Японы Парламентын гишүүн Мацубара Жинтэй Токио дахь албан өрөөнд нь уулзаж ярилцлаа. Тэрбээр Японы Засгийн газарт Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудал хариуцсан сайдын алба хашиж байсан юм. Тус улсын Засгийн газарт өөрчлөлт орж, түүний албыг Японы шинэ Засгийн газрын Хууль зүйн сайд хавсран гүйцэтгэхээр болжээ.
-БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь авчрах нь танай орны төдийгүй бүс нутгийн, цаашилбал дэлхий дахины асуудал болоод байгаа. Энэ асуудлыг хариуцсан сайдаар ажиллаж байсны хувьд сүүлийн үед нааштай ямар өөрчлөлт гарав?
-Энэ асуудлыг хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтносон улсын бүрэн эрхэд халдсан гэмт хэрэг гэж бид үздэг. Хойд Солонгос япончуудаар тогтохгүй Ливан, Франц, Румын, Итали зэрэг Европын улсаас хүн хулгайлсан нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан. Түүнчлэн БНСУ гээд Зүүн өмнөд Азийн орны иргэдийг ч хулгайлсан юм. БНАСАУ-ын төрийн эрх Ким Жөн Унд шилжсэн, улс төрийн за рим өөрчлөлт гараад байгааг та мэдэж байгаа нь лавтай. Эхнэрээ дагуулан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж яваа шинэ удирдагчийг телевизээр харуулсан нь дэлхий нийтэд шинэ Солонгосын төсөөллийг бий болгох гэсэн санаа байх. Урьд нь тус улс цэрэг армидаа их анхаарал тавьдаг байсан бол сүүлийн үед Засгийн газраасаа шинэ санаачилга гаргахыг шаардах болсон. Энэ бүгд нь тус улсын удирдлага улс орноо хуучин тогтолцоогоороо авч явах боломжгүй болж байгааг ойлгож эхэлснийг гэрчилнэ. Гэхдээ Ким Жөн Унд улс орноо эцгийнхээ адил ганцаараа барьж байх сонирхол бий. Тэрбээр эц гийн хээ тогтоосон системийг өөрчилнө гэвэл өөрийгөө үгүйсгэхэд хүрнэ. Хуучин тогтолцоогоо хадгалсан хэвээрээ хэрнээ өөрчлөгдөж байгаа мэтээр олон улсад харуулах маш хэцүү асуудалтай тулгараад байна.
-Ийм нөхцөлд Хойд Солонгос хулгайлсан иргэдийн асуудлыг шийдэх болов уу?
-Асуудлыг ямар байдлаар шийдэх вэ гэдгээ зөв сонгохгүй бол өөрсдийхөө эрх мэдлийг өөрсдөө үгүйсгэхэд хүрнэ. Тэд энэ асуудлыг Ким Чен Ирийн үед шийдвэрлэсэн гэж үздэг. Гэхдээ хулгайлсан иргэдийг чөлөөлөхөд бэлэн байгаа гэж бид ойлгодог. Маргаантай хоёр асуудал бий. Та бүгд мэдэж байгаа байх аа. БНАСАУ, Японы хол богдох албаны хүмүүсийн уулзалт өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Хэлэлцэж буй асуудлын эхэнд дэлхийн II дайны үед тус улсад амь үрэгдсэн япон цэргүүдийн шарилыг буцаахаар ярьж байна. Хорин мянга орчим цэргийн чандар, шарил бий гэж үздэг. Эдгээрийг авчрах нь Японы хувьд чухал хэдий ч тус улсын тус гай албанд хулгайлагдаад одоо амьд мэнд байгаа иргэдээ эх оронд нь ирүү лэх нь хамгийн гол асуудал. Тиймээс Хойд Солонгостой хийж буй хэлэлцээрийн гол сэдэв нь хулгайлагдсан иргэд байх ёстой гэж бид үздэг. Миний бодлоор тэд хулгайлсан япон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярилцаж байгаа байх аа. Энэ асуудлаар хоёр тал болоод байгаа гэсэн мэдээлэл бий. Нэг хэсэг нь тус улсын Гадаад хэргийн яаманд харьяалагддаг.
