Нобелийн Энхтайвны шагналыг Норвегийн Нобелийн шагналын хороо өнөө жил Европын холбоо (ЕХ)-нд олголоо. Бүтэн жарны турш амар тайван амьдралын галыг энд нэгэн хэмнэлээр асааж, дайны сүүдэр европчуудын зүрхийг ахин шархлуулахгүйн төлөө тус хамтын нийгэмлэгийн гүйцэтгэсэн үүргийг тэмдэглэн, ийм шийдвэр гаргаж буйгаа зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Нөгөөтэйгүүр өрийн хямралтай нүүр тулсан ЕХ-ны тэмцэлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, нэгдмэл Европыг бутаргахгүйн тулд хийж байгаа хариу нэхсэн алхам гэж ажиглагчид энэ талаар бичиж байна.
Нобелийн хорооны дарга Турбьер Ягланд хэвлэлийн хурал дээр хийсэн мэдэгдэлдээ ялангуяа Европын хамгийн нөлөөтэй гүрэн Франц, Германыг эвлэрүүлэхэд ЕХ-ны гүйцэтгэсэн үүргийг онц лон дурд сан байна. Энэ хоёр улсын сөргөлдөөн нэгэн зуунаар тогтохгүй бөгөөд ну таг дэвсгэр нь урт удаан хугацааны туршид тасаг бусаг ванлигуудаас бүрдэж байсан Герман чухамдаа Францтай дайтах явцад нэгдэх зам мөрдөө орсон байдаг. ЕХ-ны тулгыг тулсан Европын нүүрс, гангийн нэгдэл (ЕНГН) 1952 онд байгуулагдахдаа хэд хэдэн зорилт дэвшүүлсний нэг нь Бонн, Парисийн хооронд урт хугацааны энхтайван тогтоох явдал байжээ. Энхтайвнаар зэрэгцэн оршихын ба тал гаа нь хоёр орны нүүрс, гангийн зах зээлийн интеграц болох учиртай байсан аж. ХБНГУ, Францаас гадна тус байгууллагад тэгэхэд Итали, Бельги, Нидерланд, Люксембург элсэв. Улмаар ЕНГН нь Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Европын атомын эрчим хүчний хамтын нийгэмлэг гэсэн хоёр байгууллагаар бүл нэмлээ. Нэгдмэл нэг удирдлагатай байснаар тэдгээр нь Европын хамтын нийгэмлэг гэсэн нэгэн цул байгууллагын дэвсгэр бол сон аж.
Харин яг Европын холбоо хэмээх айлын бий болсон цаг тоолол 1993 оноос эхэлнэ. Гишүүн орнуудын бодлогыг зохицуулах зарчмыг тогтоож өгсөн Маастрихтын хэлэл цээрийн үндсэн дээр ЕХ мэндэлж, 12 орон элслээ. Тус холбоог өргөтгөн тэлэх ажлын хамгийн сүүлийн үе шат 2007 онд өрнөн, Болгар, Румынийг нэгтгэснээр гишүүн орнуудын тоо 27-д хүрсэн. Хүйтэн дайны үеийн төмөр хөшиг унасны дараа бүс нутагт энхийг дэмжих ЕХ-ны үүрэг нөлөө идэвхжих гарц нээгдсэн аж. Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (СЭВ)-өөс Болгар, Румын болон хуучин социалист лагерийн Унгар, Польш, Словак, Чех, Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас Латви, Литва, Эстони, Югославын бүрэлдэхүүнд байсан Словен өдгөө Европын холбооны хөх далбааны дор нэгдээд байна. Нобелийн хорооны шийдвэрийг Брюссель, Германд өндөр сэтгэгдэл тэй хүлээн авч, 500 сая хүнтэй Европ гэдэг их айлын бүх гишүүний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг хэмээн үзлээ. Гэвч бүгд ингэж хандсан уу гэвэл, үгүй. Ялангуяа төвөөс зугтах хандлага илүү ажиглагддаг орнуудад шүүмжлэл өрнөв.
