Улс төрийн намуудыг ердийн үед олонх ба цөөнх буюу эрх баригч ба сөрөг хүчин гэж ангилах нь түгээмэл. Ийнхүү том, жижгээр нь ялгаж, салгаж тодорхойлохын сацуу “хөлтэй”, “хөлгүй” гэсэн ангилалд бас хуваагаад байгаа юм.
Ялангуяа орон нутгийн сонгууль ойртох тусам улс төрийн намуудын зарим нь “толгойтой” хэрнээ “доголон”, харин зарим нь “толгойгүй” боловч “хөлтэй” гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөх болов. Чухам энэ сонгуулиар л нэг хөлтэй болоод авбал УИХ-ын сонгуулиар толгойтой болж авсны нь хэргээ бүтээж, улс орныг жинхэнэ утгаар нь, эдийн засгийг салбар бүрээр нь гарамгай сайн хөгжүүлнэ гэдгээ АН-ын зүгээс ухуулж гарлаа.
Харин МАН-ынхан УИХ-ын сонгуулиар толгойгоо алдсан ч гэсэн юун төлөө хөдөө, гадаагүй хөл, гар сайтай билээ, орон нутгийн сонгуулиар алзахгүй юм ярьж байна. Гэтэл энэ хоёрын дэргэд хөлтэй бол хөлтэй, толгойтой бол толгойтой нь МАХН болоод явчихлаа. Бусад намын тухайд бол хөл ч үгүй, толгой ч үгүй дуулддаг шүү Амьдран суугаа сум, аймаг, дүүргийнхээ засаг захиргааг ирэх дөрвөн жилд ямар хүмүүсээр удирдуулахаа энэ сонгуулиар шийддэг тул орон нутгийн сонгууль гэдэг нь иргэдийн орон гэр, ахуй амьдралд хамгийн ойр тусах хариуцлагатай сонголт байх учиртай. Гэтэл бид орон нутгийн сонгуулиар хөл, гар бодсон сонголт хийх гээд ч байх шиг. Аль нэг хөлгүй намыг хөлтэй болгочих гээд л, аль эсвэл хөлтэй байсныг нь нотолж өгөх гэж хичээн зүтгэх шаардлагын дор санал хураах өдөртэй нүүр тулаад байна.
Иргэд оршин суугаа газрынхаа тохижилт, аюулгүй байдал, өрхийн эмнэлэг, хорооны үйлчилгээг сайжруулахын төлөө ажиллаж чадах төлөөллөө сонгох нь чухал. Улс төрийн намуудын зүгээс олон нийт рүү шидэлж буй мессежүүд ерөөсөө л хөлтэй, хөлгүйн тухай байх тул тийш анхаарал хандуулах хэрэггүй гэж хэлэх гэсэн юм. Улстөрчдийн хувьд орон нутаг гэдэг нь тэдний зөвхөн хөл л аж. Улс төр, бодит амьдрал хоёр энэ сонгуулийг хоёр өөр өнцгөөс, хоёр өөр ашиг сонирхлоос өнгийн тольдож байна. Санал хураалт болоход ердөө 35 хоног үлдлээ. Намууд аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдээ бүртгүүлж дууссан даруйд хөдөөгийн уул, талаар албан бус сурталчилгаа эхэлсэн сурагтай. Албан ёсных нь санал хураах арваннэгдүгээр сарын 21-нээс 15 хоногийн өмнө эхлэх хуваарьтай юм. Хөл, толгойн бэрхшээлээрээ гул барьсан улс төрийн намуудын төрх энэ өдрүүдэд ямаршуу харагдаж байгааг сонирхъё.
Ардын намын хөл
Арванзургаан жилийн тэртээх орон нутгийн сонгуульд ялсан дурсамжаараа Ардын намынхан ид амьсгалж байна. Түүх давтагдаасай гэж залбирч байгаа нь ч гарцаагүй. УИХ-ын 1996 оны сонгуулиас хоёр сарын дараа болсон орон нутгийн сонгуулийн ялалт харин энэ удаа Ө.Энхтүвшин даргад эргэж ирэх эсэх нь улс төр сонирхогчдын дунд хамгийн том хонжвортой таавар боллоо. МАН “Ард түмнээсээ сонго ё” гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцоно. Ард түмнийг орон нутгийн сонгуульд илүү идэвхтэй оролцуулахаар татан дуудсан өнгө аяс урианаас нь илэрхий сонсогдож байгаа юм. МАН нэр дэвшигчдээ жирийн иргэдээс нууц санал хураалтаар сонгож байгаа гэсэн мэдээлэл тараасан боловч энэ нь худлаа л даа. Миний бие Баянзүрх дүүргийн иргэн. Дуучин Хаянааг нэр дэвшүүлэхийнхээ өмнө надад болон манай гэр бүлийнхэнд ч нууцаар санал авах гэж хандаагүй л юмдаг. Тэгээд ч “нууц санал” гэж юу байдаг нь ойлгомжгүй. Тэрхүү нууцаар гарч ирсэн этгээдүүд МАН-ыг ялагдуулж ч болно шүү дээ.