Тэд хулгайлсан иргэдийн асуудлыг шийдсэн, одоо чандрыг нь өгөх л үлдсэн гэж тайлбарладаг. Энэ хүмүүс Ким Чен Ирийн баримталж байсан бодлогыг хадгалах зорилготой. Хулгайлсан иргэдийн асуудлыг шийдэхгүй бол Япон, БНАСАУ-ын харилцаа шийдэгдэхгүй гэж нөгөө хэсэг нь үздэг. Надад байгаа мэдээллээр хоёр дахь замыг цэргийн бус удирдлагууд нь дэвшүүлж байгаа юм билээ. Тэднийг бас хоёр хуваан үзэж болно. Эхнийх нь Японоос хулгайлж авчирсан, нэр нь тэр бүр тодорхой болоогүй хүмүүсийг буцаагаад өгчихье. Тэгээд энэ асуудлыг цэглэе гэж үздэг. Нөгөө хэсэг нас барсан гэж мэдэгдсэн Мегуми зэрэг хүнийг Япон руу нь буцаая гэдэг. Хойд Солонгос Японтой гэрээ хэлэлцээр хийж эхлэхдээ “Хулгайлагдсан хүмүүсийн талаар одоо ямар нэг яриа байхгүй. Асуудлыг шийдвэрлэсэн” гэж ярих байх.
2008 онд Япон, БНАСАУ-ын хооронд болсон уулзалтын үеэр тэд хулгайлагдсан болон нас барсан иргэдийн асуудлыг дахин авч үзнэ гэж мэдэгдсэн. Тиймээс Засгийн газрын болон бусад сувгуудаа ашиглан энэ асуудлыг нааштай шийдэх хэрэгтэй бай гаа юм. Хамгийн олзуурхууштай нь бид 2008 онд Ким Чен Иртэй бол сон явдлын талаар ярилцсан. БНАСАУын төрийн тэргүүн байсан энэ хүн манай иргэдийг хулгайлах тушаал өгч байсан гэдэг. Тэгээд хул гайлсан иргэдийн асуудлыг дахин судлахаа амласан. Тус улсын өнөөгийн тэргүүн энэ асуудалтай огт холбоогүй. Тиймээс япон иргэдийг хулгайлсан хэргийг нааштай авч үзэх боломжтой гэж бид үзэж байна. Надад ирж байгаа мэдээллээр Хойд Солонгост хулгайлагдсан олон хүн амьд байгаа. Энэ байдлыг харгалзан Хойд Солонгост хатуу шаардлага тавих нь зүйтэй. Би Засгийн газарт Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байхдаа гурван зүйлийг гол болгосон.
Нэгдүгээрт, хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Япон, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа хэзээ ч тогтохгүй. Энэ асуудлыг Ерөнхий сайд Парламентын хуралдааны үеэр хэлсэн байгаа. Хойд Солонгост хулгайлагдсан хүмүүс ар гэрийнхэнтэйгээ уулзсан тэр үед энэ хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхэн зарим эцэг, эх нь нас барсан. Удах тусам ийм байдал үр гэл жилж, мартагдахад хүрнэ.
Хоёрдугаарт, нас барсан гэж байсан хүмүүс амьд байжээ гээд тэднийг нутаг руу нь буцаавал бид Хойд Солонгосыг худлаа ярьдаг гэж хэзээ ч зэмлэхгүй. Тийм хүмүүсийг манайд өгвөл бид шинэ Солонгос төрж байгаа юм байна гэж талархах болно. Цагт ганцхан машин явдаг Хойд Солонгосын замд Японы хоёр иргэн дайруулж нас барсан гэвэл үнэмшил багатай. Усанд огт сэлдэггүй байсныг ар гэрийнхэн нь баталсаар байхад бүр далайд сэлж яваад живсэн гэж мэдэгдсэн. Мегумигийн чандрыг өглөө гэсэн чинь явуулсан чандраас нь хоёр өөр хүний ДНХ илэрсэн. Энэ бүхнийг бид уучилъя гэж байгаа. Харин одоо нас барсан гэж худал мэдүүлсэн тэр хүмүүсийг эх орон руу нь буцаачих гэж би солонгосчуудад хэлдэг. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх түвшинд хүрсэн гэж үзвэл бид тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлах болно.