Европын холбоотой тогтоосон харилцаагаа эргэж харъя хэмээсэн яриа байнга дуулддаг Их Британийн Парламентын хэсэг гишүүн Нобелийн хорооныхны шийдвэрт янзгүй хандав. Тус вант улсын хувьд Европын холбооноос хамааралтай байх, түүний дотор ядмаг орнуудын өмнөөс ачаа үүрэх сонирхолгүй байдаг. Тиймээс ч гишүүнчлэлээ хадгалж үлдэх хэрэг байна уу, үгүй юү гэдгийг олон нийтийн санал хураалтаар шийдье гэсэн уриа дуудлага энд хөвсөлзөөд эхэлчихсэн. Өрийн торонд зайгүй хэрүүлснээсээ болоод бүрмөсөн дампуурч, Евро бүсээс хасагдахын ирмэгт тулаад буй Грект Нобелийн хорооны шагналыг шударга бус хэмээн тодорхойлох хүн цөөнгүй гарлаа. Грект санхүүгийн тусламж үзүүлэх сэдвээр тус улсын Засгийн газар тивийн төв бүтцүүд болох Евро комисс, Европын Төвбанктай ярилцахад хүрч байгаа нь Брюссельтэй муудалцах нэг үндэслэл болсон. Чухам эдний шаардлагаар авсан эдийн засгийн тусгай арга хэмжээний “ачаар” Грект нийгэм, эдийн засгийн байдал эрс дордож, грекүүд ч үүний хариуцлагыг Европын гол донор орон Германы Канцлер А.Меркельд тохож буй.
Нэгдмэл Европын бүрэн бүтэн байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн орон Грекээр дуусахгүй. Испани, Итали, Португалд уршиг дагавар нь далайцтай байж мэдэх хямралын сүүдэр нэгэнт хүүшлээд эхэлсэн. Тиймээс энэ цаг дор эдийн засгийн асуудлыг зохицуулах шинэ механизм Европт шаардлагатай боллоо. ЕХ-ны хувьд нэг их сайн гэж хэлэхээргүй цаг үед Энхтайвны шагнал хүртээснийг ноён Ягланд өөрөө ч хүлээн зөвш өөрчээ. Цаг үе нь тэгж таарсан ч олсон амжилтаа хадгалахад европчууд одоо бүх хүчээ дайчлах ёстой гэдгийн сануулга болж байгаа аж. Европт хагарлын үүд нээгдвэл шашны хэт даврах болон үндсэрхэг үзлийн үрийг соёолуулна гэдэгт Нобелийн хорооныхон эргэлзэхгүй байна.
НҮДЭЭ ОЛООГҮЙ ШАГНАЛ
Нобелийн Энхтайвны шагнал нүдээ олсонгүй гэх шүүмжлэл өмнө нь ч нэг бус удаа гарч байв. Норвегийн хуульч Фредрик Хеффермель 2007 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Альберт Гор болон Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэгт дээрх шагнал гардуулсныг буруу шийдвэр гэж шүүмжлэн, шалгаруулалтыг хэрхэн хийдэг талаар мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардаж байв. Альфред Нобелийн 1895 оны гэрээслэлд заасан тэрхүү ололт амжилтаас огт өөр зүйлийн төлөөнөө Энхтайвны шагналыг өгч байна гэж хуульч үзсэн юм. Гэрээслэлд бичсэнээр бол, үндэстний нэгдэл нягтралыг хангах, оршин тогтнож буй армийн бие бүрэлдэхүүний тоог цөөлөх буюу татан буулгахад бусдаас илүү бодит хувь нэмэр оруулсан, энхийн уулзалт зохион байгуулахад нөлөө үзүүлсэн хүнд Энхтайвны шагнал олгох ёстой ажээ. Чухам эл шалгуураар авч үзэх юм бол 1945 оноос эхлэн тодруулсан олон шагнал эзнээ олоогүй байна. Хүний эрхийг хамгаалагч, экологч, хүмүүнлэгийн ажилтанд бус, арми зэвсэглэлийг хорогдуулах, энхийг дэлгэрүүлэх үйлсэд бодитой түлхэц үзүүлсэн нэгэнд шагнал очих нь зүйд нийцнэ хэмээн Хеффермель тайлбарласан. Тэрбээр энэ талаар “Нобелийн жинхэнэ хүсч байсан Энхтайвны шагнал” нэртэй ном ч бичжээ.
