Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг хураав. УИХ-ын бүх байнгын хороо хэлэлцүүлэг хийж, гаргасан саналыг нь Төсвийн байнгын хороо нэгтгэн хурааж, цэгцэлдэг юм. Тус Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг ахлагч нар нь уншиж танилцуулав. АНынхан хөрөнгө оруулалтын жагсаалтад давхацсан обьект болон С.Ганбаатар нарын шүүмжлээд байсан цацраг идэвхит бодис ашиглахтай холбоотой заалтыг хасах саналыг гаргажээ. Мөн Засгийн газраас гаргах таван тэрбум төгрөгийн бондыг нийгмийн хавтгайрсан халамж, төсвийн зарлага нөх өхөд биш, илүү оновчтой зүйлд зарцуулах ёстой гэж үзсэнийг Д.Эрдэнэбат дарга нь танилцуулав. Юунд хөрөнгө оруулах талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж, таван жилээр төлөвлөдөг байх ёстой гэж тэд үзэж байна. “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас өргөн барьсан төслийн гол үзүүлэлтийг алдагдуулахг үйгээр төсөв батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ талаар Н.Батцэрэг гишүүн “Өмнөх жилүүдэд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын ихэнх хувийг нийгмийн халамжийн салбарт зарцуулдаг жишиг энэ онд ч хадгалагдсан байна” гэсэн юм.
Ингээд Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтыг нэмэх, хасахаар нь ангилан хураав. Төв банкны ногдол ашгаас төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбум, төрийн болон төрийн өмчит байгууллагаас төвлөрүүлэх орлогыг 3.5 тэрбум, гаалийн болон НӨАТаас 10.8 тэрбум төгрөгийг тус тус нэмж төвлөрүүлэх Ажлын хэсгийн саналыг гишүүд дэмжсэн. Харин Засгийн газар орлого нэмэх зорилгоор төсвийн төсөлтэй хамт өргөн барьсан хоёр ч хуулийн төсл өө татсантай холбоотойгоор 19.8 тэрбум төгрөгийн орлогыг хасаж байгаа аж. МАНынхны зүгээс шүүмжлэл өрнүүлсний дүнд багш нарт нэг удаа тэтгэмж олгоход зориулан ирэх оны төсөвт 10.9 тэрбум төгрөг тусгахаар болсон нь дэмжлэг хүлээсэн. Орон нутгийн багш нарын тэтгэлэгт зориулж 2.5 тэрбум, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшуулалд 16.3 тэрбум, “Эх орон-36” төсөл хэрэгжүүлэхэд 236 сая, байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан Гадаад харилцааны сайдын багцад 2.5 тэрбум, гэмт хэргийн хохирогчдод нөхөн олговор олгоход 136.2 сая төгр өг тус тус нэмж гаргахаар гишүүд дэмжлээ.
Мөн багагүй хөрөнгө оруулалтыг хасаж, цөөнгүйг нэмжээ. ХААИС-ийн хоёрдугаар байрыг барихад 900 сая, Берлинд ЭСЯ-ны барилга худалдаж авахад 1.5 тэрбум, ГХЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөг шинэчлэхэд 1.6 тэрбум гэх мэтээр нийтэд хамааралтай хөрөнгө оруулалтын зардал байсан. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөд өө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн барилгад 890 сая, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын барилга барихад 500 сая, Ховдод цахилгаан дамжуулах агаарын шугам хийхэд 1.7 тэрбум, Завханы Улиастайд Ахуй үйлчилгээний төв барихад 840 сая гэх мэтээр орон нутаг руу чиглэж хөрөнгө нэмэх санал ч олон байлаа. Мөн хөрөнгө оруулалтаас хасах саналыг хураахаас өмнө төсвийн тэнцлээр санал хурааж, тоо, судалгааг нь нэг мөр болгосон. Үүний дараа Оюутны хотхоны дэд бүтцэд зарцуулах байсан 10.4 тэрбум, Өмнөговьд барих төрийн албан хаагчдын орон сууцны 1.5 тэрбум төгрөг зэргээр хасав. Завхан аймгийн наадмын талбайг 4.2 тэрбум төгрөгөөр засах санал оруулсан байсныг Ажлын хэсэг хасах жагсаалтад оруулжээ. Я.Санжмятав гишүүн үүнийг сонсоод ихэд сандарлаа. Үүнээс болж хэсэг маргаан үүсэв.
Я.Санжмятав: -Завханы стадион 1962 онд баригдсан, одоо тал нь бараг нурчихсан. Ирэх онд аймгийн 90 жилийн ой болно, тиймээс стадионыг засаж, яваандаа байнгын үйл ажиллагаа явуулах бизнес төв болгохоор төлөвлөн зураг төслийг нь хийчихсэн юм. Ирэх жил энэ талбайд 2222 морин хуурч тоглуулахаар бэлтгэлдээ орчихсон. Жуулчдыг татах тоглолт. Тиймээс энэ зардлыг битгий хасаач.
Ц.Даваасүрэн: -Төсвийн тэнцлийг баталсны дараа ийм санал гаргах боломжгүй. Бүх тооцоо задарч, дахиад хоёрдугаар хэлэлцүүлэг хийхэд хүрнэ шүү дээ.
Д.Эрдэнэбат: -Завхан аймгийн наадмын талбайг яахаараа 4.2 тэрбум төгрөгөөр засдаг юм бэ. Нэг талбай засахад хэтэрхий их мөнгө төсөвлөсөн учраас Ажлын хэсэг дээр хассан юм. Завханд наадмын талбай хэрэггүй гээгүй, бодит зардлаас их мөнгө төсөвлөсөн байна. Ийм жишиг тогтоож болохгүй.
Я.Санжмятав: -Төсөвт тусчихсан санал шүү дээ. Тэгээд ч зөвхөн наадмын талбай биш, үйлчилгээний төв болгох гээд байгаа юм. Ажлын хэсэг энэ саналыг унагахын тулд л “наадмын талбай” гэж нэрлэж оруулсан байна. Ингэж хэсэг мэтгээд санал хураахад Д.Оюунхорол, Я.Санжмятав гэсэн Завханы гишүүдийн санал “босов”. Ингээд нэгэнт тооцоо, судалгаагаа хийчихсэн төсвийн төслийг задлах хэрэг гарч бөөн асуудал үүслээ.
Д.Эрдэнэбат: -Нэг аймгийн наадмын талбайгаас болж Монгол Улсын төсөв унавал ичгэвтэр юм болно шүү. Энэ маягаар бол төсөв дахин задарч, унасан олон саналыг гишүүд барьцаж “босгох” гэнэ. Уг саналыг хассан чигээр нь яваад дараа нь наадмын талбайн асуудлыг чинь бодит тооцоотойгоор хэлэлцэж болно.
Д.Оюунхорол: -Нэгэнт гишүүд хасах шаардлагагүй гээд үзчихлээ. Одоо Ажлын хэсэг дээр дахиад ярих хэрэгтэй.
Ц.Даваасүрэн: Тэгэхээр төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахиж явуулах болчихоод байна.
Я.Санжмятав: -Д.Эрдэнэбат дарга аа, айлаа. Би саналаа татаж байна. Дараа жил завханчууд ямар ч байсан шинэ стадионд наадмаа тэмдэглэнэ гэж ойлголоо. Монголын төр үүнийг зохицуулах юм байна. Ингээд дахин санал хурааж, Завханы наадмын талбайг засахад 4.2 тэрбум төгрөг тусгасныг хасав.