Гуравдугаарт, Ерөнхий сайд асан Койзүми 10 жилийн өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзаж, хулгайлагдсан таван иргэнээ авсан. Гэсэн ч манай иргэд энэ явдалд нэг их баярлаагүй. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр Японы Засгийн газар нааштай хандаж буй ч манай ард түмэн хү лээж авахгүй бол бид тус улсын эс рэг авсан хоригийг цуцалж чадах гүй юм байна. Хулгайлагдсан иргэ дийн асуудал бүрэн шийдвэрлэгд сэн гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн зөвшөөрсөн тохиолдолд манай Засгийн газар хүлээж авна.
-БНАСАУ-ын шинэ тэргүүн Ким Жөн Ун цэргийнхнээ түшиж байгаа бол энэ асуудал ойрын үед шийдвэрлэгдэх магадлал бага гэж ойлгож болох уу?
-Тэр цэргийнхнээ түшин ажиллаж байгаа. Ингэхээс ч өөр зам байхгүй. Хэрэв цэргийнхнээсээ татгалзвал түүний өнөөгийн эрх мэдэл ямар ч утгагүй болно. Гэсэн ч ард түмэн гэж хүчирхэг арми тэнд бий. Ким Жөн Ун цаашдаа цэргийн хатуу бодлоготнуудыг өөрийн үгэнд ордог офицеруудаар солих болов уу. Энэ өөрчлөлтийг аажим аажмаар хийх нь гарцаагүй.
-Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон найрсаг харилцаагаа ашиглан энэ асуудалд хэрхэн оролцох боломжтой гэж Та үзэж байна вэ?
-Хойд Солонгостой тогтоосон Монгол Улсын найрсаг харилцаа, Монгол, Японы найрамдалт харилцаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд маш чухал гэж би боддог. 2006 оны наймдугаар сард Улаанбаатарт болсон Хойд Солонгосын дүрвэгсдийн асуудлаарх олон улсын хуралд би оролцож байсан. Монголчуудын дэмж лэгтэйгээр энэ асуудлыг шийдэж болно. Хулгайлагдсан хүмүүсийн олонх нь нас барсан гэж Хойд Солонгосын тал мэдэгддэг ч тэднийг амьд байгаа гэдгийг бид баттай мэдэж байна. Эх сурвалжаа дурдах боломжгүй байна л даа. Одоо хугацаа алдах тусам аюултай. Тиймээс эл асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх хэрэгтэй байна. Хулгайлагдсан яг хэчнээн хүн байгаа вэ гэдэг нь ч маргаантай. Зарим нь 50 хүн гэж байхад судалгааны зарим байгууллагаас гаргасан тоогоор 200 гэж байх жишээтэй. Энэ тоо 400-д хүрэх нь ч бий. Албан бус сувгаар авсан мэдээллээр Хойд Солонгос энэ асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байгаа бололтой. Манай хоёр орон газар зүй, түүхийн хувьд их ойрхон харилцаатай явж ирсэн. Маргаантай байгаа асуудлуудаа яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх нь аль аль талдаа ашигтай.
-Асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд хоригоо чангатгах ч юм уу, эсвэл олон улсын зүгээс ямар нэг шахалт үзүүлэх боломж хэр байдаг юм бол?
-Энэ талаар янз бүрийн санал байдаг. Бид судалж байна, ямар аргаар шахалт үзүүлж болох вэ гэдгийг хэлж чадахгүй нь, та ойлгоно биз дээ.
Д.ЗАЯАБАТ