Хятадын хүний эрхийн хамгаалагч, тэрс үзэлтэн Лю Сяобод 2010 онд Энхтайвны шагнал олгосон нь дээрхийн нэг жишээ болох нь. Төр эргүүлэх оролдлогын улмаас өөрийн улсын хуулиар ял эдэлж байсан энэ хүн уг нь “үндэстнийг нягтруулах” шаардлагыг яавч хангахгүй мэт. 2009 оны Энхтайвны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад олгосон. Шагнал гардуулах тэр үед Обама Ерөнхийлөгчөөр ажиллаад жил ч болоогүй, шинэхэн орсон албаа дөнгөн данган төвхнүүлээд байсан цаг. Нобелийн хорооны тодорхойлсноор, “олон улсын дипломат харилцаа, ард түмний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гаргасан хүчин чармайлт”- ынх нь төлөө шагнал хүртээсэн аж. Харин Обамад тухайн цаг мөчид энэ талаар гавьтай хийсэн зүйл үгүй байсан гэж шинжээчид бичиж байв. Тиймдээ ч өөрөө шагнал авах болсондоо гайхснаа нуугаагүй биз.
1994 онд Израилийн Ерөнхий сайд асан Ицхак Рабин, түүний өмнө хийгээд дараа нь Засаг тэргүүлж явсан Шимон Перес, Палестинийн лидер Ясир Арафат нарт дээрх шагналаа олгосны дараа Нобелийн хороо шүүмжлэлийн бай болсон. Олон хүний террорист гэж үздэг Арафатад гар сунгасан нь олны нүдийг орой дээр гаргасан бөгөөд шагнал биш, ялын тогтоол уншуулах ёстой хүн гэлцэн шуугиж байжээ. 1978 онд Израилийн бас нэг Ерөнхий сайдад Энхтайвны шагнал олгосон нь нэг хэсгийнх нь таалалд нийцээгүй. Менахем Бенинийг Германы Канцлер асан Конрад Аденауэрийн аминд халдах оролдлогыг зохион байгуулагч гэж үздэг байна. М.Бенинтэй хамт шагнуулсан Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат Израильтай дайн дэгдээж байсан улстөрч. Байндаа тусаагүй бас нэг шагналтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерийн нэр холбогддог байна
.1973 оны шагналыг Х.Киссинжер, Вьетнамын улстөрч Ле Дык Тхо нарт олгох болсон нь тэдний хийсэн нууц хэлэлцээрийн дүнд Вьетнамын дайныг дуусгах тохиролцоонд хүрсэнтэй хол богджээ. Гэтэл хоёр улстөрчийн гарын үсэг зурсан Парисийн гал зогсоох хэлэлцээрийн заалт бүрэн хэрэгжээгүйн дээр шагналтны нэрийг зарлах цаг мөчид байлдааны ажиллагаа үргэлжилсэн хэвээр байж. Вьетнамын хувьсгалч, генерал Ле Дык Тхо нөхцөл байдлыг ойлгож шагналаасаа өөрөө татгалзсан юм. Тэгвэл 1901 онд Энхтайвны шагналын анхныхыг Швейцарийн иргэн, олон улсын Улаан загалмайн хороог үндэслэгч Хенри Дунантад олгосон. Харин Швейцарьт төвтэй тус байгууллага нь энхийг сахиулах ажиллагаа явуулдаггүй.
Х.ЭНХ