугацаа хэрэгтэй. Манайхаас бусад улс орнууд бүгд хог хаягдлаа ангилж, ялгаж, ууталж, савлаж хаядаг. Ингэснээрээ хогийг мөнгө болгож, түлшнээс эхлээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
ХОГ ХОГ БИШ, МӨНГӨ БОЛОХ ЦАГ ИРСЭН
Нийслэлчүүд өдөрт 1000 орчим тонн хог тарьдаг. Харин энэ хог хаягдлыг газрын хөрсөнд шингээх биш, түлш болгон ашиглах боломж бүрдлээ. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Койка” олон улсын байгууллага барьсан. Хагас механикжсан энэ үйлдвэр хогийг ангилах, дахин боловсруулах шат дамжлагатай. Үйлдвэрийн эхний дамжлагад хог хаягдлыг хүнд, хөнгөн байдлаар ялгаж төмөр, шил зэргээр ангилан тусгай саванд хийсний дараа эцсийн дамжлага буюу бутлагч машинд жижиглэснээр хатуу түлш болгох аж. Ингэж боловсруулсан хогийг эхний ээлжинд цахилгаан станц болон зарим дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн түлшинд хэрэглэнэ. Тус үйлдвэр өдөрт 80 тонн хог боловсруулах хүчин чадалтай бөгөөд үүнээсээ 1.6 тонн хатуу түлш гаргаж авах боломжтой. Ингэснээр Улаанбаатарын хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулж, хог биш мөнгө болгох юм. Үйлдвэрийн түүхий эд нь хог хаягдал болохоор эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм биш биз гэсэн болгоомжлол хүн бүрт төрөх байх.
Гэхдээ мэргэжилтнүүд тайлбарласнаар, цахилгаан станцуудад ашиглах учир утаа гарах эсэх талаар судалжээ. Судалгаагаар хатуу түлшийг нүүрсний 2-4 хувьтай хольж шатаахад агаарт ямар нэгэн хий, утаа гарахгүй нь тогтоогджээ. Тиймээс л хог хаягдлыг хөрсөнд булж байснаас, ангилан ялгаж, боловсруулаад түлш болгон шатаах нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзэж байна. Улаанбаатарчуудын хогийг мөнгө болгох эхлэлийг солонгосчууд ийнхүү тавилаа. Харин нийслэлчүүд бид цаашид хогоо мөнгө болгож, эрүүл, цэвэр орчинд амьдрахын тулд юу хийх, ямар байх ёстой вэ. Хүний нүд хариулж булан тохой, жалга шуудуунд хаясан хог чинь өнөөдөр мөнгөөр хэмжигдэж эхэллээ. Гудамжийг шил, лаазнаас цэвэрлэж буй хүмүүс бол бидний нэрлэдгээр хог түүгчид. Сайн дурын гудамж цэвэрлэгч ч гэж болох тэд өнөөдөр хогны үнэ цэнийг мэдэрч эхэлжээ. Бидний хог гэж хаясан хаягдлыг тэд мөнгө болгож сурч байна. Харин мэдлэгтэй, боловсролтой, ажилтай, амьдралтай, хотын цэмцгэр залуу та “мөнгөө” хаа сайгүй хаясаар байгаадаа харамсахгүй байна уу?
ХОГ ХАЯГДЛААС ҮҮДСЭН НЯН УТААНААС ДУТАХГҮЙ АЮУЛТАЙ
Улаанбаатарчууд өнөөдөр агаар нь угаар, хөрс нь химийн бодис агуулсан аюултай орчинд амьдарч байна. Үүн дээр гудамж талбайд, хаа сайгүй хөглөрөх хог хаягдлаас үүдэлтэй элдэв төрлийн нянгийн халдвараар өөрөө өөрсдийгөө хордуулсаар байна. Хэн нэгний хаа сайгүй хаясан нус, цэрнээс эхлээд ялзарч муудталаа хашааны булан, гудамжны өнцөгт хэвтэх хог хаягдлууд хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог. Нийслэлийн иргэн эрүүл, амьд явах эрхтэй. Харамсалтай нь өөрсдийн ухамсаргүйгээс ийм орчинд амьдарч буй бид тарьсан хогоороо ургамал, амьтнаас эхлээд амьтай бүхнийг хордуулж, нэгээс нөгөөд нянгийн халдвар тараасаар байна. ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн Улаанбаатар хотын хөрсөнд хийсэн судалгаагаар нийслэлийн нийт хөрсний 22-хон хувь нянгийн бохирдолгүй гэж гарчээ. Харин үлдсэн нь эмгэг төрөгч, мөөгөнцрийн бохирдолтой гэж гарсан байна. Үүнээс хамгийн их нь буюу 55 хувь нь гэдэсний савханцраар бохирджээ. Ийм нян бүхий хөрс шороо нь цаг, минут тутамд ямар их хэмжээгээр хорт бодис ялгаруулж, “бактериолог”-ийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг иргэд төдийлэн анзаардаггүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн их хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд биеэсээ ялгарсан шавхруунаасаа эхлээд, идэж хэрэглэсэн хог хаягдал бүрээ “хямгадах” цаг болжээ. Хэн нэгний нүднээс далд хэмээн өөрийгөө хууралгүй, их хотын соёлтой иргэн шиг амьдарч сурья. Энэ бол их хотын иргэн таны тархин дахь боловсрол, соёлыг илтгэх ухамсрын шалгуур байх болно. Нийслэлийн иргэд хотын соёлд суралцах цаг болжээ.