МАН орон нутаг дахь “хөлнүүддээ” маш их найдлага тавьж байгаа. Тус нам 200 гаруй мянган гишүүнтэй гэх агаад чухам эдгээр гиш үүнийхээ дэмжлэгээр хөл, гар хийж орон нутгийн эрх мэдлийг авна гэж тооцож буй хэрэг. Гэвч МАН-ын орон нутаг дахь үүрүүд буюу анхан шатны байгууллагуудыг “амьдруулж” байсан ахмад гишүүдийн олонх нь МАХН-д зүтгэх болсон сураг бий. МАНын удирдлагууд эрх барьсан он жилүүддээ Засгийн газраа л тордоод байснаас биш үүрүүдийн байраа мартаж орхисны горыг энэ сонгуулиар амсаж мэдэх юм. Орон нутгийн засаг захиргааг алдчихалг үй үлдэж гэмээнэ, МАН-ын хувьд дөрвөн жилийн дараах Парламентын сонгуулийг өөдрөгөөр төсөөлж чадна. Үгүй бол...
Хувьсгалт намын толгой
МАН-ын “хөл” байсан идэвхтэй гишүүд, ахмад настнууд үүртэйгээ хамт МАХН-д шилжээд ирсэн гэдэгт Хувьсгалт намынхан итгэлтэй байдаг. Тэд УИХ, Засгийн газарт суудалтай учраас толгойтой, басхүү орон нутагт дэмжлэгтэй учраас хөлтэй болчихсон хэрэг. МАХН хөлтэй гэхээсээ толгойтой нам болов уу. Монголын улс төрд хүчирхэг лидер гэдгээ шоронд орсон хойноо ч нотлохоор эрсэлж буй Н.Энхбаяр МАХНыг томоос том толгойтой хүчин болгож чаддаг билээ.
МАХН-ын рейтинг хотыг бодвол хөдөөгүүр өндөр байдаг ч тэд орон нутгийн сонгуульд УИХ-ынхаас илүү санал авах боломж харагдахг үй байгаа юм. Өмнө нь Засгийн газрыг шүүмжилж, албан тушаалтнуудын эсрэг үг яриагаараа олны анхаарлыг татдаг байсан МАХН одоо өөрөө Засгийн газарт ажилладаг болсон нь тодорхой хэмжээгээр саналд нөлөөл өх магадлалтай. Түүнчлэн Н.Энхбаяр ял эдэлж эхэлсэн, хүмүүс түүнд сонсгосон ялыг тэгтлээ эсэргүүцэхгүй байгаа, ер нь Н.Энхбаяртай холбоотой хэргийн дуулиан намжаад буй, хүү Э.Батшугар нь томоохон албан тушаалд очсон зэрэг явдал нь МАХНын дэмжигчдийн тоо буурахад нөлөөлж ч болох. Орон нутгийн сонгуульд оролцох МАХН-ын хувилбар анхаарал татаж байна. Тэд дийлэнх тойрогт дангаараа оролцох нэрийдлээр МҮАНтай байгуулсан “Шударга ёс” эвслээс тодорхой хэмжээгээр татгалзав. Үүгээрээ УИХ-ын сонгуульд 11 суудал авсан “Шударга ёс” эвслийн амжилтын цорын ганц түлхүүр нь гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр байсныг түнжин хагарсан МҮАН-ын лидер М.Энхсайханд нотлон харуулах зорилготой гэж үзэж байна.
МАХН орон нутгийн сонгуулийн зарим тойрогт ИЗНН-тай “Иргэний шударга ёс” эвсэл, цөөн тойрогт МҮАН-тай “Шударга ёс” эвсэл байгуулан оролцохоо зарласан нь энэ сонгуулийн цочир сонин байлаа. Харин МҮАН-ын хувьд шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан АН-МАХН-МҮАНИЗНН гэсэн хамтралаар орон нутгийн сонгуульд оролцохыг чухалчилж байжээ. Өөрөөр хэлбэл, толгойтой боловч хөлг үй хүчнүүд хот, хөдөөгүй хөлтэйдөө найдаж буй Ардын намыг улс төрийн тавцангаас шахах алхам болох байв.
Хөлтэй ч болоосой
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн нь уг сонгуулийн түүхэн дэх хамгийн олон нам өрсөлдөх рекорд үзүүлэлт юм. Эдгээр өрсөлдөгчийн дотроос ялалт Ардчилсан намд хамгийн ойр байх магадлалтай. Хэдийгээр МАН сонгогчдын санал 1996 оных шиг АН-аас МАХН-руу савлана хэмээн найдаж буй боловч цаг үе өөрчлөгдөж, хүмүүсийн улс төрийн хандлага тогтворжсон гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй.
АН Засгийн газрыг тэрг үүлж байгаа, НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан гээд халаасны оноо МАНынхаас хавьгүй илүү байгаа нь ч орон нутгийн сонгуульд нөлөөлнө. Ялангуяа хотын дарга Э.Бат-Үүл барилгын компаниудын эсрэг “сэлэм” эргүүлэн зогсож байгаа нь энэ салбарын бизнесийн нарийн ширийнийг ухаагүй жирийн иргэдэд хачин шударга, нүдээ олсон арга хэмжээ мэт харагдан, талархал хүлээж байгаа нь гарцаагүй. Гэхдээ АН хөдөөгүүр л хөлгүй болохоос хотын тойрогт доголоод байдаг жижиг гар биш л дээ. Гэтэл МАН-д “сэлэм” алга. Сөрөг хүчнийхээ дүрд орж чадахгүй яваа МАН мөн л АН-д сонгуулийн оноо нэмээд байгаа юм.
АН УИХ-ын сонгуулийн уриагаа дэвшүүлэх болжээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар байгуулсан ялалтаа орон нутагт бататгаж чадаагүй гашуун туршлагаа давтвал АН-ын сүлд дууг “Хөлтэй ч болоосой” гэж нэрлэх юм шүү. Орон нутгийн сонгуульд ялагдвал АН дахиад л доголсоор улс төрийн солгой намтраа үргэлжлүүлнэ гэсэн үг.