Персийн булан хэмээх их далайн хөвөө хэрнээ ангамал цангамал нутагт халуун зунаараа. Далайн зүгээс хааяахан сэр сэр салхилавч +38-40 хэмийн улайсмал агаарыг хөөрөгдөхөөс цаашгүй. Гэтэл намар болж, салхи сэвэлзээд, аятай сайхан цагаар та нар ирлээ гэж тэндхийнхэн саймшрах. Шальвар буюу хар пансан нөмрөгт хүүхнүүд, тишташ буюу цагаан дээлээ намируулсан арабуудад харин таатай байгаа нь илт. Халуун цөлийнхөнд сэрүүн намраар, дөрвөн улирлын нутагтай бидэнд өвлийн хүйтэн айлссан ийм цагаар Кувейтийн нийслэл ЭльКувейт хотноо Азийн хамтын ажиллагааны хэлэлцээ хэмээх Дээд хэмжээний уулзалт боллоо.
Азийн хамтын ажиллагааны хэлэлцээ буюу Asian cooperation dialogue (ACD) хэмээх Ази тивийн улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын түүх уг нь бүр 2002 оноос эхтэй, энэ жил арван жилийн ой нь тохиож буй аж. Өмнөх 10 удаагийн уулзалт дандаа Гадаад хэргийн сайд нарын түвшинд болж байсан бол энэ удаа Саммит буюу Дээд түвшнийх болж, цар далайц нь нэмэгдэж байгаа юм байна. Ираны Махмуд Ахмадинежад, Тажикийн Эмомали Рахмонов, Афганистаны Хамид Карзай нарын Ерөнхийлөгч, Тайландын вант улсын Юнглук Шинаватра, Пакистаны Ража Первез Ашраф нарын Засгийн газрын тэргүүнүүд уг уулзалтад хүрэлцэн ирсэн байв. Зарим орноос хаан, султанууд нь морилон саатлаа. Кувейтийн Эрхэм дээд Эмир Шейх Сабах Ал Ахмад Ал Жабер Ал Сабах уулзалтын үйл ажиллагааг нээж, хааж, гол хөтчийн үүрэг гүйцэтгэнэ лээ.
Анх Тайландын санаачилгаар байгуулагдсан учраас тус улс энэ байгууллагад тодорхойлох байр суурь эзэлдэг нь анзаарагдав. Дээд хэмжээний уулзалтад Тайланд “координатор” гэсэн статустай оролцож, улсынхаа Ерөнхий сайд болоод удаагүй байгаа хатагтай Шинаватра хурлын тэргүүлэгчдийн байранд заларсан харагдсан. Хэд хэдэн орон Гадаад хэргийн сайдаа, Япон, БНСУ гэх мэт улс дэд сайдаа, зарим нь Элчин сайдаа оролцууллаа. Манайхаас Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийням тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Гадаадын 100 орчим, дотоо дын 200 гаруй, нийтдээ 300 шахам сэтгүүлч АХАХ-ний Дээд хэмжээний уулзалтыг сурвалжилж, “Marriott courtyard” зочид буудал, ”Arraya ballroom”-ийн хэвлэлийн төв, “Bayan palace” хааны ордны үүд хаалгыг завсаргүй онголзуулж, шинэ содон мэдээний араас өөдөө сөөргөө гүйлдэн, завсар чөлөөнд нь танилцаж нөхөрлөхийн үүдийг нээсээр хэдэн өдрийг барав.
Гучин нэгэн гишүүн оронтой байснаа энэ удаагийн уулзалтын үеэр Лалын Бүгд Найрамдах Афганистан улсыг эгнээндээ нэгтгэж, нийт 32 гишүүнтэй болоод байгаа нь 50 шахам улс орон ханаа шийрлэж, хаяа хөрш болон суудаг шар тивийн дийлэнх олонх нь энэ байгууллагад нэгджээ гэсэн үг. Манай Монгол Улс 2004 онд гишүүн нь болсон юм байна. АХАХ ахлах албан тушаалтнуудын болон Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Дээд хэмжээний уулзалт гэсэн гурван ч салбараар зохион байгуулагдаж, Мэдэгдэл, Кувейтийн тунхаглал гэсэн хоёр бичиг баримтыг батлан гаргалаа. Нэг тивд оршин суудаг, соёл түүхийн улбаа хэлхээ ойр, ёс заншил дөхүү зэрэг нийтлэг тал олон ч шашин шүтлэг, арьс өнгө, хэл яриа, эдийн засгийн хүчин чадал гэх мэтийн онцлог шинжүүд цөөнгүй Азийн улс орнууд даяаршин буй, тэгсэн хэрнээ ээдрээ донсолгоо байн байн мэдрэгдэж байх болсон дэлхий ертөнцөд хэрхэн хамтарч, яаж бие биенийг нөхөж амьдрах вэ гэдэгт уулзалтын гол агуулга чиглэсэн.

Хамтын ажиллагааны зарчмууд нь иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих, бүх талаар найрсаг аж төрөх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсрол, соёл, техник, технологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, үр шимийг нь хамтдаа хүртэх, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хүрэлцээт хангамж, аюулгүй байдлын баталгааг хангах, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний хамтын ажиллагааг онцгойлон анхаарахдаа сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлах гэх мэтийн дэлхийн улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хамарсан нь мэдээж. Гэхдээ Азийн гэсэн онцлог бас байх бололтой.
