Улсын Дээд шүүх өнөөдрийн байдлаар 22 намыг бүртгэжээ. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Монгол консерватив хэмээх нам мэндэлсэн юм. Ийм олон нам цаасан дээр бүртгэлтэй атал сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж буй орон нутгийн сонгуульд ердөө зургаан нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлжээ. Зургаан нам нь давхардсан тоогоор шүү дээ. МАХН, ИЗНН, МҮАН-ынхан зарим газар эвсэж, салж оролцох юм. Уг сонгуульд 19 мянга гаруй хүн өрсөлдөхөөр болсон нь өмнө байгаагүй их тоо. 2008 онд 16 мянга гаруй нэр дэвшигч орон нутгийн сонгуульд өрсөлдөж байсан юм билээ. Гэхдээ тэднийг сойсон намын тоо өнөөдрийнхөөс олон байв. Өрсөлдөгчийн тоо нэмэгдсэн ч намынх нь тоо буурсан сонгууль болно гэсэн үг. Хэдхэн сарын өмнө болсон УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Тэднээс МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН УИХ-д гуравдагч хүчний байр суурийг төлөөлж сонгогдсон. Тэгвэл одоо Парламентад суудалгүй намуудаас ганцхан Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам л орон нутгийн сонгуульд хүч сорьж байгаа юм. Бусад нь хааччихав, орон нутаг хэмээх “вант улс”-ыг яагаад тэд сонирхдоггүй билээ гэсэн асуулт гарч байна.
Дөрвөн жилд нэг удаа амь ордог намууд Монголд бий. Эсвэл зүгээр л цаасан дээр бүртгэлтэй, бэлгэдлийн төдий нам ч байдаг. УИХ-ын сонгуульд АН, МАН, ИЗНН, Хөгжлийн хөтөлбөр, ЭЧХН, МУНН, МНН, МАХН ба МҮАН-ын “Шударга ёс”, БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” эвсэл, мөн МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, ИХН-ынхан өрсөлдсөн. Ер ньУИХ-д суудалтай намуудаас бусад нь сонгууль дөхөхөөр сураг нь гардаг гэж ойлгоход гэмгүй. Уг нь Эх орон, БНН өмнө нь УИХ-д төлөөлөлтэй байж, төр түшилцэж үзсэн намууд. Гэвч 2008 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш сураг ажиг нь тасраад зөвхөн сонгуулийн үеэр гарч ирсэн билээ. Үүний адил жигд, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа ч намынхаа бодлогыг төрийнх болгох гол зорилгоо ухамсарлан дөрвөн жилд нэг удаа сэрдэг. Гэхдээ зөвхөн хууль тогтоох байгуул лага хэмээх том байг л онилдог том тоглогч юм уу гэхээр мэдээж үгүй.
Парламентад суудалгүй намуудаас зөвхөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам бусад “найзаа” төлөөлж орон нутгийн сонгуульд хүч үзэж байгаа юм. Шалтгааныг өөрсдөөс нь асуув.
Л.Жаргалсайхан (МУНН-ын Тамгын газрын дарга): -2008 оны орон нутгийн сонгуульд манай нам оролцож, 60 орчим хүн сойж байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн үр дүн тодорхой, санал тоолох машины программыг хүссэнээрээ өөрчилчих боломжтой. Тиймээс манайх тодорхой сонгуульд оролцох шаардлагагүй гэж үзсэн.
И.Эрдэнэбаатар (Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга): -Манай нам сонгуульд оролцож байгаа гэж ойлгож болно. Бид орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч байгаа. Гэхдээ ямар хувилбараар сонгуульд оролцохоо шийдэх эрхийг нь орон нутгийн намын хорооддоо олгосон. Тиймээс манай орон нутгийн намын хорооныхон зарим аймагт МАН, заримд нь АН болон бусад улс төрийн хүчинтэй хамтарч байна. Албан бусаар эвсээд хоорондоо ярьж, Эх орон намын гишүүдэд тодорхой квот олгосон, манайхаас нэр дэвшиж байгаа гэсэн үг. Нөгөө талаар улс төрийн шалтгаанаар манай намыг бүртгээгүй тохиолдол гарсан. Тухайлбал, Хөвсгөл аймгийн намын хороо хуралдаад тогтоолоо Сонгуулийн тойргийн хороонд хүргүүлтэл “Тамга дараагүй” гэсэн шалтгаанаар хассан. Энэ талаар бид СЕХ-нд гомдол гаргасан ч тус болоогүй. (Аймаг, дүүргийн түвшинд Эх орон нам оролцоогүй ч сумын ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй, бүртгүүлсэн болохыг СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч ярилаа) Энэ сарын 2-ны дотор намууд орон нутгийн сонгуульд оролцох тухай материалаа хүргүүлж, 4-нийг дуустал бүртгэхээр хуульд заажээ.
Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцох намуудыг аль хэдийнэ бүртгэж, нэр дэвшигчид нь тодорчихсон. Гэтэл Хамуг Монгол хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаяр намаа сонгуульд оролцож байгаа хэмээн бодсоор яваа аж. Түүнээс нам нь яагаад сонгуульд оролцоогүйг асуухад “Манай нам оролцож байгаа шүү дээ, бүртгүүлчихсэн” гэсэн юм. Харин СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэв. ХМХН материалаа илгээсэн ч шаардлага хангаагүй хасагдсан бололтой. Гуравдагчид дотроо арай туршлагатай, амжилт төдийлэн үзүүлээгүй ч олон сонгуульд оролцсон намын төлөөллөөс байр суурийг нь сонсоход ийм хариулт өгч байна. Бусад нь уламжлалаа дагаж, 2016 он хүртэл ичээндээ орчихжээ.
С.ТУУЛ