Суурин газарт л бид хэн гэдгээ мэдэрдэг. Шатрын хөлөг мэт дөрвөлжин барилгууд дунд хатан, бэрс, хүү, тэрэгний зарчмаар тоглодог. Бид талцдаг, нэг нэгнээ “иддэг”, заналхийлдэг, бас кастын тогтолцоо шигээр байр суурь маань ч өөр билээ. Суурин газарт л энэ бүх сэтэр нь “үйлчилдэг” учраас хүмүүс хотоос явж чаддаггүй. Хотын түгжрэл, утаа, хог шороо гэхчлэн өөрсдийн үзэн ядаж, хараан зүхдэг бүхнээ тэвчин байж энд үлддэгийн учир ердөө л энэ. Хөдөө газар, байгалийн дунд очвол тэд хэн ч биш гэдгээ мэддэг.
Дансандаа 100 сая ам.доллартай, хотод тансаг орд харштай гэдгийг нь мэдэхгүй, мэдлээ ч сүйд болохгүй араатан амьтад тэнд бий. Хотоос ямар ч мундаг сайд дарга очлоо гэхэд өмнө нь бөхөлздөггүй егзөр өвгөн би олныг мэднэ. Эгц, уруу хөшилдсөн хана, хэрэмнүүдээс ангижирмагц байгалийн хууль л үйлчилдэг жинхэнэ ертөнцтэй нүүр тулна. Суурин газрын хүмүүс үүнээс л чухам айдаг. Суурин газрын хүмүүс цас, борооны хугацалыг урьдаас тааж, таалалдаа нийцүүлэн захирах болсоор удаж байна. Тэд мод биш тоосгон тосгон барих дуртай.
Ус, салхийг эзэмдэн цахилгаан станц барьж, уулыг хэмлэн эзэмшлээ тэлэхийг хүсдэг. Газрыг малтаж, эрдэс баялгийг нь ухчихаад үүнийгээ бусдадаа “хөгжилд ойртохын тулд” гэж итгүүлэн, хөхин баясна. Суурин газрын хилийн шугамыг тэлэхийн хэрээр эрх, сүр нь, элдэв сэтэр нь үйлчлэх эзэмшлийн хүрээ нь нэмэгдэх учраас хүмүүс хот, тосгон барихдаа дуртай. Ханаж цадахгүй энэ хүсэл нь явсаар сансрын уудамд хүрч, саран дээр барилга барихыг санаархах агуу тэнэглэлд хөтөлж байна.
Хүмүүс цөм ухаантай болчихвол байшингийн тоо нэмэгдэх нь хөгжил биш гэдгийг ухаарч, байгалийг аргадан, аясанд нь хөтлүүлэн аж төрөхийг илүүд үзнэ гэдгийг суурин газрын хүмүүс мэддэг. Тийм учраас хүнийг биш гар утас, машин, техникийг л ухаалаг болгох нь тэдэнд ашигтай гэж үзнэ. Учир нь байгалийн өмнө тэд хэн ч биш. Манай эриний өмнөх гэх нэртэй түүхэн хугацаа байдаг. “Манай эриний өмнө хүмүүс машин унадаггүй, гар утас хэрэглэдэггүй, модноос жимс түүж, урцан дотор амьдардаг байв. Чулуу үрж гал асаадаг, араатан амьтадтай ана мана үзэлцдэг байсан тэр үед хүний тархины хэмжээ жижигхэн байсан.
Оюун ухаант хүн тэр үед үүсээгүй байлаа” гэх өгүүлбэр эртний түүхийн номонд бий. Гэтэл эсрэгээр манай эриний өмнө л хүмүүс аз жаргалтай, тайван сайхан аж төрж байж дээ гэж харуусах, атаархах болсоор удав. Байгалийн зөн маань хатгаж байгаа нь энэ юм байлгүй дээ.
Ж.ТЭГШЖАРГАЛ