Тухайлбал, цаг уурын огцом өөрчлөлтөөс үүдсэн цөлжилтийн эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэх, байгалийн гамшигтай нүүр тулж буй улс орнуудад нэгдсэн бодлогоор тусламжийн гараа сунгах, худалдааны элдэв хоригийг цуцлах, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх санхүүгийн менежментийн тогтолцоо буй болгох, шар тивийн иргэдийн боловсролын чанарт өөрчлөлт гаргах гэх мэт асуудлуудад онцгой анхаарал хандуулна гэдэгт санал нэг байна. АХАХ өнгөрсөн арван жилд ямар нэгэн байнгын байгууллага буюу механизмгүй явж ирснийг өөрчлөх ёстой гэж үзэж, Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зүйтэй гэсэн санал гарсныг сайшаан дэмжлээ. Европын холбооны гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Евро комисс гэж байдагтай адил зохицуулах, уялдуулах үүрэгтэй байнгын ийм байгууллагатай болох нь хамтын ажиллагааны үр дүнд чухал нөлөөтэй биз ээ. Түүнчлэн АХАХ-ний сан байгуулах нь зүйтэй, эхний ээлжинд 2.0 тэрбум ам доллараар санг бүрдүүлье.
Манай улс 300.0 сая ам доллар хандивлая гэсэн уриалгыг Кувейтийн Эрхэм дээд Эмир гаргалаа. Гэхдээ энэ хөрөнгийг Азийн буурай хөгжилтэй буюу хөгжиж буй, араб бус хэлтэй улс орнуудын хөгжлийг дэмжихэд зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж болох юм гэсэн санааг Эрхэм дээд Эмир хэлж байна лээ. Энэ бүхнээс Ази тивд тивийнхээ улс орнуудын хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээнд зохицуулах нэгдсэн нэг байгууллага бий болох шав тавигдаж эхлэв үү дээ гэсэн бодол төрөв. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага- SCO, Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг- ASEAN, Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл- GCC, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага- ECO, Бүс нутгийн хамтын ажиллагааны Өмнөд Азийн холбоо-SAARC гэх мэтийн олон байгууллага Азид бий. Гэхдээ тэдгээр нь бүс нутгийн шинж чанартай бөгөөд Азийг нэлэнхүйд нь хамарсан том байгууллага нь АХАХ буюу ACD болох боломжтой нь хэнд ч тодорхой ажээ.
Европ тивд Европын холбоо гэж бий. Тэнд Европын 27 орон л нэгдсэн байдаг. Тэгвэл манай тивийн 50 орчим орноос 32 нь ACD-д нэгдчихээд байна. Дэлхийн хүн амын 60 хувь нь оршин суудаг хамгийн том Ази тив дэлхийд өөрийн нөлөө, байр сууриа бататган хадгаллаа гэхэд муу нь юу байхав. “Барууны эсрэг, Европын холбоотой харгалдсан байгууллага гарч байгаа юм биш байгаа” гэж мэргэжил нэгт зарим нөхөд маань болгоомжилж байна лээ. Би хувьдаа тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Хамгийн энгийнээр бодоход Европын холбоо гэж байж болоод байхад Азийн холбоо байх нь илүүц биш. Манай тив өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлогийг азиуд өөрсдөө л мэднэ, зохицуулна, хамтарна. Европт хямралын давалгаа хуйлрахад бидний суусан завь далбилзаж байх нь ёс биш.
Харин ч тивээрээ нэгдсэн бодлоготой, салхины нөөлөгт автаад байхааргүй суурь баганатай байх нь Азийн дархлаа болно. Хүн хүчний, эрдэс баялгийн, техник технологийн, мэдлэг ухааны хувьд бусдаас хамаарахгүйгээр аж төрөх боломж нөөц манай тивд хангалттай. БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг, Индонез, Тайланд гэх мэтийн газар нутаг, хүн амын хэмжээгээрээ ч, эдийн засгийн хүчин чадал, буй потенциалаараа ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс орнууд Азид бий. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж буй Катар, Кувейт, байгалийн хий, газрын тосны гайхамшигт нөөцөөрөө гайхуулдаг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират гэх мэт хамгийн баян улсууд бас энд л байгаа. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа улсууд ч Азийнх.
Тэдний дунд Монгол маань байгаа. АХАХ дууссаны дараа буюу 18-19-нд Европын холбооны гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалт Брюссельд болов. Испани, Итали, Их Британи бужигнаж, Грек Европын холбооноос гадуурхагдахдаа хүртэл тулж байсан хурцадмал үеийг бодвол энэ тивд байдал жаахан намжсан. Гэхдээ нөхцөл байдал бүрэн тогтворжсон гэсэн үг биш. Европын холбооны орнуудаас Европын томоохон банкуудад тавьсан өрийн улмаас тус тивийн санхүүгийн байгууллагуудын чадавхи нэн доройтсон, бараг л сэхээнд байгаа. Шинэ бужигнаан, хямрал үүсэхгүй гэсэн баталгаа алга. Их Британи Евро бүсийг орхиж магадгүй гэлцэж байна. Хэрвээ тийм явдал болбол Европын холбоо задрах эхлэл ч тавигдаж магадгүй. Харин Азийнхан одоо л нэгэн дээвэр дор нэгдэж байна. Бусдын алдаанаас тойрч, өөрийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж чадвал АХАХ буюу ACD хол явж, юм дуулгаж мэднэ. Азийн хөгжлийн ирээдүй ч ACD-ээс хамаарч магадгүй нь.